logo
Цахилгаан дулааны хомсдолд орсныг мэдээллээ

Цахилгаан дулааны хомсдолд орсныг мэдээллээ

2012/09/20
Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр орой Эрчим хүчний яаман дээр ажиллалаа. Монгол улсын гал голомтын судсыг атгаж буй энэ салбарын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, ирэх өвлийн бэлтгэлтэй танилцлаа.  Мөн энэ салбарын ажилтнуудтай цахилгаан дулааны шинэ эх үүсвэрийн  талаар ч яриа өрнүүлэв.
Тус салбарынхны ярьж байгаагаар манай улс эрчим хүчний хомсдолд ороод байгаа аж.  Энэ хомсдлыг шийдэхийн тулд Улаанбаатар хотын V цахилгаан станцыг  барих тухай  шийдэл байдаг ч  төслийн явц удаашралтай байна. Тэгээд ч энэ станцын байрлал  IV станцтай зэрэгцэн хотын төвд шахам байгаа нь хэр зохимжтой вэ гэдэг асуудлыг   Ерөнхий сайд энэ уулзалтын үеэр хөндсөн бөгөөд ямартай ч тус станцыг барих ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэлээ.  V  цахилгаан станц  яаж ч шуурхайлсан 2016 оны үед ашиглалтад орох тул   IV цахилгаан станцынхаа хүчин чадлыг өргөтгөх   нь  богино хугацаанд, харьцангуй бага зардлаар цахилгаан дулааны өсөн нэмэгдэж буй хэрэглээг хаах  оновчтой хувилбар юм.  Харин энэ төсөл нь 100 гаруй тэрбум төгрөгийн өртөг шаардаж буй бөгөөд 18 сарын хугацаанд хийж гүйцэтгэх бололцоотой гэлээ. Үүнийг Засгийн  газрын зүгээс дэмжих бололцоотой хэмээн Ерөнхий сайд мэдэгдэж байсан . Мөн эрчим хүчний хомсдлыг арилгахад Оюутолгой болон Тавантолгойн  дулаан цахилгаан станцуудын төслийн явц ч нөлөө үзүүлнэ гэдгийг  эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
 Монгол улс зах зээлийн нийгэмд орсноос хойш бие дааж чадаагүй салбарын нэг нь эрчим хүчнийхэн.   Үүнийгээ эрчим хүчний үнийг өдий болтол чөлөөлөөгүй гэдгээр тайлбарладаг. Энэ уулзалтын үеэр тэд мөн л  энэ асуудлыг  хөндөж , энэ салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг татах , үр ашигтай ашиглах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэдгийг ярьж байв.
Дулааны хувьд  өнөөдөр дутагдалд ороод байгаагаас олон арван барилгад дулааны холболт хийж чадахгүйд хүрээд байгаа.   Харин 100 тэрбум орчим төгрөгийн төсөвтэй   “Ус-15” дулааны станцыг барьчихвал хотын дулаан хангамж хэсэгтээ л алзахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.   Аймгуудын хувьд ноднин өвөл хамгийн их санаа зовоож байсан Даланзадгадын дулааны цахилгаан станцад 3 Мвтын хүчин чадалтай өргөтгөл барьж байгаа бол, Увсын байдал хүндхэн байгаа гэлээ.   Өвлийн бэлтгэлийн хувьд ерөнхийдөө дажгүй, өнгөрсөн оноос муудахгүй гэдгийг ЭХЯ-ны бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар мэдээллээ.
Мөн энэ уулзалтын үеэр нэг асуудал хөндөгдсөн нь цахилгаан дулааны хэмнэлтийн тухай яриа байв.  Диспетчерийн үндэсний төвийн захирал С.Төмөрхүүгийн яриагаар хэмнэлт гэдэг зүйлийг хийхгүй бол 2014 оны 1 сарын 15-наас эрчим хүчний хязгаарлалт хийхээс өөр аргагүй гэдгээ учирлалаа. Өөрөөр хэлбэл  өнөөгийн эрчим хүчний  чадал өсөлтөө гүйцэхгүй гэсэн үг. Тиймээс олон нийтдээ энэ тухай ойлгуулан, урамшууллын зөв тогтолцоог ашиглаж чадвал   28 хувь хүртэл дулаан, цахилгаанаа хэмнэх  боломж байгааг ажил хэрэг болгохыг Ерөнхий сайд санууллаа. 
 Уулзалтад оролцсон энэ салбарын мэргэжилтнүүдийн ярианаас үзэхэд  маш их мөнгө “ иддэг” салбар болох нь харагдаж байсан. Гэвч үр дүн байдагггүй, хичнээн төгрөгийн өртөгөөр юу хийв гэдэг нь тодорхойгүй байгаа нь Ерөнхий сайдаас зэмлэл хүртэх шалтгаан болж байсан. Төсвийн болон гадны зээлийн мөнгөнд сэтгэлгүй  хандаж байгааг  гүйцэтгэх засаглалын тэргүүн тэдэнд анхаарууллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш