Халдлагад өртсөн гэгдэж буй сэтгүүлч Минжин, Болортуяа, зураглаач Ганболд нарын ярьж буйгаар өчигдөр буюу энэ сарын 13-нд Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлаах “BLUE SKY tower”-т “ТV8” телевизийн зураглаач, сэтгүүлч нар сурвалжлага хийх зорилгоор нэвтрэх гэхэд хамгаалалтын албаны хүмүүс хориглож, камерыг нь хураан авч оруулжээ. Тус газар ажилчиддаа цалин хөлсийг тавихгүй байгаад шаардлага тавьсан ажилчид нь телевизэд анхлан хандсан юм байна. Улмаар тус телевизийн сэтгүүлч Минжинг камергүй орсон ч гар утсаараа бичлэг хийсэн гэж Солонгос болон монгол хэлмэрч нь гэх хүмүүс нийлж гар утсыг нь булаан авч, бүлэглэн зодсон аж. Түүгээр барахгүй өрөөндөө саатуулж, боож газарт унагаан биенд нь нэгжлэг хийж, солонгос хүмүүс гар утсаараа бичлэг хийн, хэл амаар доромжлон инээлдэн тохуурхсан байна.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад эрхээ ноцтой зөрчүүлсэн дээрх уран бүтээлчид Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран Хууль зүйн яам, хууль хяналтын байгууллуудад хандан Монголд байгаа хятад, солонгос иргэдийн тоо болон хэд нь оршин суух зөвшөөрөлтэй байгаа талаар мэдээлэл авахыг хүссэн байна.
Болсон үйл явдлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад "Сэтгүүлч, уран бүтээлчдийн эрхэнд халдсан хэргийг цагдаагийн байгууллага анхааралдаа авч, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст чиглэл өгөн шалгаж эхлээд байна. Хэргийг тал бүрээс нь нухацтай, шуурхай шалгаж, арга хэмжээ авна. Хэрэв солонгос иргэд сэтгүүлч зодсон хэрэгт оролцсон байвал Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авна. Шүүх эмнэлэгт үзүүлэх болон гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгах талаар прокурорын байгууллагад танилцуулж шийднэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
Ер нь гадаадын иргэд манай улсын хууль тогтоомжийг хүндэтгэн сахиж байх ёстой. Мөн сэтгүүлч ч бай иргэн ч бай тухайн байгууллагад хандаж, мэдээллийг авахыг хүссэн тохиолдолд харилцан ойлголцсон, хүндэтгэсэн байдалтай харьцахыг зөвлөж байна" гэсэн хариулт өглөө.
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ"