logo
Ослын талаар дуудлагыг 2 минутын дараа өгчөө

Ослын талаар дуудлагыг 2 минутын дараа өгчөө

2012/09/20
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс 20 настай залуу дээр барилгын төмөр унаж амь насыг нь хохироосон хэргийн талаар мэдээлэл, сэрэмжлүүлэг хийв.
Энэ сарын 17-нд буюу өнгөрсөн даваа гарагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг, "Тэнгис" кинотеатрын урд баригдаж байгаа барилга дээрээс тулгуур төмөр унаж, 20 настай залуугийн амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарсан. Уг осол гарах үеийн бичлэг Ялалтын талбайн уулзварт байрлуулсан CCTV-ийн хяналтын камерт бичигдсэн байна. Энэ бичлэгийн дэлгэрэнгүйг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй үзүүллээ.
Осол есдүгээр сарын 17-ны 16:45 цагийн орчимд гарсан. Гэтэл Шуурхай удирдлагын төвийн Түргэн тусламжийн 103 дугаарт 16:47 цагт, Цагдаагийн 102 дугаарт 16:48 цагт уг ослын талаар дуудлага иргэдээс ирж эхэлсэн байна. Дээрх бичлэгийг үзүүлэх болсон шалтгаанаа тус төвийн Олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Л.Ганбаяр "Ослын талаар мэдээллийг иргэд бүтэн хоёр минутын дараа тусгай утсанд залгаж өгсөн. Энэ нь иргэд бага зэрэг хайхрамжгүй байгааг харуулж байна. Шугам, сүлжээг шалгахад ямар нэг хүлээлтийн горимгүй, чөлөөтэй байсан нь тогтоогдсон. Үүнийг сэрэмжлүүлэх үүднээс нотлох баримттай харуулж байгаа юм" гэж тайлбарлалаа.
Бичлэг дээрээс харахад дуудлага өгснөөс 4 минутын дараа хөдөлгөөнт эргүүлийн машин очсон бол 14 минутын дараа Түргэн тусламж иржээ. Шуурхай удирдлагын төвөөс мөн иргэдийг тусгай дугааруудын талаар хангалтгүй мэдлэгтэй байгааг онцолж байв. Өөрөөр хэлбэл осол гарсан даруйд 101, 105 буюу Онцгой байдал, гал унтраах албаны утсанд дуудлага өгсөн бол ослын газраас хагас киллометр хүрэхгүй зайд бэлэн байдалд байрлаж байсан Аврах, гал унтраах анги хүрч очих боломжтой байсан юм. Ингээгүйгээс хөдөлгөөнт эргүүл хамгийн ойроос ирсэн ч дөрвөн минутын хугацаа алдсан гэж байлаа.
Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвд 101, 102, 103, 105 дугаар 24 цагаар ажилладаг. 101 болон 105 дугаарыг хариуцаж буй хэлтэс нь гамшгийн тухай мэдээ, мэдээллийг хүлээн авах, шуурхай удирдлага, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ,танилцуулах гол үйл ажиллагааг явуулдаг.
102 нь төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй авч мэдээллийн дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанаар цаг алдалгүй шалгуулан гэмт хэргийг цаг алдалгүй шуурхай илрүүлж, сэжигтнийг олж тогтоох, дайчлан баривчилж иргэдийн амар тайван амьдралыг сахин хамгаалж байдаг. 103 дугаар нь яаралтай түргэн тусламж, эмнэлгийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг. Осол, золгүй явдлын үед дээрх дугаарын алинд ч холбогдож мэдээлэл өгөх боломжтой.
Нөгөө талаар иргэдээс тусгай дугаарын утас маш их ачаалалтай, удаан хүлээж байж дуудлага өгөх шаардлага гардаг гэсэн шүүмжлэл ирдэг. Энэ тухайд, "Тусгай дугаарыг хүлээлтийн горим гэсэн програмтай зохиогдсон. Энэ нь иргэд дуудлагаа таслаагүй тохиолдолд 20-30 секундын дараа холбогдох зохицуулалттай. Хэрэв утсаа салгаад дахин салгавал хамгийн сүүлийн дараалалд ордог байна. Энэ программыг өөрчилж, шугам нэмэх асуудлыг Хууль, зүйн сайд, ЦЕГ-ын даргад танилцуулсан. Үүнийг нааштай хүлээж авч, дэмжих болсон. Тэгэхээр дуудлага хүлээгдэх нь мэдэгдэхүйц багасна" гэв.
Иргэд захиргааны зөрчил, золгүй явдал гээд аливаа тохиолдолд бие биендээ хүндэтгэлтэй хандаж, тусгай дугаарт яаралтай мэдээлж байвал хэн нэгнийг аварч, аюулгүй болгоход үнэлж баршгүй тус болохыг дахин сануулж байна.
Н.Гантуяа  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш