-Манай эмэгтэйчүүд хувцас үйлдвэрлэлээр дэлхийн тавцанд гарах хаалга нээгдлээ-
Финланд улсын нийслэл Хельсинк хотноо Бизнес эрхлэгч болон ажил хэрэгч эмэгтэйчүүдийн олон улсын холбооны 27 дугаар их хурал болсон юм. Түүнд оролцоод ирсэн хатагтай Ц.Эрдэнэчулуунтай ярилцлаа. Тэрбээр IFBPW буюу НҮБ-д санал өгөх эрхтэй, эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон олон нийтийн байгууллагын салбарыг “Мянганы дэвшил” клуб нэртэйгээр эрхлэн тэргүүнээр нь ажиллаж буй юм. Түүнийг “Гандирс” компанийн ерөнхий захирал гэдгээр нь олон нийт сайн мэддэг билээ.
-Таныг сая бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чиглэлээр дэлхийн томоохон арга хэмжээнд оролцоод ирлээ гэж дууллаа. Ямар арга хэмжээ болсон бэ?
-Бид энэ оны эхээр IFBPW буюу НҮБ-д санал өгөх эрхтэй, эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон олон нийтийн байгууллагын салбарыг “Мянганы дэвшил” клуб нэртэйгээр Монголд албан ёсоор байгуулсан юм. Бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн чиглэлээр нэлээд далайцтай үйл ажиллагаа явуулах эхлэлийг тавьсан л даа. Энэ ажлын хүрээнд манай клубын төлөөлөгчид Финландын нийслэл Хельсинк хотод болсон Бизнес эрхлэгч болон ажил хэрэгч эмэгтэйчүүдийн олон улсын холбооны 27 дугаар их хуралд оролцоод ирлээ.
-Та өмнө нь Турк улсад болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад амжилттай оролцсон гэдгийг сонссон. Энэ удаагийн хурал түүнээс ямар ялгаатай байв?
-Нэгдүгээрт, сай болсон хурал бол манай байгууллагын дөрвөн жил тутам нэг удаа хуралддаг Бизнес эрхлэгч болон ажил хэрэгч эмэгтэйчүүдийн 27 дахь конгресс байлаа. Бид өөрсдийхөө байгуулагын хуралд гишүүний хувьд, монгол хүүхнүүд олон улсын хэмжээний хурлын нэг салшгүй бүрэлдэхүүн болж эрхээ эдэлж, үүргээ биелүүлж оролцлоо гэсэн үг.
Хоёрдугаарт, тавдугаар сард Туркт болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс төрөл бүрийн ажил мэргэжлийн, нийгмийн бүх давхаргын олон өнгө, төрхтэй эмэгтэйчүүд оролцсон. Манай саяын хуралд цэвэр ажил хэрэгч, бизнес эрхлэгч хүүхнүүд оролцож дандаа өндөр мэргэжлийн болон бизнесийн асуудлыг олон улсын төвшинд ярилаа.
-Энэ байгууллага ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Эмэгтэйчүүдийн байгууллагууд голдуу нэг чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг, эсвэл гишүүнчлэлийн тодорхой хүрээ заалгүйгээр нийгэмд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг, хүссэн болгон нэгдэн орж болдог дүрэмтэй байдаг даа. Харин манай энэ байгууллагын хувьд тодорхой амжилтад нэгэнт хүрсэн бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийг нэгтгэдэг. Тэдний амжилтыг улам бататгах, хүчтэй эмэгтэйчүүдийг дэлхий нийтийн сүлжээнд хамруулах, нэр хүндтэй олон улсын байгууллагууд түүний дотор НҮБ-ын үйл ажиллагаатай холбож өгдөг. Ингэснээр гишүүд эмэгтэйчүүд, клубуудын нэр хүнд, боломж, хэлхээ холбоог дээшлүүлэх ажлыг зохион байгуулдаг тийм газар.
-Монгол эмэгтэйчүүд дэлхийн хуралд эрхээ эдэлж оролцлоо гэхэд содон сайхан сонсогдож байна. Та хэд яг яаж оролцов?
-Ная гаруй жилийн өмнө байгуулагдсан, дэлхийн 130 гаруй улсад салбартай, орон орны 40 мянга орчим гишүүн эмэгтэйчүүдийг нэгтгэсэн, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, олон улсын байгууллагаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чиглэлээр явуулах бодлого үйл ажиллагааны гол түшиц болдог тийм байгууллага юм л даа. Түүний удирдлагад сонгогдох, сонгох эрхтэй, аливаа тусгай арга хэмжээнд Монголоо төлөөлөн оролцож, хуралдаанд бүрэн оролцох үүрэгтэй, санал өгөх эрхтэйгээр оролцоно гэдэг сайхан юм байна.
Манай монгол эмэгтэйчүүд ер нь өнгөтэй жавхаатай юм аа. Тийм том хуралд анх удаа оролцож байгаа шинэ салбар клубын гишүүд мөртлөө хурлын үеэр яригдсан гол гол төсөл, арга хэмжээний ихэнхэд Монголын эмэгтэйчүүдийг хамруулж байлаа. Онцгойлон анхаарч үзсэн байдлаар асуудлыг шийдвэрлүүлж чадсан шүү.
-Олз омог ихтэй яваад ирсэн гэсэн үг үү?
-Тоочвол том, жижиг олз ихтэй ирсэн. Жишээ нь, НҮБ, Дэлхийн худалааны байгууллага хамтарч байгуулсан Дэлхийн худалдааны төв гэж байгууллага байдаг. Энэ байгууллага дэлхийн хэмжээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих 10 жилийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Монголоос ноос, ноолуурын чиглэлээр ажилладаг эмэгтэй эзэнтэй, эмэгтэй захиралтай таван компанийн бүтээгдэхүүнийг дэлхийн зэх зээлд гаргах, барууны томоохон худалдан авагчидтай холбож өгөх төсөл хэрэгжүүлэхээр тохирлоо. Энэ ажлын хүрээнд, эмэгтэйчүүдэд маань аж ахуйгаа хэрхэн эрхлэн хөтлөх, түүхий эдээ боловсруулах, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, дизайнаа гаргах, бараагаа борлуулах гээд бүх зүйлийг нь заах юм. Тэгээд томоохон худалдан авагчидтай гэрээг нь бүр хийж өгөх юм билээ. Хамгийн гоё нь 2012 оны эхний улиралд Нью Йорк хотноо Монгол эмэгтэйчүүдийн урласан ноос ноолууран бүтээгдэхүүн хувцсаар Fashion week зохион байгуулах боломж олдлоо. Бас цаашлаад энэ Fashion week-йин арга хэмжээнд торгоор монгол хувцас урладаг хүүхнүүдээ оролцуулах тухай ярьж байгаа. Тэгээд манай хүүхнүүдэд хувцас үйлдвэрлэлээр дэлхийн тавцанд гарах хаалга нь нээгдэж байгаа гэсэн үг дээ. Бас барилгын салбарын эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор Европын холбооны орнуудаас чанартай барилгын материалын нэгдсэн худалдааг Монголд оруулж ирэх төслийг ярьж эхэлсэн. Дээр дурдсан ноолуурын төсөл бол бүр оны эхнээс яригдсан болохоор нэлээд ахицтай, тодорхой болж байна. Харин барилгын салбарын тухай Хельсинкийн хурлын үеэр ярилаа. Оролцогч орнуудын эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувь нийлүүлсэн компани байгуулах замаар төслийг хэрэгжүүлж, санхүүгийн болон ажиллах арга барил, механизмыг НҮБ-ийн дэмжлэгээр зохион байгуулах хувилбар яригдаж байгаа. Одоо гэхэд түрүүчээсээ бараа материал нийлүүлэх, санал авах, судалгаа хийх ажлын санал ирээд эхэлчихсэн байх жишээтэй.
Хөдөөгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах Улс төрд оролцох эмэгтэйчүүдийг дэмжих талаар ч үйл ажиллагаа эхлүүлэхээр ярилаа.
-Улс төрд оролцох эмэгтэйчүүдийг дэмжих гэдэг содон сонсогдож байна?
-Нөгөө моод Монголоор дуусдаг гэдгийн нэг жишээ энэ байх шиг байгаа юм. Түүнээс биш эмэгтэйчүүдийг дэлхий нийтээрээ дэмжээд, хүлээн зөвшөөрөөд, ер нь бодлогоор хүйсийн харьцааг тэнцвэржүүлээд, түүнийгээ бариад явж байна. Аль дээр үеэс л дээ. Одоо цагт дэлхийн ихэнх хөгжилтэй улс орнуудад энэ асуудал бол моод ч биш, асуудал ч биш, зүгээр л байх ёстой зүйл болоод хэвшсэн юм билээ. Яагаад гэвэл, хамгийн гол нь эмэгтэйчүүд нийгэмд тодорхой байр суурь эзлээд, шийдвэр гаргах төвшинд ахиухан ороод ирэхээр тэр улсын эдийн засгийн хөгжил, хүн амын ахуй амьдрал, шударга ёс гээд бүх зүйлд онцгой сайн нөлөөтэй байдаг байна. Тиймээс ч энэ бол тухайн төр засаг цэвэр байх, улс орон хүчтэй байх, нөгөө төр “хийгүй” байхын гол эх сурвалж нь гэдгийг улс нь ч, ард түмэн нь ч хэлбэрэлтгүй ойлгодог, түүнийгээ шаарддаг юм билээ. Харин сүүлийн үед дэлхийн болон тухайн улс орон, бүр тодруулбал, өрх гэрийн эдийн засагт эмэгтэйчүүдийн үүрэг роль, оролцоог нэмэгдүүлэх талаар л голлон ярьж байна. Тиймээс ч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжээд байгаагийн учир нь тэр юм.
-Манайхан хүүхнүүдэд санаа авахаар зүйл юу байна?
-Бид бодохдоо манай монгол хүүхнүүд их идэвхтэй гэж боддог юм. Гэтэл бас тийм биш байна шүү. Жижиг төвшинд дэндүү их ажиллаж байгаа хэрнээ том төвшинд, өөрсдийнх нь амьдрал, хувь заяаг шийдээд байгаа томоохон глобал асуудалд ер анхаарал хандуулахгүй юм. Жишээ нь, Хельсинкийн хуралд хамгийн ахмад нь 83-тай эмэгтэй төлөөлөгчөөр оролцож байна. Бүх арга хэмжээнд оролцоод нэлээд идэвхтэй байсан. Бас лобби хийгээд Палестины төлөөлөгчийг удирдах зөвлөлд сонгуулахаар дэмжээд үг хэлж байхдаа “Энэ магадгүй миний хамгийн сүүлийн хуралдаан байх. Гэхдээ та нар намайг уучлаарай, би 26 дугаар их хурал дээр бас л миний сүүлчийнх байх гээд яриад зогсож байсан шүү” гээд заал дүүрэн инээлгэж байлаа.
Гэтэл манай зарим эмэгтэй яагаа ч үгүй сэтгэлээрээ ч, үйл ажлаараа ч “хар залуугаараа” өөрөө өөрийгөө тэтгэвэрт гаргачихаад байна. Түүнээс биш бид бас тийм их хавчигдаад, эрх чөлөө дутаад байдаг орны эмэгтэйчүүд биш шүү дээ. Сая гэхэд л хуралд явах гээд зардал мөнгөний асуудал хүндрээд, МИАТ-аас гурван эмэгтэйн онгоцны зардалд тусламж үзүүлэх хүсэлт тавихад манай журам ийм гээд 50 хувиар нь шийдээд л өгсөн. Сайхан байсан. Хамгийн гол нь мөнгөндөө гэхээсээ илүү төрийн ч гэх юм уу, эрчүүдийн ч гэх юмуу нөмөр нөөлөг мэдрэгдээд дотор их л дүүрэн болчихдог юм байна лээ. Бид нар бусад орны хүүхнүүдээс дутахгүй, манай эрчүүд ч бусад орны эрчүүдээс дутахгүй юм шиг. Сонин байгаа биз, хүмүүс бид нэг нэгэндээ, эмэгтэйчүүд бидэнд өчүүхэн тус үзүүлэхэд нийгэмд олон эерэг нөлөө үүсэх жишээтэй.
-Манай төрд санаа авахаар зүйл юу байх юм?
-Өө, зөндөө зөндөө (инээв). Төр нь хүчтэй байж эмэгтэйчүүдийнхээ асуудлыг сайн шийдсэн газар эмэгтэйчүүд нь эмэгтэйлэг, эрчүүд нь эрэгтэйлэг байдаг юм байна.
Төрийн дэмжлэгийн тухай ганцхан жишээ хэлэхэд саяын хурлын үеэр Германы ерөнхий сайдын зөвлөх биечлэн утсаар ярьж Германы холбооныхны явуулж байгаа цалингийн зөрүүг арилгахын төлөө үйл ажиллагаанд нь зориулж хөрөнгө олгох шийдвэр дөнгөж сая гаргаснаа мэдэгдэж амжилт хүсч байсан. Тэгэхэд ч бас “атаархсан” шүү. Тийм учраас эмэгтэйчүүдийн байгууллага нь хүчтэй, үр дүнтэй ажиллаж байна.
Манай энэ байгууллага Америк, Европын орнуудад бол гишүүд нь хэдэн арван мянгаараа тоологддог хүчтэй байгууллага юм. Олон том эмэгтэй лидерүүд энэ байгууллагаас төрсөн. Жишээ нь Германы Ерөнхий сайд Ангела Меркель, Тайваны дэд Ерөнхийлөгч Xiao Wan Lian манай байгууллагын гишүүн байх жишээтэй.
-Одоо тэгвэл монгол эмэгтэйчүүдээ магтчихаар зүйл ярих уу?
-Байнаа байна (инээв). Би чинь ярилцлага эхлэнгүүтээ л магтчихсан шүү дээ. Тэнд яригдаж байгаа гол гол төслүүдийн ихэнхийг манайх хэрэжүүлэх, оролцох болж байгаа гэдэг л шууд манай эмэгтэйчүүдийн чадвар, самбаатай холбоотой хэрэг. Манай нэг төлөөлөгч цаашаа бас Швед рүү урилгаар яваад эмэгтэйчүүдийг чадавхжуулах тал дээр тусламж авах, хатан хааны ивээл дор төсөл хэрэгжүүлэх тал дээр ярьчихаад л ирсэн байна лээ. БНСУ-ын клубтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Эхний ээлжинд Чежү аралд ноолуурын дэлгүүр нээх, гишүүн эмэгтэйчүүдээ БНСУ-д үнэ төлбөргүй, эсвэл хөнгөлөлттэй үнээр эмчилгээ, шинжилгээнд хамруулахаар ярилцсан.
Төгсгөлд нь эмэгтэйчүүддээ хэлэхэд бид нэгдэх хэрэгтэй байна, идэвхтэй байх хэрэгтэй байна. Энэ нь эрчүүдтэй тэрсэлдээд бай гэсэн үг огт биш. Харин ч эрчүүддээ туслах, улс эх орноо хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах, үр хүүхдүүддээ сайн сайхан нийгэм үлдээх хариуцлагаа ухамсарлан ажиллаж, үүргээ биелүүлж байгаа хэрэг юм.
Д.ОЮУНЦЭЦЭГ