Хэрэглэгчийнхээ картнаас бага сага хэмжээгээр мөнгө нь алга болсон тухай мэдээллийг эдгээр банкныхан олон нийтээс нуухын тулд зарим сайтуудад мөнгө өгч авахуулжээ.
Энэ мэтээр банкууд иргэдийг хохироох явдал гарсаар байгаа бөгөөд кредит картнаас мөнгө алга болох нь энүүхэнд болсон зүйл гэдгийг хэлэх хүмүүс олон байгаа юм.
ХААН банк
ХААН банкны АТМ-аас мөнгө авах тутамд 100 төгрөг автоматаар унадаг. Гэтэл бусад банкуудынх өөрийн банкны картнаас ямар нэгэн шимтгэл авахгүйгээр үйлчилгээгээ үзүүлдэг байх жишээтэй. Олон цонхтой хэр нь ганц, хоёрхон цонхоор үйлчилгээ үзүүлэх, урт дараалал бий болгох гэх хүнд суртлуудыг гаргах нь наад захын үзэгдэл болсон гэлтэй. Тэр ч бүү хэл 2012 оны нэгдүгээр сард ХААН банкны энгийн хэрэглэгчийн картнаас 80 мянган төгрөг алга болж, шүүхэд хүртэл шилжиж байсан удаатай. Тэгэхээр Хаан банкийг хэрэглэгчиддээ халгаатай банк гэж нэрлэхэд нэг их хилсдүүлсэн болохгүй юм. Энэ яахав гэж үзэхэд иргэд банкнаас авсан зээлийн хүү тооцох аргачлалыг тэр бүр мэддэггүйгээс илүү мөнгө төлөх явдал энүүхэнд аж. Монголбанкны ерөнхийлөгчийн 23 тоот тушаалаар батлагдсан “Мөнгөн хадгаламж, зээлийн хүү, үнэт цаасны орлого, хямдруулалтын хувь, хэмжээг бодох аргачлал”-ын 1-р бүлгийн гурав дахь хэсэгт “Хүүг тооцохдоо жилээр бодох учир гэсэн ойлголтыг хугацааны хэмжүүрээр хэрэглэнэ, энэ аргачлалын хувьд 360 хоногоор төлөөлүүлэн тооцно” гэсэн заалт байдаг.
Гэтэл өнөө цагт банкны зээлийн хүүгийн бодох аргачлал банк тус бүрт өөр өөр байгаа бөгөөд арилжааны банкууд зээлийн хүү бодох аргачлалаар иргэдийг хохироосон байдал гарсныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ оны гуравдугаар сард хийсэн шалгалтаараа илрүүлжээ. Харин үүнийгээ олон нийтэд зарлаагүй нуун дарагдуулсан нь учиртай. Тэр дундаа Хаан банк, Чингис хаан банк, Кредит банкууд барьцаат болон бусад бүх төрлийн зээлийн гэрээндээ хүү бодох аргачлалыг 360 биш 365 хоногоор бодсон байгаа нь иргэдээс тав хоногийн хүүний мөнгийг шулсан гэх дүгнэлтийг хийхэд хүргэж байна. Их хэмжээний зээлээс бол тав хоногийн хүүний мөнгө гэдэг нь нэлээд хэдэн ажилтны сарын цалингийн хэмжээтэй тэнцэх хэмжээтэй болох юм. Хаан, Худалдаа хөгжил, Кредит, Капитрон, Чингис хаан зэрэг банкууд хүү бодох аргачлалыг зөрчихөөс гадна хэрэглэгчийн эрхэнд ноцтойгоор халдсан зүйл, заалтуудыг зээлийн гэрээндээ тусгаж, зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн хүүгээ өсгөж бууруулахаа өөрсдөө шийдвэрлэж байсан байх юм. Энэ нь “Банкны тухай”, “Өрсөлдөөний тухай” хуулийг зөрчиж, хэрэглэгчдийнхээ эрхийг уландаа гишгэж байгаагийн тодхон илрэл юм.
Эцэст нь хэлэхэд иргэд, аж ахуйн нэгжүүд арилжааны банкнаас зээл авч тэднийг гуйсан мэт дүр зураг харагдаж байгаа ч үнэн чанартаа банкийг та тэжээж байгаа гэдгээ мартах учиргүй. Иймд та бүхэн банктай байгуулж байгаа зээлийн гэрээтэйгээ сайтар танилцахгүй бол гэрээ байгуулагч талуудад адил тэгш бус, зарим зүйл, заалт нь илт банкуудын ашиг сонирхлыг хамгаалсан, харилцагч болон хэрэглэгчийн эрх ашигт халдсан шинжтэй байгааг хэзээ ч мартаж болохгүй. Харин энэ байдлыг ганц Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт нуун дарагдуулаад өнгөрөх биш хянаж шалгаж ёстой газрууд, аудитынхан хянаж арга хэмжээ авах ёстой биз ээ. Хэрэв ингэхгүй бол Арилжааны банкууд даам гарчихаад иргэдийг өөрсдийнхөө өмнө бөхөлзүүлэх жишиг тогтох нь.
Г.Ертөнц (www.wikimon.mn)