logo
Барилгын ослын талаар хэлэлцэв

Барилгын ослын талаар хэлэлцэв

2012/09/20
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр “Тэнгис” кино театрын зүүн урд өнцөгт үйлчилгээний болон оффисийн зориулалтаар баригдаж байгаа барилгаас унасан төмөрт ШУТИС-ын 3- дугаар дамжааны оюутан оногдож амь насаа алдсан явдлыг хэлэлцлээ.
Уг газрын зөвшөөрлийг "Эко констракшн" компанийн “Түмэн занги“ нэртэй охин компани авсан байдаг байна. 2004 онд усан оргилуур бүхий талбайг шинэчилж 16х24 м2 газарт байшин барихаа зөвшөөрөл авсан аж. Энэхүү барилгын зөвшөөрөл нь явсаар K.Пүрэв хэмээх хувь хүний нэр дээр шилжиж 2011 оноос барилга барих ажил эхэлжээ. Гэхдээ анх нийслэлийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газар, ерөнхий архитектороор хянагдсан 16х24 м2 хэмжээтэй газарт баригдах барилга нь 30Х24 болон томорч, усан оргилуур алга болжээ. Зураг төслөөс алдагдсан усан оргилуур тус хорооны 16 дугаар байрны дэргэд орон нутгийн хөрөнгөөр тохижуулсан талбайд Нийслэлийн өмчийн харилцааны газарт шилжсэн байна. Эмгэнэлт явдалтай холбогдуулан цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тухайн барилга дээр болж өнгөрсөн үйл явдлыг нэг бүрчлэн шалгахыг нийслэлийн удирдлагууд сануулав. Барилгын талбай хэмжээ өөрчлөгдөх болгонд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хяналт шалгалт явуулж холбогдох арга хэмжээ авч байх ёстой байжээ. Тухайн компани барилгын талбай хэмжээ өөрчлөгдсөн нөхцөлд бүр зураг төслөө хянуулж батлуулах шаардлагатай байсан байна.
Г.Уран 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш