logo
Монголын шатар дэлхийн хэмжээнд хүрчээ

Монголын шатар дэлхийн хэмжээнд хүрчээ

2012/09/19
Өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 10-ны өдрүүдэд Турк Улсын нийслэл Истамбул хотноо болсон Дэлхийн шатрын 40 дүгээр олимпиадад амжилттай оролцоод ирсэн манай улсын шигшээ багийнхан өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандаж, үр дүнгээ тайлагналаа.
Энэ удаагийн олимпиадад манай шатарчид бүтэн багаараа оролцож, эрэгтэй шатарчид 157 орноос 46 дугаар байрт шалгарч өмнөх амжилтаа 10 байраар ахиулсан бол, эмэгтэйчүүд 127 орны багаас 13 дугаар байрт оржээ. Багийн нэгдсэн дүнгээр манай улс 162 орноос 23 дугаарт байрт шалгаран, Монгол Улс шатрын хүчирхэг голомт гэдгээ батлан харуулж чаджээ.
Манай эрэгтэй багийн дасгалжуулагчаар МУГД, ОУМ П.Жигжидсүрэн ажиллаж, бүрэлдэхүүнд ОУМ Б.Гүндаваа, Их мастер Д.Шаравдорж, Их мастер Ц.Батчулуун, олон улсын шатрын холбооны мастер Г.Мөнхгал, олон улсын шатрын холбооны мастер М.Гүнбаяр нар тогложээ. Харин эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар МоШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан ажиллаж, бүрэлдэхүүнд их мастер Б.Мөнгөнтуул, их мастер Т.Батчимэг, ОУМ Д.Янжиндулам, олон улсын шатрын холбооны мастер С.Отгонжаргал, ОУМ Б.Анхчимэг тоглосон байна.
Эрэгтэйчүүдээс 3 дугаар ширээнд тоглосон их мастер Ц.Батчулуун 10 өргөөс 7 оноо, 2 дугаар ширээнд тоглосон их мастер Д.Шаравдорж 10 өргөөс 6 оноо, дүгээр ширээнд тоглосон Г.Мөнхгал 9 өргөөс 4.5 оноо, 5 дугаар ширээнд тоглосон М.Гүнбаяр 6 өргөөс 3 оноо тус тус авсан бол 1 дүгээр ширээнээ багаа хошуучлан тоглосон ОУМ Б.Гүндаваа 9 өргийн тоглолтоос 5.5 оноо авч, Олон улсын их мастерын болзол хангажээ.
Шатрын олимпиадын үеэр ОУШХ-ны ээлжит конгресс хуралдаж, манай улсын төлөөлөгч олон улсын шүүгч, олон улсын шатрын холбооны мастер Г.Алтан-Очийн тавьсан Азийн шинэчилсэн бүсэд багтан дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө тоглох саналыг хүлээн авч баталжээ. Ингэснээр манай тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж илүү өргөн болж буй юм.
Мөн 2014 онд зохион байгуулагдах Ази тивийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах өрсөлдөөнд оролцох эрхийг манай улсад олгосон байна. Энэ эрхийн төлөө Туркменстан улстай өрсөлдөж ялвал уг тэмцээнийг эх орондоо зохион байгуулах боломжтой болох юм.
МоШХ-ны дараачийн томоохон зорилт нь энэ оны 11 дүгээр сарын 7-ноос 18-ний өдрүүдэд Словени Улсын Марибор хотноо болох Өсвөрийн шатарчдын ДАШТ-нд тамирчидаа амжилттай оролцох явдал юм байна. Шинэ их мастер Баярсайханы Гүндаваагийн цолыг ОУШХ-ноос ирэх сарын 1-ний өдөр зарлах ажээ. Б.Гүндаваа нь манай шатрын түүхэнд хамгийн залуудаа буюу 23 насандаа их мастер болж буй юм. Өдгөө тэрээр 2530 чансаатай буй нь мөн манай бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн өндөр амжилтад тооцогдож байна.
Я.Баяраа 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш