logo
Ямар бүтээл зохиогчийн эрхээр ханмгаалагддаг вэ?

Ямар бүтээл зохиогчийн эрхээр ханмгаалагддаг вэ?

2012/09/15
Зохиогчийн эрх гэдэг нь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон утга зохиол, урлагийн бүтээлийг өмчлөх эрх юм. Энэхүү эрхээ хуулиар хамгаалуулах боломжийг хэрхэн эдлэх тухай  танд зөвлөж байна. 

ЯМАР БҮТЭЭЛ ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭР ХАМГААЛАГДДАГ ВЭ
Дараах бүтээлүүд “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх”-ийн хуулиар хамгаалагддаг. Үүнд:
1.Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бүх төрлийн бүтээл, түүнчлэн компьютерийн программ (Утга зохиолын бүтээлүүдэд: тууж, роман, өгүүллэг, гар бичмэл, шүлэг, яруу найраг гэх мэт)
2.Хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл (Хөгжмийн зохиолууд, дууны үг гэх мэт)
3.Дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл (уран зураг, гар зураг, сийлбэр, баримал, хэвлэмэл зураг, шог зураг, калиграф буюу цэвэр бичлэг, тайз чимэглэл, гар урлалын бүтээлүүд гэх мэт)
4.Чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүтээл
5. Архитектурын бүтээл, уран баримал, уран барилга (уран барилгын зохиомж, барилга байгууламж гэх мэт)
6. Бүжгийн урлагийн бүх төрлийн бүтээл, уран нугаралт, пантомим (бүжиг дэглэлт /балет буюу орчин үеийн бүжиг, пантомимо/)
7. Жүжиг, хөгжимт жүжиг, тайзны урлагийн бүх төрлийн бүтээл
8. Гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл
9. Дуу авиа бүхий дүрст бүтээл (уран сайхны баримтат, сургалтын, хүүхэлдэйн кино гэх мэт)
10. Үүсмэл бүтээл (өмнө бүтээгдсэн бүтээлд тулгуурлаж түүнийг оюуны бүтээлч хүч хөдөлмөрөөр засварлах, найруулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхтгэх болох бусад хэлбэрээр өөрчилж шинээр бий болгосон бүтээл)
11.Материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөринй бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн мэдээллийн сангийн бусад эмхтгэлүүд

ЯМАР БҮТЭЭЛ ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭР ҮЛ ХАМГААЛАГДАХ ВЭ
Албан ёсны баримт бичиг
Албан ёсны баримт бичиг гэдэгт Монгол улсын зохиогчийн эрхийн хууль тогтоомжоор хууль тогтоомж, эрх зүйн акт, захиргааны шийдвэр болон хуулийн этгээд, байгууллагын албан баримт бичиг, шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж болон бусад баримт бичиг, шүүх хуралдаан дээр хэлсэн үг, өмнө дурдсан баримт бичгийн орчуулгууд хамаарна.

Ардын урлагийн бүтээл
Ардын урлагийн бүтээлийн зохиогчид тодорхой бус байдагтай холбогдон тэдгээрийн эд хөрөнгийн бус хувийн эрхийг хангах боломжгүй бөгөөд ардын урлагийн бүтээлийг мөнхийн хэмээн хүлээн зөвшөөрдөг боловч, тэдгээрийн хувьд онцгой эрх үйлчлэх хязгаарлалтын хугацаа өнгөрсөн байдаг. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан ардын урлагийн бүтээлийг өмнөх үеийнхний нийгмийн ололт хэмээн үзэж бүтээлийн утга санаа, зориулалтыг гажуудуулахгүйгээр аливаа этгээд ашиглах боломжтой байдаг.

Төрийн бэлгэдэл ба тэмдэг
Үүнд төрийн бэлгэ тэмдэг, туг, далбаа, шагнал, одон, мөнгөн ба бусад тэмдэг хамаарна.

Санаа, үзэл баримтлал, зарчим
Зохиогчийн эрхийн зүйл нь биежсэн буюу бодит хэлбэрт орсон зүйлд хамаарах бөгөөд харин санаа, үйлдэл, үйл ажиллагааны арга эсхүл математикийн үзэл баримтлал зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй .

Үйл явдал ба үйл баримтын тухай мэдээлэл
Болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй.


ЗОХИОГЧИЙН ЭРХ ЭДЛЭХ ЭТГЭЭД ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ
Монгол улсын хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрх эдлэх этгээдэд шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг бүтээгчид, тэдгээрийн эрх залгамжлагчид буюу хууль болон гэрээгээр энэхүү эрхийг олж авсан эрх эзэмшигчид буюу ажил олгогчид болон бусад этгээд хамаарагдана. Зохиогчийн эрхийн хамгийн чухал субъект бол бүтээлийн зохиогч буюу өөрөөр хэлбэл өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүн байхаас гадна мөн хуулийн этгээд байж болдог. Монгол Улсын иргэн, монгол улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харъяалалгүй хүн, Монгол Улсад бүтээлээ анх нийтэлсэн гадаадын иргэн, монгол улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд монгол улсын иргэний нэгэн адил зохиогчийн эрх эдэлдэг.

ЗОХИОГЧ ЯМАР ЭРХ ЭДЭЛДЭГ ВЭ
Зохиогч нь бүтээлийнхээ хувьд эдийн болон эдийн бус баялгийн эрх эдэлдэг. Зохиогчийн эд хөрөнгийн эрхэд дараах эрх хамаарагдана: 1. Бүтээлийг хуулбарлах, бүтээлийг нийтлэх, бүтээлийг нийтийн хүртээл болгох, бүтээлийг дахин боловсруулах, хөлслүүлэх (түрээсээр ашиглуулах)
Зохиогчийн эд хөрөнгийн бус амины эрхэд дараах эрх хамаарагдана: 1. Бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх, 2. Зохиомол, нууц нэрийг түүний зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох, 3. Бүтээлээ нийтлэх эсхүл бүтээлийг ашиглах тухай бүр нэрээ дурдуулах, 4. Бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох. Зохиогчийн эдийн бус баялгийн эрх нь хугацаагаар хягаарлагддаггүй, зохиогчоос салгаж огт болдоггүй, бас бусдад шилжүүлж болдоггүйгээрээ онцлогтой. Бусад этгээд юуны өмнө өв залгамжлагчдын хувьд тэдгээр нь эдийн бус баялгийн эрхийг хамгаалах эрхийг олж авдаг. Зохиогчийн эдийн бус баялгийн эрх нь хугацаагүйгээр хамгаалагдана.

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ҮЙЛЧЛЭХ ХУГАЦАА
Зохиогчийн эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Дурдсан 50 жилийн хугацааг зохиогчийг нас барснаас хойш дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн тоолно. Үүнээс гадна зохиогч нь бүтээлээ зохиомол, нууц нэрээр буюу нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлсний дараа жилийн 1-р сарын 1-нээс эхлэн 75 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв бүтээлийн зохиогч нь тодорхой болсон тохиолдолд зохиогчийн эрхийн хугацааг зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
Хамтын бүтээлийн зохиогчийн эрх нь зохиогчийн насан туршид болон сүүлчийн зохиогч нас барсны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хамгаалагдна.
Зохиогчийн эрх үйлчлэх хугацаа дууссаны дараа уг бүтээлийг ард түмний баялаг гэж үздэг. Энэ төрлийн бүтээлийг аливаа этгээд зохиогчийн шагнал төлөхгүйгээр, чөлөөтэй ашиглаж болно. Ингэхдээ зохиогч мөн болох, нэрээ дурдуудах, зохиогчийн нэр хүндийг хамгаалах эрхийг сахин биелүүлэх ёстой.

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ
 Зохиогчийн эрхийн үйлчлэх хүрээ нь бүтээлийн объектив хэлбэр ба зохиогчийн иргэний харъяаллаас шалтгаална. Агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн арга түүнчлэн зохиогчийн ба тэдгээрийн эрх эзэмшигчдийн иргэний харъяаллаас үл шалтгаалан Монгол улсын нутаг дэвсгэр дээр ямар нэгэн объектив хэлбэрээр байгаа бүтээлд зохиогчийн эрх хамаарна. Бусад улсын иргэдийн зохиогчийн эрхийг Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу хүлээн зөвшөөрч хамгаална.

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ГЭРЭЭ
Бусад этгээд (бүтээл ашиглагчид) зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах явдал хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд зохиогчийн гэрээнд үндэслэн хэрэгжинэ. Бүтээл ашиглах зохиогчийн эрхийн гэрээ нь бусад өөр гэрээтэй харьцуулахад хувийн болон эд хөрөнгийн эрхийн аль алиныг нь хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байдаг. Энэ нь ашиглагчдын ашиг сонирхолд нийцэж, бусад этгээдэд байхгүй бүтээлийг ашиглах талаар тодорхой эрх олж авч, үүнтэй холбогдуулан бүтээлийг хуулбарлах ба түгээх талаар гаргасан зардлаа нөхөж, ашиг олж авах боложмийг бүрдүүлдэг. Зохиогчийн гэрээг энгийн хэлбэртэй бичгийн гэрээний хэлбэрээр байгуулах ёстой бөгөөд талууд хүсвэл нотариатаар гэрчлүүлж болно. Хэвлэлийн газар гэх мэт бүтээл ашиглагч бусад байгууллагууд хуулийн хэм хэмжээг харгалзан боловсруулсан талууд бөглөж, гарын үсгээ зурах стандартын хэвлэмэл гэрээний загвартай байж болно. Тодорхой гэрээний онцлогоос шалтгаалж “онцгой нөхцөл” хэмээсэн хэсгийн тусгаж болно.

ХАМААРАХ ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасны дагуу зохиогчийн эрхэд “хамаарах эрх” хамаарагдах бөгөөд тоглолтоо хийсэн, нэвтрүүлсэн, тоглолтын анхны бичлэгээ хийсэн, фонограммаа хэвлүүлсэн, дамжуулагчаас нэвтрүүлгээ дамжуулсан уран бүтээлчийн эрхийг хамаарах эрхэд багтааж үздэг. Оюуны бүтээлч шинж бүхий уран бүтээлчийн үйл ажиллагаанаас дуу бичлэг бүтээгч, эфирийн ба кабелийн нэвтрүүлгийн байгууллага нь техникийн шинжтэй үйл ажиллагаа явуулдагаараа ялгаатай байдаг. Одоогийн дагаж мөрдөж байгаа “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх”-ийн тухай Монгол улсын хуулинд зааснаар уран бүтээлчийн хамаарах эрхийг дараах тохиололд хүлээн зөвшөөрөхөөр заасан байдаг:

Монгол улсын нутаг дэвсгэрт тоглолтоо хийсэн, нэвтрүүлсэн, тоглолтын анхны бичлэгээ хийсэн уран бүтээлч;
Монгол улсын нутаг дэвсгэрт анх бичлэг хийсэн, нийтэлсэн фонограммын хувьд түүнийг бүтээгч;
Монгол улсын нутаг дэвсгэрт байрладаг дамжуулагчаас дамжуулсан нэвтрүүлгийн хувьд тус улсын нутаг дэвсгэрт байрладаг радио, телевизийн төв байгууллага;
Монгол улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд.

Хамаарах эрхийн хамгаалалтын хугацаа нь тоглолт болон бичлэг хийгдсэн хугацаанаас хойш 50 жил, фонограмм бүтээгчийн эрхийн хамгаалалтын хугацаа нийтэлснээс хойш, нийтлээгүй бол бичлэг анх хийсэн хугацаанаас хойш 50 жил, радио, телевизийн байгууллагын хамгаалалтын хугацаа уг нэвтрүүлгийн анх нэвтрүүлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-ээс эхлэн 50 жил тус тус байхаар заасан байдаг.

ХАМТЫН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА
Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчдийг төлөөлж тэдний нэрийн өмнөөс, тэднээс олгосон бүрэн эрхийн хүрээнд дараах үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

Бүтээлийг нь ашиглуулах талаар гишүүн зохиогч болон эрх эзэмшигчидтэй гэрээ байгуулах
Бүтээл ашиглах лиценз авсан этгээдтэй шагналын хэмжээ, бусад нөхцөлийг тохиролцох, шагнал авах
Авсан шагналыг зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид хуваарилан олгох
Гишүүн зохиогчийн бүтээлийг хууль бусаар ашигласан тухай мэдээллийн дагуу ОӨГ-т санал тавьж шийдвэрлүүлэх, хуульд заасан арга хэмжээ авахуулах.

Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах талаар дараахь үүрэг хүлээхээр ”Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” Монгол улсын хуулийн 29 дүгээр зүйлд заасан: 1) зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид бүтээл ашигласны шагналыг олгохдоо тухайн бүтээлийг ашигласантай холбоотой мэдээллийг танилцуулах; 2) лицензийн дагуу хураан авсан бүтээл ашигласны төлбөрийг зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид хуваарилан олгох; 3) бүтээл ашигласантай холбогдуулан хураан авсан төлбөрөөс үйл ажиллагааны зардалыг хасч зохиогч, эрх эзэмшигчдэд тогтмол хугацаанд бүтээлийн ашиглалтын хэмжээгээр хувь тэнцүүлэн хуваарилах.
Одоогийн байдлаар “Хөгжмийн зохиолч яруу найрагчдын эрхийг хамгаалах үндэсний нийгэмлэг”, “Хөгжмийн зохиолч яруу найрагчдын эрхийг хамгаалах төв холбоо”, “Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” зэрэг ХУБ Оюуны өмчийн газартай албан ёсоор гэрээ байгуулан хамтарч ажиллаж байна.

ГАДААДЫН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН БҮТЭЭЛИЙГ ХЭРХЭН ХАМГААЛАДАГ ВЭ
Монгол Улс Оюуны өмчийн салбарт нийтдээ 14 гэрээ конвенцид нэгдэн орсон байдгаас Зохиогчийн эрхийн салбарт 4 конвенцид нэгдэн орсон байна. Эдгээр гэрээ, конвенцуудад Монгол улс нэгдэн орсноор гэрээнд нэгдэн орсон бусад улсуудын зохиогчийн эрхийг өөрийн улсын нутаг дэвсгэр дээр хамгаалах үүрэг хүлээхээс гадна өөрийн орны зохиогчдын бүтээлийг гишүүн бусад оронд хамгаалах боломжийг давхар эдэлдэг. Дараах зохиогчийн эрхийн гэрээнүүдэд Монгол улс албан ёсоор нэгдэн орсон байна.
1.Утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц
2.Зохиогчийн эрхийн тухай Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын гэрээ
3.Тоглолт гүйцэтгэгч, Фонограмм бүтээгчдийн эрхийг хамгаалах ДОӨБ-ын гэрээ
4.Худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай TRIPS-ын хэлэлцээр

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ АВАХАД ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ
Зохиогчийн эрхийн асуудлаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг Оюуны өмчийн газар эрхлэн гүйцэтгэдэг бөгөөд эдгээр чиг үүргийн нэг нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн хүсэлтээр зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох үйл ажиллагаа юм.

Хэрэв та бүтээлдээ зохиогчийн эрхийн гэрчилгээ авахыг хүсвэл дараах материалыг бүрдүүлэн Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтэст хандана уу.

Өргөдөл
Бүтээлийн танилцуулга (Бүтээлийн гол агуулга, ач холбогдол, онцлог тал зэргийг тусгасан товч танилцуулга бичнэ.)
Эх бүтээл (Оюуны өмчийн газрын фондонд 2 хувь ном өгнө)
Иргэний үнэмлэх/ Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар
Тодорхойлолт (Бүтээлийг гэрээний дагуу туурвисан, захиалгаар туурвисан, ажил үүргийн дагуу туурвисан бол гэрээ болон бусад холбогдох баримтыг үндэслэн гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэнэ)
Үйлчилгээний хураамж төлсөн баримт 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш