logo
Уул уурхай, эрчим хүч, газрын тосны бүх гэрээг эргэж ярилцана

Уул уурхай, эрчим хүч, газрын тосны бүх гэрээг эргэж ярилцана

2012/09/19
Наймдугаар сарын 29-нд эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. Ээлжит бус чуулганы сүүлийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. 
Харин Засгийн газрын хөтөлбөрийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар гишүүд багагүй маргалаа. Засгийн газрын хөтөлбөрийн төсөлд туссан байсан Оюутолгойн бүтээн байгуулалтын анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа хоёр тал харилцан ашигтай байх зарчмыг үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэсэн заалт анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн ч эцсийн хэлэлцүүлэгт орохдоо өөр байдлаар санал хураагдахаар орж ирснээс болж гишүүд нэлээд маргахад хүрсэн юм.
Засгийн газрын 2012-2016 оны хөтөлбөрийн төсөлд анх тусгаснаар бол зөвхөн Оюутолгойн гэрээг эргэж харах болоод байгаа учраас өмнө байгуулсан Тогтвортой байдлын, Хөрөнгө оруулалтын болон Бүтээгдэхүүн хуваах гэрээг бүгдийг хөрөнгө оруулагч нартай ярилцаж байж өөрчлөлт оруулахаар өргөн утгатай болгож уул уурхай, эрчим хүч, газрын тосны салбарт байгуулсан гэрээнүүдийг эргэж харахаар болгож оруулах нь зүйтэй гэсэн саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэнээр уг асуудлаар нэгдсэн хуралдаан дээр дахин санал хураалт явуулахаар болжээ. Одоогийн байдлаар Тогтвортой байдлын гэрээг 10 гаруй, Хөрөнгө оруулалтын гэрээг нэг аж ахуйн нэгжтэй байгуулаад бол байгаа бол Бүтээгдэхүүн хуваах гэрээг газрын тосны олборлолтын бүх компаниудтай хийгээд байгаа аж.
Харин энэ заалтыг өөрчилж байгаа нь Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахаас бултаж байгаа асуудал гэж үзэн, Б.Бат-Эрдэнэ, А.Тлейхан, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар нарын хэд хэдэн гишүүн үзэж, энэ талаар асууж байсан юм.
Энэ асуултад нь УИХ-ын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зөвхөн Оюутолгой гэж нэр заан нэрлээгүй ч уул уурхайн салбараас гадна эрчим хүчний салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээ болон Тогтвортой байдлын гэрээг маш нарийвчлан авч үзнэ. Тэр байтугай бүтээгдэхүүн хуваах гэрээг ч эргэж харахаар тусгасан гэсэн тайлбар өгч байлаа.
Мөн УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулах ёстой гэсэн санал хэлсэн бол УИХ-ын дарга З.Энхболд Эдийн засгийн байнгын хороо Тогтвортой байдлын гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудлаар нээлттэй хэлэлцүүлгүүдийг ээлж дараалан зохион байгуулах хэрэгтэйг даалгасан юм.
Харин Оюутолгойтой гэрээтэй холбоотой асуудлаарх санал хураалтад 53 гишүүн оролцож, 27 гишүүн дэмжиж, 26 гишүүн татгалзаж нэг гишүүний саналаар Төрийн байгууллатын байнгын хорооны санал дэмжигдэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдлаа.
Засгийн газрын хөтөлбөрийг баталсны дараа Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсанаар УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөсөн юм.
Ш.Эрдэнэ 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш