logo
Арилжааны банкууд иргэдийг хэрхэн шулж байна вэ? (Цуврал 2)

Арилжааны банкууд иргэдийг хэрхэн шулж байна вэ? (Цуврал 2)

2012/09/17
Арилжааны банкууд иргэдийн зөвхөн сэтгэл зүй дээр тоглон хэрэгцээт мөнгийг нь өгч байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ үг, үсэг, цэг таслалын зөрүүн дээр ашиг олж байдаг аж. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар жишээ нь тэдний энэ зөрчлүүдийг илрүүлчихсэн хэрнээ олон нийтэд мэдээлээгүй гэдэг нь хамгийн ихээр анхаарал татаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, иргэдийн наад захын мэдэхгүй зүйлүүдийг банкууд өөрсдийн ашиг олохдоо хэрэглэдэг болохыг олон нийтэд зарлахгүй байна гэдэг нь төрийн байгууллагын ажилтны, аж ахуйн нэгжийн үүргээ биелүүлэхгүй байна, эсвэл банкууд өөрсдийн алдаагаа тас нуухыг хүссэн үү гээд олон асуултыг тавихад хүргэж байгаа юм.
Жишээ нь, арилжааны банкууд зээл олгохдоо зээлийн хүүг иргэдээс авдаг. Энэ нь тэдний ашиг. Гэтэл үүнээс тусдаа дахиад
- Зээл олгосны шимтгэл, олгосон зээлийн дүнгээс хамааран 1 хувь
- Зээлийн хугацаа сунгасны шимтгэл 0.8 хувь
- Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсны шимтгэл 0.5 хувь
- Харилцагчийн хүсэлтээр зээлийн болон барьцаа хөрөнгийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны шимтгэл 0.25 хувь
- Зээлийн өргөдлийн хураамж 10-50 мянган төгрөгийн дундажтай байх жишээтэй. Арилжааны банкууд энэ байдлаар бүгд адил төстэй шимтгэлүүдийг авч байгаа бөгөөд үүнийгээ маягт материал, бичиг хэргийн гэх зэрэг нэг удаагийн шинжтэй зүйлүүдийг санхүүжүүлдэг хэмээн тайлбар хийсэн аж. Уул нь бол Банкны тухай хуулиар актив, пассивын удирдлагын хорооны хурлын  шийдвэрийг үндэслэн ийм шийдвэр гаргах ёстой аж.
Банкууд үйл ажиллагаандаа ямар алдаа гаргаж байгаагаас гадна гэрээний нөхцлүүдээр дамжуулан иргэдийн эрхэд ноцтой халдсан зүйлүүд мөн шалгалтын явцад илэрсэн байна.

Худалдаа хөгжлийн банк

Худалдаа хөгжлийн банкны орон сууцны зээлийн гэрээний 6.3.8-д “Барьцаа хөрөнгийн зээлийн хугацаа дуустал жил бүр даатгуулах бөгөөд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний 0.2 хувьтай тэнцэх даатгалын хураамжийг жил бүр даатгагчид төлөх” гэсэн заалт байгаа юм. Энэ нь хэрэглэгчийн эрхэд халдсан ноцтой үйлдэл бөгөөд өнөөдөр бид энгийн нэгэн дэлгүүрээс ороод электрон бараа авахад хүртэл цаанаасаа борлуулагч байгууллага даатгуулсан эд зүйл худалддаг болсон. Гэтэл банк тэртээ тэргүй өөрийн нэр дээр болгож авсан орон сууц, үл хөдлөх хөрөнгө, барьцааг өөр бусдаар даатгуулж хариуцлага үүрүүлж байгаа нь байж боломгүй зүйл юм.

Капитрон банк

Тус банкны орон сууцны зээлийн гэрээний 3.2-т “Гэрээний 3.1.3, 3.1.4 дэх хэсгүүдэд заасан зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээ нь жил тутамд болон банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн үеийн нөхцөл байдалтай уялдан өөрчлөгдөх бөгөөд энэхүү өөрчлөлтийг банкны зүгээс дангаар шийдвэрлэн тогтооно. Энэ тохиолдолд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагагүйг талууд үүгээр хүлээн зөвшөөрөв” гэсэн нь мөн л хэрэглэгчийн эрхэд ноцтой халдсан шинжтэй байгаагаас гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2-т заасан “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасан заалтыг хуулийн хариуцлага хүлээх хэмжээнд маш ноцтойгоор зөрчсөн байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Ер нь хэн бодлоо ч банкуудын олгож байгаа орон сууцны болон хашаа байшингийн гээд олон жилийн хугацаатай зээлүүд нь одоогийн байгаа мөнгөний ханштай уялдуулан олгогдсон. Тэгсэн хэр нь Худалдаа хөгжлийн банк гэх мэт зарим нэг банкууд цаг үеийг харан зээлийн хүүг тухайн үеийнхтэй адилхан өсгөж мөнгө авахаар тооцсон байгаа нь олон жил хүүнээс гадна дахин өндөр ашиг олох далд сонирхол байгааг нь харж болох юм. Энгийн иргэд бол тухайн үедээ зээлээ авч л байвал банкны гэрээнд төдийлөн хяналт хийж уншилгүйгээр гарын үсэг зурдаг. Энэ байдлыг тус банк овжноор ашиглан ийнхүү гэрээний зүйл, заалтаар иргэдийг хохироодог болох нь нотлогдоод байгаа юм.
Үргэлжлэл бий…
Г.Ертөнц (www.wikimon.mn)

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш