logo
Эх газрын Хятадууд Хонконгчуудын тав тухыг алдагдуулж байна

Эх газрын Хятадууд Хонконгчуудын тав тухыг алдагдуулж байна

2012/09/19
Эх газрын Хятадын дундаж давхаргын иргэд болон жижиглэн худалдаачид Азийн санхүүгийн төв гэгддэг Хонконгод ирж, бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаа нь тус хотын бизнес эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлж байна. Гэхдээ эх газрын иргэд уугууль Хонконгчуудын эрх ашгийг зөрчиж байгааг хэлэх хүн олон байна. Жишээ нь Нэг Өрх-Нэг Хүүхэд бодлогоос болж хоёр дахь хүүхдээ төрүүлэх боломжгүй Хятад эхчүүд Хонконгийг зорьдог нь эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлдэг ажээ.
Эх газрын Хятадын иргэд бараг өдөр бүр Хонконгод ирж бараа худалдан аваад, галт тэргээр буцдаг байна. Тэдний энэ үйлдэл хууль зөрчсөн хэрэг биш хэдий ч уугууль Хонконгчууд тэднийг таатай хүлээж авдаггүй гэхэд болно. Тэдгээр худалдаачдын ихэнх нь нэг удаа бараа хил давуулан хүргэж өгснийхөө төлөө 12 долларын шан харамж авдаг бөгөөд захиалагчид нь тэднээс хамаагүй их ашиг олдог аж.
Хонконгийн улс төрч Стивен Сөү ярихдаа "Эх газраас ирж байгаа хүмүүс хогоо ил задгай хаядаг. Гудамжинд шүлсээ хаядаг. Явган хүний замыг хааж, хөл хөдөлгөөн ихтэй газар авч яваа ачаа тээшээрээ бусыг гэмтээдэг" гэжээ.
Долоон сая хүн амтай Хонконгод 2011 онд эх газраас 28 сая хүн ирсэн гэсэн судалгааг аялал жуулчлалын газраас гаргажээ. Энэ нь Хонконгод ирдэг гадны нийт иргэдийн гуравны хоёрыг эх газрын Хятадууд эзэлдэг гэсэн үг юм. Тэд Хонконгийн эдийн засагт нөлөөлж байна.
Зах зээлийн хуулийн дагуу эрэлт нэмэгдвэл бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгддэг. Худалдан авагчдын тоо нэмэгдсэнээс шалтгаалан Хонконгийн дэлгүүрийн худалдагчдын цалин сүүлийн хоёр жилд хоёр дахин нэмэгдсэн бол үл хөдлөх хөрөнгийн түрээсийн ханш сүүлийн гурван жилийн хугацаанд гурав дахин нэмэгджээ. Мөн инфляци ч санаа зовоосон асуудал болоод байгаа юм.
Эх газрын Хятадын иргэдийн урсгалаас болж уугууль Хонконгчуудын эрх ашиг зарим талаараа зөрчигдөж байгааг хэлэх хүн цөөнгүй байна. Эх газрын иргэд төмөр замын буудлын ойролцоох агуулахад авч явах бараагаа хадгалдаг. Барааг их хэмжээгээр нь захиалж авахын оронд ийнхүү бага багаар зөөх болжээ. Учир нь барааг их хэмжээгээр татан авахад татвар өндөр, бүр зарим бараанд 70 хувийн татвар ногдуулдаг. Тиймээс бага хэмжээгээр зөөх нь ашигтай аж.
Хятадад 2008 онд хүүхдийн сүүнээс хорт бодис илэрсэн гэх мэт хүнсний аюулгүй байдалтай холбоотой зарим дуулиант хэргээс болж гадны улсад үйлдвэрлэгдсэн барааг худалдан авах сонирхолтой иргэдийн тоо нэмэгджээ. Хонконгод зарим бараа эх газрын Хятадад худалдаалагддаг ижил төрлийн бараанаас хямд үнэтэй болсон нь энэ хотыг зорих хүний тоо өсөхөд нөлөөлсөн байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш