logo
Ойрхи Дорнодод Америкийг эсргүүцэх эсэргүүцэл нэмэгдлээ

Ойрхи Дорнодод Америкийг эсргүүцэх эсэргүүцэл нэмэгдлээ

2012/09/17
Номлогч Мухаммедыг доромжилсон утгатай Америк кино лалын шашинтнуудын уур эгдүүцлийг хүргээд авсан билээ. Үүнтэй холбоотойгоор Лалын ертөнцөд Америкийг эсэргүүцэх эсэргүүцэл улам нэмэгдээд байна гэхэд болно. Баасан гаригт Суданд барууныхныг эсэргүүцсэн олон мянган иргэд Америк, Англи болон Германы элчин рүү халдсан байна. Үүнтэй адил үйл явдлууд Тунис, Ливан, Пакистан улсуудад ч давтагджээ.
Үүнээс өмнө Ливийн Бенгази хот дахь Америкийн консулын газар луу зэвсэгт этгээдүүд халдах үеэр дөрвөн хүн алагдсаны нэг нь элчин сайд байсан юм. Тэдний цогцсыг эх оронд нь авчирсан байна.
Барууны улсууд Арабын орнуудын эх баригчдад хандан элчин сайдын яамууд руу халдаж байгаа явдлыг нэн даруй зогсоохыг уриалжээ. АНУ Судан руу цэрэг илгээж, Хартум хот дахь элчингээ хамгаалуулахаар болсон байна. Нэгдсэн улсын эрх баригчид Тунис, Суданаас онц чухал бус дипломат ажилтнуудаа болон тэдний гэр бүлийг эх оронд нь буцаах шийдвэр гаргажээ.  Америкийн Төрийн Департментаас гаргасан мэдэгдэлд Тунис улсыг орхин гарахыг иргэддээ сануулсан аж. Үүнтэй зэрэгцээд "AQAP" буюу Арабын Хойг дахь Аль-Кайда бүлэг барууны орнуудын элчингүүд рүү дахин халдахыг уриалсан мэдэгдэл гаргасан байна.
Баасан гаригт Хартум, Тунис, Каир хотуудад Мухаммедыг доромжилсон утгатай киног эсэргүүцсэн иргэд жагсаал хийх үеэр хэд хэдэн хүн амиа алдсан байна. Мөн энэ эмх замбараагүй байдал цаашид ч газар авч магадгүй байгаа юм. Америкт хийгдсэн "Буруугүй Мусульманчууд" киноны трэйлер интернэтэд тавигдсанаас хойш Арабын орнууд дахь Америкийн элчингүүд халдлагын бай болж хувирсан. Учир нь энэхүү мэргэжлийн бус кинонд Мухаммедыг хэсэг бүлэг харгис эрчүүдийг толгойлдог, хүүхэмсэг эр байдлаар гаргажээ. Гэхдээ энэ киног чухам ямар сэдлээр хийсэн нь одоог болтол тодорхойгүй байгаа ажээ.
Э.АМАР

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш