logo
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эрэлжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эрэлжээ

2012/09/19
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход 50 хоног үлдээд байгаа хэдий ч Ардчилсан намаас нэр дэвшсэн Барак Обама, түүний өрсөлдөгч, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни нарын төлөө санал өгөөд эхэлсэн байна.
Орегон муж улсын Портленд хот дахь Ридийн нэрэмжит коллежийн дэргэдэх хугацаанаас өмнө санал хураах тухай мэдээллийн төвөөс мэдээлснээр, шуудангаар урьдчилан санал хураах ажиллагаа даваа гарагт Индиана, Кентукки муж улсад эхэлсэн бол Умард Каролинад есдүгээр сарын 6-нд эхэлжээ. Есдүгээр сарын 21-нээс Өмнөд Дакота болон Айдаход сонгогчид биечлэн саналаа өгч болох бол ирэх долоо хоногийн эхээр 50 муж улсын 24-т нь санал хураалт эхлэх аж.
Хугацаанаас өмнө санал авах арга АНУ-д улам өргөн хэрэглэгдэж байгааг улс төрчид нотолж байна. Флорида болон гол муж улсуудын нэгд тооцогддог Умард Каролинад өмнөх сонгуулиар нийт сонгогчдын талаас илүү хувь нь саналаа урьдчилан өгчээ. Айовад сонгогчдын гуравны нэгээс илүү хувь нь хугацаанаас өмнө саналаа өгсөн байв.
Сүүлийн судалгаагаар, бүртгэлтэй сонгогчдын дунд Обама Ромнигоос найман хувийн, саналаа өгнө гэсэн хүмүүсийн дунд гурван хувийн саналаар илүү явж байна.
Иймээс Бүгд найрамдах намынхны хувьд байдал хүндхэн байна. Америкийн улс төрчдийн үзэж буйгаар, одоогоор өрсөлдөөнд ялагдаж яваа Ромни ямар нэг шийдмэг алхам хийх хэрэгтэй байгаа юм. Тус намынхан 10 дугаар сарын 3, 16, 22-нд болох мэтгэлцээнд их найдлага тавьж байна. Харин мэтгэлцээнээс өмнө сонгогчдын олонх нь саналаа өгөхөөр байгаа нь Ромниг түгшээж байгаа аж.
З.Амгалан 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш