logo
П.Одгэрэл: Заримдаа өөртөө итгэлтэй байдал минь хэтэрчих гээд байдаг

П.Одгэрэл: Заримдаа өөртөө итгэлтэй байдал минь хэтэрчих гээд байдаг

2012/09/17
-“Universe best song” наадам эхлэхээр залуучууд хэсэг үзэх юмтай, ярих ч сонинтой болох юмаа. Хүмүүст хүрч чадаж байгаа гол нууц нь юу гэж боддог вэ?
 - Олон хүний  хүч  хөдөлмөр  нэгдэж чадсан нь  манай нэвтрүүлэг үзэгчдэд  хүрч  байгаагийн  гол нууц. Ер нь UBS телевизийн давуу тал, хүчирхэг чанар нь  хамт олонч, халуун дулаан уур  амьсгалаас үүдэлтэй.  Энэ  нь  уран бүтээл бүрт маань шингэдэг. Хамтран ажилласан хүн бүр энэ л уур амьгалтай хүссэн хүсээгүй нэгдэж  чаддаг.  Учир нь  түүнд нэгдэхгүй байхын аргагүй тийм л хүчтэй  ба эерэг энергитэй.

-Эхний дугаараас нь хөтлөсөн болоод ч  тэр үү, энэ наадмыг хөтлөгч  Гантулга та хоёргүйгээр төсөөлөгдөхгүй байна л даа.  Шоуныхаа нэрийн хуудас болсон гэдэгтэй санал нийлэх үү?
 -Шоу нэвтрүүлгийн нэрийн хуудас болсон олон  хүмүүс  байна. Энэ жил л гэхэд дуучин Б.Амархүү тун ч хүчтэй  орж  ирлээ. Кивигийн Ука ч гэсэн. Эхнээсээ  оролцсон гэж  ярьвал МУГЖ Т.Ариунаа,  МУГЖ Д.Жаргалсайхан  гээд  бас л олон нэрийн хуудас болсон эрхэм хүмүүс  бий. Миний  хувьд эхнээсээ  хөтлөгчөөр ажилласан  нь нэг бодлын аз нөгөө  бодлын сорилт  байсан юм уу.   Оролцогчид  шүүгчдийн өмнө  шалгуулдаг бол  нэвтрүүлгийн шүүгч, ажиглагч, хөтлөгчид   үзэгчдэд шалгуулаад  л сууж  байдаг юм шүү  дээ.

-2009 оноос энэ наадам тасралтгүй явагдаж байгаа. Нэг жилд 700-800 хүүхэд залуучууд ордог гэж бодвол та нилээд олон найзтай болжээ. Залуучуудтай ажиллаж байхад өнөөгийн залуусын өнгө төрх хэрхэн анзаарагддаг вэ?
 Би өөрөө  залуу  хүн болохоор оролцогч залуустай харьцахад илүү амар байдаг.  Надаас дүү  хүүхдүүд, надаас ахимаг, чацуу  гээд ер нь нас насны хүмүүс  оролцдог. Гэхдээ нэг  анзаарагдсан юм гэвэл тэдний  хүсэл мөрөөдөл, тэмүүлэл  яг  адилхан.  Тиймдээ ч  насны  ялгаа  бараг мэдэгдэхгүй дээ.  Яахав хөтлөгч гэдэг үүднээсээ, нэвтрүүлгээ  зохион байгуулаад  бэлтгэдэг  болохоор  илүү хүндлэл мэдрэгддэг.  Залуу  үе маань олон талын авъяастай, аливаад хандах хандлага нь нээлттэй,  хэн нэгнээс хараат бус  өөрийнхөөрөө  байж  чаддаг нь  сайхан санагддаг. Мэдээж  аливаа зүйл сайн муу  хоёр талтай учраас шүүмжлэлтэй зүйл ч ажиглагддаг. Хариуцлага хүлээх  талдаа  сул, хэнэггүй, юманд өнгөц  хандах гэх мэт... 

-Тэмцээнд оролцож байсан залуучуудтайгаа эргээд хэр харьцаатай байдаг вэ? Дотно найз нөхөд болсон тохиолдол байгаа юу?
 Тэдэнтэйгээ үргэлж л холбоотой байдаг. Холбоо тасрах аргагүй  л дээ. Хоёр гуравхан  хүүхэд биш  хорин таван авъяастанг жил бүр тодруулдаг  болохоор  бидний харилцаа холбоо хэзээ  ч үл тасрах  байдлаар  үргэлжилсээр л байна  Найз нөхдийн харилцаа  холбоо,  эгч  дүүгийн  холбоо,  ажил хэргийн холбоо бүгд л байдаг. Бид нэг гэр бүл шиг л байдаг.

-Олон дугаарууд явлаа. Онцолж сэтгэлд тань үлдсэн оролцогч хэн байна?

 Жил жилд л онцлог оролцогчид  байдаг. Өнөөдрийн байдлаар бид 3-р шатаа  амжилттай  хийсэн. 78  авъяастан тодорсон  байгаа.  Тэдний хэн нь шилдэг хорин тавд багтахыг ёстой хэлж мэдэхгүй байна. Мэдээж  хэн авъяастай, азтай одтой, хичээл зүтгэлтэй нь л Гран При шагналын эзэн  болох байх. Энэ жил  миний сонирхолыг татаж байгаа оролцогч гэвэл рок дуугаар  оролцож байгаа Мөнх-Эрдэнэ гээд байгаа, мөн  Улан-Үдээс оролцож байгаа Хань-Хуа гээд эмэгтэй бий. Бас Хип Хоп дуугаар  оролцож байгаа Түвшинтөгс, Тэнгис гэх мэт нэрлээд байвал олон оролцогчид байна.

-Хүнтэй ярилцана гэдэг урлаг бас ухаан.Та ажлын шаардлагаар олон хүнтэй ярилцдаг байх. Таныг харж байхад нөгөө  хүнийхээ сэтгэлийг нь нээж чадаж байгаа санагддаг.
Баярлалаа. Хэн нэгнээс сайхан үнэлгээ  авах таатай мэдрэмж төрүүлдэг шүү. Би хувьдаа ярилцаж  буй хүнийхээ  тухай юу  мэдэхийг хүсч  байна түүндээ л хөтлөгддөг. Мэдээж эфирт гарч  байгаа учраас элдэв төрлийн  хар ярианы үгнээс  аль болох тойрохыг хүсэлгүй яахав. Гэхдээ тухайн хүнээс  илүү  сонирхолтой зүйл олж  сонсохыг  хүсэх үед Одгэрэлээс ямар эмоци  гарахыг  би өөрөө  хэлж мэдэхгүй л байна.  Бүх зүйл  чин сэтгэлээс л гардаг. Заримдаа  хүмүүсийг  яриулахын  тулд, хөгжөөхийн тулд  надаас гарамгүй гэмээр олон төрлийн  үйл хөдлөл, үг яриа ч гарах үе бий.  Учир нь би шоу нэвтрүүлгийн хөтлөгч  хүн.

-Та тэмцээнд түрүүлсэн залуучууддаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Тэр бүр уран бүтээл хийгээд од болон гялалзаад явахгүй байх шиг? Залхуу эсвэл боломжгүй байна уу, авьяастай нь тодрохгүй байна уу?
 Манай оролцогчид  бүгд уран бүтээлээ ямар нэг байдлаар хийгээд л явж байгаа.  Тэр тийм дуу гаргаж гэнээ,  энэ  ийм клип хийжээ гээд л сонсогдож  л байдаг. Адаглаад л  аль гайгүй гэсэн шоу  тоглолт,  шинэ жилийн үдэшлэг дээр манай  оролцогчид, ялагчид л дуулж  харагддаг. Тэгэхээр би  авъяастнуудаа  энэ удаад  өмөөрч байна. Ялангуяа  манай оролцогчид их оюунлиг хүмүүс  байдагт би л  хувьдаа баярладаг. Тэд уран бүтээлээс  гадна ажлын амжилт, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, гэр бүл төлөвлөлтийн  тал дээр тун хариуцлагатай хандаж  байгаа нь надад таалагддаг.  Тэгээд ч одоо яг энэ цаг үед хамтлаг дуучид маань ч өөрсдөө  их нойрмог царайтай хүмүүс  явах болсон. Магадгүй  энэ нь нөлөөлж  байж ч мэдэх юм.

-Facebook, мэссэнжэртээ хэр олон найзтай вэ?
-Надад хоёр төрлийн Facebook хуудас байдаг. Нэг нь хувийн  шинж  чанартай, дотны найзууд, сайн таньдаг хүмүүс.  Гол нь элдэв мэдээлэл  гадагшаа гаргахгүй итгэлтэй хүмүүс бүртгэлтэй байдаг гэж болно. Нөгөө  нь   бүх хүнд нээлттэй. Хаяадаа тоглолтын зураг оруулдаг.

-Нэвтрүүлгээс харж байхад нэг үе бидний дунд нийтлэг  байсан  хэт  даруу бүрэг ичимхий, өөрийгөө илэрхийлж чаддаггүй гээд  олон сул талууд аажмаар багасаж,  залуучууд өөртөө итгэлтэй болж эхэлж байгаа юм шиг санагддаг.
- Яг тийм. Цэвэр ичимтгий монгол  эмэгтэй, хээгүй гүдэсхэн эрчүүд гээд л манайхан ярьж хэлж,  бүр дуулдаг л даа. Гэхдээ  одоо 21-р зуун.  Одоогийн 16 настнуудын  бие физиологийн өсөлт хөгжил,  ертөнцийг үзэх үзэл, харах цонх нь ч  өөр болж  байна. Сонсох хөгжим, ярих сэдэв гээд бүгд өөрчлөгдөж байна.  Дэлхийн  дуу  хөгжим,  хувцас загвар,  мэдээ мэдээллээс тэд хоцрохгүй болсон нь  одоо тэмцээн уралдаандаа   сонгон  дуулж байгаа дуу, өмсч  байгаа  хувцаснаас нь  ч  ажиглагддаг.  Гэхдээ  нэг зүйлээ битгий  мартаж  булшлаасай гэж  үргэлж хүсдэг юм.  Ахмад хүнийг хүндэлдэг, аав ээжээсээ  эмээдэг, аливаад  анхааралтай ханддаг  тэр зан уламжлал  бол Монгол хүний  тархинд  байсан, байх ч ёстой зүйл. Хэт гадны  соёл хөөцөлдөөд байвал бас Монголоо алдаад, хэн ч биш  болох аюултай. Бид эцсийн эцэст монголоороо л үлдэнэ.

-Өнөөгийн залуусын давуу болон сул талууд юу вэ?
- Давуу тал гэвэл дээр хэлсэнчлэн  одоогийн залуус хэлье гэсэн үгээ  хэнд ч хаана ч хэлчихдэг болсон байна. Дургүй бол дургүй гэдгээ  шууд л хэлж  чаддаг болжээ.  Харьцангуй  биеэ  даасан үзэл  бодолтой, хэн нэгнээс хараат бусаар өөрийн шийдвэрийг гаргах гэж тэмцэж  байна. Гэхдээ энэ эргээд сул тал болох магадлалтай. Яагаад гэвэл  эрх чөлөө гээчийг арай л эрт мэдрээд байгаагийн юмуу юу нь зөв, юу  нь буруу  гэдгийг  ялгаж салгах  завдалгүй  урагш  алхаад  байх шиг.  Амьдрал өөрөө  хоёр талтай болохоор энэ тухай  яриад бичээд байвал их л  юм болох юм шиг байна. Би нэг зүйл л хэлэхийг хүсдэг. Аливаад чин сэтгэлээсээ  хандаж сураарай.

-Таны эмзэглэж явдаг зүйл юу байна?
-Эмзэглэх зүйл олон байгаа ч би амьдралыг байгаагаар нь сайхнаар нь хүлээж авахыг хичээх болсон. Хүн цонхоор юу харахыг хүснэ түүнийгээ олж хардаг. Энэ үнэхээр үнэн  юм билээ. Яг энэ цаг үед бодогдож  байгаа  мэдрэмж гэвэл хүн  ганц  олдох  амьдралдаа  сайн муу  бүх зүйлийг хийж  үзэх ёстой юм шиг авирлаж  байна. Энэ надад огтхон ч таалагддаггүй.  Тэрний  оронд яаж  зөв  амьдрах вэ? гэж ядаж нэг удаа    бодож  үзээсэй гэж  хүсч  байна.

-Та нилээд нээлттэй,сэтгэлийн хөдөлгөөнтэй, яриа хүн шиг харагддаг. Бодит амьдрал дээр ямар зан чанартай гэж өөрийгөө тодорхойлох вэ?
- Би амьдрал дээрээ  ч, ажил  дээрээ  ч Одгэрэлээрээ байхыг хичээдэг. Гэхдээ хэн нэгэнтэй яриа өрнүүлэхийг хүсэхгүй бол огтхон ч дуугардаггүй. Хувь хүний  зан  чанар гэвэл уг нь их хаалттай юм шиг.  Гэсэн атлаа  нэг итгэсэн хүндээ  нээлттэй байж  чаддаг.  Мэдээж  ажлын шаардлагаар  олон төрлийн хүнтэй  олон янзын аргаар ярилцаж, сэтгэлийг нь нээхийг хичээдэг.

-Та хөтлөгч Э.Гантулгыг алтан партнёр минь гэж хэлж байсан санагдана. Яагаад тэгж нэрлэх болов, түүний талаар бодлоосоо хуваалцаач? Таны хамгийн дотны найз хэн вэ?
- Би  өөрөө  ч тэгэж хэлээгүй л дээ. Бид хоёрыг чинь  сонин сэтгүүл, сайтууд л тодорхойлчихдог  юм. Гэхдээ  надад таалагдсан  нь Алтан  партнёр гэсэн тодотгол. Үнэндээ  миний ажил миний амьдралын салшгүй хэсэг.  Харин ажлын минь салшгүй  хэсэг Анууш буюу Гантулгатай холбоотой.  Тэгэхээр  Э.Гантулга  миний амьдралд   чухал орон зай эзлэж  байгаа нь үнэн. Би  Ануушийнхаа  хүчээр өдий зэрэгтэй хөтлөгч болсон  байх гэж баярлаж явдаг шүү. Бид хоёр чинь насан туршийн сайн найзууд  гэж өөрсдийгөө  тодорхойлдог  хүмүүс. Их түшигтэй,  чадвартай, бас дээр нь анхаарал халамж  шаарддаг тийм л хүн дээ. Сайн найзууд  гэвэл гарын 10 хуруунд багтах дотны цөөхөн  найзууд минь бий. Бид бие биенээ ойлгож, бие биендээ  тун хүндлэлтэй хандаж  чаддаг.  Энэ бол найз байхын утга учир байх.

-Та биеэ их сайхан авч явдаг. Жингээ барих ч юмуу гоо сайхандаа анхаарах тал дээр цаг зав хэр зарцуулдаг вэ?
Би цагаан хоолтон  болоод 5 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Энэ нь турахын тулд биш л дээ. Гэхдээ  илүүдэл жингийн асуудал надад тулгарч байсангүй нь цагаан хоолтой холбоотой ч юм билүү хэн мэдлээ. Гоо сайхандаа  цаг зарцуулах  зав зай тун хомс. Ихэвчлэн шинэ жилийн  үеэр олон арга хэмжээ  хөтлөөд ядарсан үед гэртээ  маск тавьж  арьсаа  арчилдаг. Гол нь гоо сайхны  бүтээгдэхүүндээ   гар таталгүй сайн  чанрын  бүтээгдэхүүн хэрэглэхэд ээж  минь сургасан. Тиймдээ  ч арьс үс минь надад таалагддаг хэвээрээ.

-Өөртөө сэтгэл хангалуун байдаг уу?
-Өөртөө  таалагдалгүй яахав. Миний эргэн тойронд байдаг хүмүүс сайн мэдэх байхаа. Би чинь өөрийнхөө  улаан фен нь шүү дээ. Надад  ээж  ааваас  өгсөн  эрүүл саруул бие бялдар,  гоо  үзэсгэлэн, бурханаас өгсөн өчүүхэн авъяас, амьдралаас  олж авсан чамгүй туршлага, ухаан  бүгд байгаад би үнэхээр баярладаг. Заримдаа  өөртөө итгэлтэй байдал минь хэтэрчих гээд байдаг юм. Тиймээс  орчноо мэдрээд  үргэлж  өөрийгөө хянаад хэзээ  хаана ямар ааш аяг гаргахаа  тааруулж  явдаг.
-Та имижээ байнга өөрчилдөг шиг санагддаг. Өөрчлөлттэй сонирхолтой амьдрах дуртай гэж ойлгож болох уу?
-Имиж гэдэг зүйлийг яаж  хүлээж  авахаас л өөрийгөө  тодорхойлох гээд байна. Би хувьдаа  дотоод  имижээ  хэзээ ч өөрчлөхгүй байхаа.  Энэ маань эмээтэйгээ  хамт  байсан хүүхэд наснаас  тогтчихсон болохоор одоо хэр нь зангарагатай байх, даруулгатай байх  дадалаа  хаяж  гээж чаддаггүй.  Тэр нь ч дээр биз. Харин гадаад  имиж, хэлбэрдэх тал дээр  ажлын шаардлагаас үүдээд олон янз  болж  хувирах хэрэгтэй  л дээ. Гэсэн ч бас л дотоодоо сонсоод өөрийнхөө  хүссэн сонголтоороо өөрийгөө  илэрхийлдэг.  Ер нь бол миний дотор олон төрлийн Одгэрэл оршиж байдаг болохоор  тэднийхээ  дуу хоолойг эрх тэгш  байдлаар сонсоод  энэ амьдралд инээгээд л алхаж явна даа.

-Хавар болж байна.Охид бүсгүйчүүддээ гоё сайхан харагдах хамгийн энгийн жор байвал хэлж өгөөч.
-Өглөө  бүр сэрээд 5 минутыг инээхэд зориулаарай. Ганцаараа , хэн нэгэнтэй хамаагүй  инээх л чухал. Чанга дуугаар “Ягаан Гажид” шиг инээвэл бүр сайн. Тэгэж чадвал өдөр бүр сайхан  энергиэр дүүрэн байдаг юм билээ. Би саяхнаас  хийж эхлээд үр шимийг  нь хүртээд явж  байна. Энэ нь Ошо гээд  гэгээнтний  бясалгалын   энгийн нэг  арга. Сэтгэл сайхан явахад  хүн бүрийн гоо үзэсгэлэн дотроосоо гэрэлтэнэ.

-Хавар болж буйг та хэрхэн мэдэрдэг вэ?
-Хавар... Их завгүй  болдог. Ажил хийх  урам зориг  сэргээд л...Бас сүүлийн дөрвөн жил  Universe Best Songs  тэмцээнээр  амьсгалаад залуу  сайхан эрч хүч,  бөөн дуу  хуур, аз жаргалаар дүүрэн  өнгөрсөн юм байна. Завгүй явсаар нэг л мэдэхэд зун болсон байдаг.

-Найз залуутай юу?
-Найз залуутай. Би түүндээ  их хайртай.

-Ямар залуу таалагддаг вэ? Тэмцээнд орж байгаа залуучуудаас сэтгэлийг тань их  хөдөлгөж, таалагдаж байсан хүн байгаа юу нууц биш бол ?
-Надад ихэвчлэн дуу цөөтэй, хямсгар  залуус таалагддаг.  Тэмцээн уралдаанд  дандаа  л дуу  шуу  болсон хөгжилтэй хүмүүс  оролцдог шүү дээ. Бид чинь завгүй өдөр хоногийн хажуугаар  тийм зүйл бодох сөхөөгүй л  өнгөрдөг.  Харин өөр орчинд өөр  газар тааралдвал  арай өөрөөр харах боломж  бүрдэх байх.

-Гэр бүлээ хэрхэн төлөвлөж байна? Гэр бүл таны хувьд хэр чухал зүйл вэ? Хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ?
- Би өөрөө  айлын 4 дэх хүүхэд. Одонгийн  охин  шүү дээ. Хоёр эгч, нэг ахтай. Тиймээс 4 хүүхэдтэй болохыг мөрөөдөж   байна. Гэр бүл минь миний амьдралын үнэ цэнэ. Энэ хорвоод ээж аавыгаа  олж  охин нь болж мэндэлсэндээ, эгч ахын хайртай дүү болж  төрсөндөө  үнэхээр баярладаг. Миний гэр бүл цаг ямагт миний  нэрийн хуудас, намайг өндөрт өргөх хүч  байсан. Харин  гэр бүл төлөвлөлтийн тухайд  хэдийнээ  хайртай хүнтэйгээ учирсан болохоор ажлаас гадна амьдралынхаа  бас  нэг хэсгийг өөр хүнд  зориулахад  суралцаж  эхэлж байна. Их орой  суралцаж байгаагаа  мэдэж  байгаа  л даа. Гэхдээ  миний хувьд яг таарсан цаг үе гэж бодож байна.

-Залуу хүний хувьд хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаач? Таны мөрөөдөл?
- Миний мөрөөдөл гэвэл их. Тэр олон мөрөөдөл дундаас эмээ  өвөө шигээ настнуудыг асардаг сувилал юмуу асрамжийн газартай болох.

-Өөрийн тань facebook-ээс харж байхад нилээд олон газраар аяласан байх юм? Сонирхолтой олон зурагнууд байсан. Хэдэн орноор явж үзсэн бэ?
- Телевизийн салбарт ажилладаг болохоор ажлаар  явсан  нь олон бий. Мэдээж урд хөршөөсөө л аялал маань эхэлсэн.
-Хятад, Сингапур, Солонгос, Энэтхэг, Франц, Герман, Америк, Тайланд. Одоо Орос руу явахыг хүсч байна.

-Хамгийн гоё санагдсан орон?

- Бүгд л шинэ содон сайхан байсан. Тэдний дундаас Францын Парис хотруу найз залуутайгаа явахыг хүсч  байна. Нас насны хосууд үнсэлцээд л их сайхан санагдсан шүү. \инээв\

-Цаашид энэ шоугаа үргэлжлүүлэн  хийх сонирхолтой байна уу ? Эсвэл өөр төлөвлөгөө байна уу?  Хувийн телевиз гэдэг ч юмуу бодол байгаа юу?
-Шоу нэвтрүүлэг маань миний амьдрал болжээ. Мэдээж  дараагийн  хөгжилтэй сонирхолтой хөтлөгчдийг бэлтгэх  тал дээр Гантулга бид хоёр  бодох болсон.  Хувийн телевизүүд их болж өрсөлдөөн нэмэгдэж  байгаа нь уран бүтээлч  хүний  хувьд биднийг  цаг үргэлж хурцалж байна. Би  саяхнаас  шоуныхаа хөтлөгч редактораар ажиллахын зэрэгцээ UBS телевизийнхээ  гуравдугаар суваг  UBS music   телевизийг хариуцан  ажиллах хариуцлагатай албыг хашиж эхлээд байна.  Хөгжмийн  сувгийн хөтлөгч, сэтгүүлчээр  ажлынхаа гарааг эхлүүлж  байсан болохоор надад их ойр санагдаж  байгаа.

-Таны шүлгээр хэд хэдэн дуу бүтсэн гэж сонссон. Яруу найраг сонирхдог юмуу? Өөр ямар нууцлагдмал авьяас байдаг вэ? 
- Яруу  найраг сонирхолгүй яахав. Энэ бол миний маш том Хобби. 2005 онд “Хар шилний цаана” гэдэг анхны шүлгийн номоо гаргаж  байлаа.  Энэ жил  ээлжит номоо гаргах санаатай  ажиллаж  байгаа. Дууны  тухайд хөгжимлөг, урлагийн мэдрэмж өндөртэй хамт олон,  удирдлагатайн ачаар хэд хэдэн дууны үг оролдож бичсэн. Хамт олон маань гоё  үг болжээ, сайхан үгтэй гэх мэтээр их урам өгч намайг  баясгадаг. Өөр сонирхол гэвэл уран зураг, гэрэл зураг авах, мөн загварын  олон төрлийн шийдэл, зураг авалтын өвөрмөц дүр дүрслэлийг цуглуулах.

-Манайх залууст зориулсан цорын ганц сонин. Ямар нийтлэлийн бодлого баримтлаасай гэж  хүсэж байна?
-Залуус эрч хүчээр дүүрэн байх хэрэгтэй. Тиймээс залуусыг уриалан дуудсан, хэт  албархаг биш энгийн ойлгомжтой  зүйлсийг сониндоо тусгаж байгаасай гэж хүсч байна. Олны танил гэхээсээ илүү тэр бүр олонд танигдаагүй чадварлаг залуусын эрэлд гараасай. Танай сонины хамт олонд амжилт хүсье. Ярилцахад таатай байлаа.

-Танд баярлалаа.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш