logo
Хөрш орнуудын урлагийн тоглолт боллоо

Хөрш орнуудын урлагийн тоглолт боллоо

2012/09/19
Монгол, Хятад, Оросын урлагийн мастеруудын нэгдсэн тоглолт БНХАУ-ын Эрээн хотын төв талбайд боллоо. Энэ нь гурван улсын эдийн засаг, хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсан соёлын арга хэмжээ юм байна. Монгол Оросын ардын жүжигчин, гавъяатууд хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн тус тоглолтод Өвөрмонголын алдарт дуучин Тэнгэр, Хятадын киноны нэрт жүжигчин Жинь Чяо Чяо нар оролцов. Задгай талбайд болсон тус тоглолтыг Монгол Хятадын хилийн хотуудаас иргэд олноор хүрэлцэн ирж үзэж сонирхлоо.  

Хавт Хасарын тахилгыг ХКН дэмжжээ

Өвөрмонголын Дархан муумянган холбоот хошууны Мянган балгасны Саруултал гацааныхан уламжлал ёсоор энэ жил Хавт Хасарын их тахилгаа хийлээ.
Тахилгын ёслолын үеэр малчид Хавт Хасарын овоонд идээ цагааны дээжээ өргөж, ажил үйлс, хийморь лундаагаа даатгаж, буддын шашны лам нар овоо тахилгын ном уншсан байна. Нутгийн ард иргэдийн үе уламжлан хийж ирсэн энэхүү тахилгын зан үйлийг энэ жил тус хошууны Хятадын комунист намын хороо, орон нутгийн захиргаа, Аялал жуулчлалын газар, Үндэстний хэрэг эрхлэх газар, радио телевизийн хорооноос хамтран зохион байгуулжээ.

Улаан сухайны баярт ойрад хувцсаар гоёв

ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд жил бүр уламжлал болгон зохиогддог Улаан сухайны баяр энэ жил өргөн дэлгэр болж өнгөрлөө.
Эзнээ хошуунд 80 мянган га талбайд улаан сухай мод ургадаг бөгөөд намар цэцэглэдэг энэ үзэсгэлэнт модыг үзэхээр газар газрын жуулчид энэ үед тус нутгийг зорьдог юм. Эзнээ хошууны засаг захиргаа хүрэлцэн ирсэн зочиддоо зориулж үндэстний онцлогтой олон төрлийн тэмцээн уралдааныг зохион явуулдаг уламжлалтай. Энэ жилийн Улаан сухайны баярын үеэр ойрад монголчуудын үндэсний хувцасны загварын тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээнд Алшаа аймгаас 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 16 баг оролцон баруун монголын уламжлалт хувцас хэрэглэлийг орчин үеийн хэв маягтай хослуулан өмсөж жуулчдын нүдийг хужирласан байна.

Б.Занданхүү /БНХАУ. Хөх хот/ 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш