logo
П.Даш нарын ялыг хэвээр үлдээлээ

П.Даш нарын ялыг хэвээр үлдээлээ

2012/09/15
ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарын гомдлыг Нийслэлийн шүүхэд өчигдөр хэлэлцэж шийдвэрлэсэн. Тус шүүх гаргасан шийдвэрийнхээ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
П.Даш нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн 2011 оны есдүгээр сарын 29-нд Хан-Уул дүүргийн шүүхэд болж, П.Дашид 4.6, Л.Алтангэрэлд 3.6 жилийн хорих ял оногдуулж, ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн юм. Харин П.Даш, Л.Алтангэрэл нар нэр төрөө сэргээлгэх тухай гомдол Нийслэлийн шүүхэд гаргаад байсан юм. Уг гомдлыг хэлэлцэн анхан шатны шүүхэд дахин буцааж, өнгөрсөн долдугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүн, П.Даш, Л.Алтангэрэл нарыг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2 зэрэг заалтыг зөрчсөн гэж үзэн тус бүр таван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3.6 жил хорих ял оногдуулсан. Мөн П.Дашаас 460.036.000 төгрөгийг, Л.Алтангэрэлээс 149.500.000 төгрөгийг тус тус гаргуулж Онцгой байдлын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн шүүх өчигдөр П.Даш, Л.Алтангэрэл нарыг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй байна гэж үзсэн байна. Харин Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад тэдэнд ял шийтгэл оногдуулсан нь буруу гэж үзэн шийтгэх тогтоолын 3, 4 дэхь заалтаас Эрүүгийн хуудлийн 263.2-оор ял шийтгэл оногдуулж, Өршөөл үзүүлсэн хэсгүүдийг хүчингүй болгожээ.
Мөн ялтануудыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон тэдний хувийн байдлуудыг харгалзан үзэж ял эдлэх дэглэмийг жирийн дэглэм болгон хөнгөрүүлж, П.Даш, Л.Алтангэрэл нарын биечлэн эдлэх хорих ялыг болон шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээлээ.
Н.Туяа 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш