logo
АНУ Иран хоёр байлдвал аль тал нь илүү хохирох вэ

АНУ Иран хоёр байлдвал аль тал нь илүү хохирох вэ

2012/09/17
АНУ-ын чөлөөнд гарсан генерал, тагнуулын агент, дипломат ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг АНУ Ирантай дайтсан тохиолдолд зорилгоо биелүүлж чадах эсэх, аль тал нь илүү хохирол амсахыг тооцоолж илтгэл бичжээ.

Энэхүү илтгэл өчигдөр олон нийтийн хүртээл болсон байна. Дээрх мэргэжилтнүүд “Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгснөөр цөмийн хөтөлбөрийг “тоормоз” гишгүүлж чадна. Гэхдээ бүрэн зогсоож яагаад ч чадахгүй” гэсэн дүгнэлтэд хүрснээ илтгэлдээ оруулжээ.

“Бүх нийтээрээ хүсч буй ашиг сонирхлыг хязгаарлаж хэзээ ч болдоггүй юм” гэж дэслэгч генерал Фрэнк Кирни өгүүлжээ. Илтгэлд “Ираны эсрэг өргөн далайцтай байлдааны ажиллагаа өрнүүлэх нь одоо байгаа дэглэмийг нь сулруулж чадна. Гэхдээ бүрэн сольж яагаад ч чадахгүй. Дайралт цөмийн зэвсэг хийх хугацааг дөрвөн жилээр хойшлуулна, харин иранчууд үүний хариуд дайны үед хэрхэн ажиллах талаар үнэлж баршгүй мэдлэг, дадлага олж авах болно” хэмэн дурьджээ.

Мэргэжилтнүүд уг дүгнэлтийг хийхдээ Америкийн эсрэг үзэл санаа нийт лалын ертөнцөд маш хурдацтай түгэн дэлгэрч байгааг бодолцсон байна. Үүнээс гадна Ираны зэвсэгт хүчний чадварыг бодитой тооцоолоход маш хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрчээ.    

Цөмийн хөтөлбөрийг нь бүрэн зогсоох, дэглэмийг өөрчлөхийн тулд АНУ Ираны газар нутгийн багахан хэсэгт ч болов хяналтаа тогтоох ёстой. Гэтэл Иран бол хүн амын нягтаршилаараа Афганистан, Иракаас хамаагүй илүү учир маш их зэвсэг техник, өөрөөр хэлбэл хөрөнгө шаардах ажил гэж тэд дүгнэсэн байна.

АНУ-ыг НҮБ-д төлөөлж байсан Томас Пикеринг “Энэхүү илтгэл нь Ирантай хийх дайны үр дагавар америкчуудад ямраар тусахыг нэг удаа хөндөөгүй, түүнийг та бүхэн өөрсдөө тунгаах ёстой” хэмээн өгүүлсэн нь мэдээж хэрэг, терроризмтой холбоотой байж таарна. “Партизаны дайн” дайсандаа хамгийн их хохирол учруулдаг гэдэг шиг амиа золиослогчид жирийн америкчуудад халдаад эхэлбэл Ираны биш, АНУ-ын дэглэм ч солигдохоос өөр аргагүй байдалд хүрч болох юм. Чухам үүнээс л эрх баригчид хамгийн их болгоомжилж байгаа аж.

Ираны цөмийн байгууламжид цохилт өгөхийг Израиль улс АНУ-аас шаардсаар байгаа бөгөөд үүнийгээ “Одоо хэлэлцээр хийгээд байх шаардлага байхгүй” гэж тайлбарлаж байгаа юм. Харин АНУ энэ дайнд оройлж орохгүй гэдэг байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгч Б.Обама Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг Вашингтонд айлчлахад нь уулзахаас татгалзсан билээ.  

Х.Батсайхан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш