УИХ-ын үйл ажиллагаа гацаад хоёр дахь долоо хоногийнхоо дунд оров. “Сонгуулийн хуулиа долдугаар сарын 1-ний хар өдрийг дахиад давтахааргүй яг хийтэл засна” гэж ам алдан хамтарсан Засгийн газар байгуулсан УИХ дахь АН, МАН-ын бүлгийнхэн мөнөөх эмгэнэлт өдрийнхөө гурван жилийн ой дээр хуулиа шинэчлэх байтугай хэрүүл тасардаггүй айлын эр, эм хоёр шиг шилээ харалцаад сууж байна.
УИХ-ын сонгууль явуулахдаа холимог тогтолцоо авна гэж тохирсон ч пропорциональ, мажоритарийн алийг түлхүү тусгах вэ гэдгээс үүдсэн талцаан одоо хэр тасардаггүй. Аргаа бараад хоёр бүлэг ард нийтийн санал асуулга явуулахдаа тулсан ч Ардчилсан намын бүлгийнхэн буцаж няцсанаар дахиад л хоёр тийш хараад суучихав. Уг нь Ардчилсан намын бүлгийн гишүүд эхийг нь эцээж тугалыг нь тураалгүй адилхан 38:38 гэчихье гэсэн санал гаргасан ч МАН-ын бүлгийнхэн заавал мажоритари давуу байх ёстой хэмээн тас гэдийж нааш ч үгүй цааш ч үгүй гацаа үүсгэлээ. УИХ-ын даргын захирамж гарган байж сунгасан хаврын чуулганы хугацаа дуусахад дөрөвхөн хоног үлдлээ.
“Үүнээс цааш ухрах газаргүй. Хойно Москва байна” гэгчээр одоо хаврын чуулганыг сунгах хугацаа үлдсэнгүй. Ард наадам туллаа. Хүссэн ч хүсээгүй ч хаврын чуулган завсарлалаа.
МАН-ын бүлгийнхэнд Ардчилсан намын бүлгийн дундын хувилбарыг авч үзэх сонирхол алга. “Үндсэн хуулиар иргэд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн заалттай” гэдгээр шалтаглан будилаан булхайн шалтгаан болсон мажоритар тогтолцооноосоо салах дургүй байна. Мажоритар тогтолцоо байхад тойргоосоо 2012 онд гараад ирэх бат араагаа бэхэлсэн эрхмүүд МАН-ын бүлэгт олон байгаа бололтой юм. Гэхдээ энэ бол мөсөн уулын орой.
Үүнээс гадна МАН-ын бүлгийнхэнд пропорциональ тогтолцооноос эмээх томоос том шалтгаан бий. Тэр нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сэтгэлийн хөөрлөөр намынхаа нэрээс сугалаад хаячихсан гай хөөтэй “Х” үсэг. Тэр үсэг өнөөдөр Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд тээг болж төрийн ажил гацаах юм гэж тухайн үед МАН-ын дарга нар санаагүй бололтой. “Ардын нам, ардын засаг мандтугай” хэмээн уриа хадааж байхдаа 2012 оны сонгуульд орохдоо сонгогчдын өмнө дэлгэх нэрийн хуудсаа үнгэж базаад шидчихсэнээ мэдсэнгүй. Харин Н.Энхбаяр тэргүүтэй овсгоотой хэсэг гологдсон нэрийг додомдоод Дээд шүүхээр батлуулаад өвөртөө хийчихлээ. Пропорциональ системээр санал хураахад намын нэр хамгийн чухал үүрэгтэй. Гэтэл мунгинуу сонгогчид МАН гэдэг нэрийг эндүүрч МАХН-ыг дугуйлбал яана. Ядаж байхад маргаан, гацааны яг эхэнд Улсын дээд шүүх МАХН-ыг бүртгэж МАН-ын ясны айдсыг төрүүлэв. Ингэмэгц МАН-ын удирдлага “МАН-ын нэр бүртгэлийн нэгдүгээрт шүү. МАХН 19-д шүү. МАХН бол МАН биш, цоо шинэ нам шүү” гэж баахан зар тараав.
Гэвч 90 жил монголчуудын ой тойнд шингэсэн МАХН гэдэг брэнд нэр сонгогчдын тархинаас салтлаа өдий юм гэдгийг хожимдсон хойно ухаарсан МАН-ын дарга нар “Яаж ч байсан мажоритари давамгайлсан тогтолцоон дээрээ хэвтээд байгаарай” гэсэн хатуу үүргийг намын бүлгийн гишүүддээ өгчээ гэж үзэхээс өөр арга бараг алга. МАН гэдэг нэрээр санал хураалгаж сонгогчдыг мунгинуулснаас Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин гэсэн нэрээр сонгуульд орох нь тэдэнд өлзийтэй болжээ.
Ямар ч тохиолдолд ялсан нам эрх барих хугацаандаа нэрээ сольдоггүй гэдэг дүрэм дэлхийн аль ч орны улстөрчдийн бичигдээгүй хууль байдаг юм гэнэ лээ. Нэрээ солих ганцхан момент байсан. Тэр нь 1996-2000 онд МАХН анх удаа цөөнх болоод байсан үе. Тэгэхэд солиогүй нэрээ сонгуульд хэдэнтээ ялсан хойноо сольсноос болж одоо ийнхүү нааш ч үгүй, цааш ч үгүй таглараад сууж байна. Хэрэв МАХН нэртэйгээ байсан бол МАН-ынхан пропорциональ тогтолцооноос эмээхгүй байсан гэж хэлж болно. МАХН саналын хуудасны аль ч дараалалд бичигдсэн дугуйлах сонгогч хангалттай байх байсан. Харин ч МАХН нэрийн дор хэн ч танихгүй мөнгөний гишүүд УИХ-д гарч ирэх шанс олдох байв. Зүйрлэж хэлбэл Ц.Нямдорж дарга нэрээ солиод Б.Дагвадорж болоод сонгуульд ороод ирвэл хэн таньж түүнд санал өгөх билээ. Түүн шиг юм болоод байна.
Харамсалтай нь, үхрийн сүүлэн дээр хутга хугалах гэдгээр сонгууль дөхсөн үед намынхаа нэрийг сольсон МАН-ын дарга нарын нэг удаагийн болчимгүй хөөргөн сагсуурал УИХ-ыг гаршгүй гацаанд хийж орхив. Наадам болтол гацаанаас гарахгүй бол ээлжит бус чуулган зарлаж ч мэдэх байдал үүслээ. Гэхдээ МАН нэгэнт МАХН биш болсон болохоор пропорционалийг давамгайлуулах зүрх тэдэнд алга. Ардчилсан намын бүлэг л гарц олохгүй бол МАН-ын “мэддэг орос хэл” ерөнхийдөө дуусаад байна.
Д.Оюунцэцэг