logo
Египет залуу хамгийн том хоёр толгойт булчинтай хүнээр тодорлоо

Египет залуу хамгийн том хоёр толгойт булчинтай хүнээр тодорлоо

2012/09/19
Дэлхийн дээд амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн номын 2013 оны дугаар саяхан хэвлэгдэн гарсан билээ. Энэ номонд хамгийн том гарын булчинтай Египет залуугийн нэр бичигдсэн юм. 24 настай Мустафа Ишмайл өдөр бүр хоёр цаг бэлтгэл хийж, хоёр толгойт булчингаа хөгжүүлдэг байна. Тэрээр маш хүнд зүйлийг ч өргөх чадал тэнхээтэй хэмээн ярьжээ. Түүний хоёр толгойт булчингийн тойрог 31 инч буюу 78 см юм байна.
Мустафа таван жилийн өмнө Египетээс гэр бүлээрээ Америкт нүүн иржээ. Одоо Массачуссетс мужид амьдарч байгаа тэрээр 180–200 кг-ийн туухайг торох юмгүй өргөж чадна. Энэ жилийн амжилтандаа урамшсан тэрээр дараа жил өөрийн дээд амжилтаа эвдэхээр төлөвлөж байгаа аж.
Мустафа сүүлийн 10 жил бялдаржуулах урлагаар хичээллэж, тэжээллэг хоол хүнс, уураг хэрэглэсний дүнд ийм булчинтай болжээ. Хамт хичээллэдэг хүмүүс нь түүний гарын булчин маш том байгааг хэлсний дараа тэрээр булчингаа илүү том болгохын тулд шаргуу хичээллэх болсон байна.
Мустафа өдөрт 1.3 кг тахианы мах, 450 грам стик эсвэл загасны мах идэж, гурван удаа уураг уудаг байна. Мөн тэрээр өдөрт 7.5 литр ус уудаг гэнэ. Гэхдээ тэрээр дасгал хөдөлгөөн, хооллолтоос гадна удамшил нөлөөлсөн гэдгийг хэлжээ. Учир нь Мустафагийн аав бөхөөр хичээллэдэг, маш булчинлаг хүн байсан байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш