logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг чанартай боловсролын талаар дахин ярилцлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг чанартай боловсролын талаар дахин ярилцлаа

2012/09/20
Манай улсад 99 их, дээд сургуульд 140 гаруй мянган оюутан сурдаг гэсэн тоо байдаг. Хэдэн зуун хүн жил бүр төгсөж байгаа ч чадвар муутайгаасаа болж олонхи нь гудамжинд “лааз өшиглөж” байгаа нь нууц биш. Иймээс их, дээд сургуулийн сургалтыг сайжруулж, чанартай боловсрол олгон, хэнд ч гологдохгүй боловсон хүчнийг бэлтгэх нь тулгамдсан асуудал болжээ.
     Иймээс Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 9-ний өдөр их, дээд сургуулийн удирдлага, багш нартай уулзаж чанартай боловсролын талаар ярилцсан юм.
Тэрээр амласан ёсоороо 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ШУТИС-д дахин энэ салбарынхантай уулзлаа. Энэ уулзалт-хэлэлцүүлгийн үеэр МУИС-ийг Судалгааны их сургууль болгох, дээд боловсролын шинэчлэлийн төслийн танилцуулгыг сонссон ч чанартай боловсролыг хэрхэн бий болгох талаар голлон ярилцлаа.
“Засгийн газар шинжлэх ухаан, их, дээд сургуулийг сайжруулахын тулд хөрөнгө гаргахад бэлэн байна. Хамгийн гол нь тогтолцоогоо өөрчлөх ёстой. Үүний тулд салбарын яам, их, дээд сургуулиуд, шинжлэх ухааны хүрээлэнгүүд хамтарч ажиллах шаардлагатай байна. Цаашид зах зээлд чадалтай, чадвартай хүн бэлтгэн гаргадаг тогтолцоотой болох, тооны хойноос биш чанарын хойноос явах хэрэгтэй байна. Их, дээд сургуулиуд гэж тусдаа Бүгд Найрамдах Улс болж хувирсан, ямар ч чадваргүй байгааг нь өөрчлөх ёстой” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Их, дээд сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нар ч боловсролын чанарт санаа зовниж явдагаа уулзалт-хэлэлцүүлгийн үеэр илэрхийлж байлаа. Тухайлбал шавийн эрдэм багшаас гэдэгчлэн сайн боловсон хүчин бэлтгэе гэвэл багш нараа гадаад, дотоодод давтан сургах хэрэгтэй гэдгийг олон хүн хэлж байлаа.
Мөн доктор, магистрын сургалтыг цэгцлэх, төр, хувийн гэлтгүй бүх сургуулийг гарааны ижил нөхцөл, боломжоор хангах, оюутны тоогоор бус сургалтын чанар, хөтөлбөрөөрөө өрсөлдөх, жилдээ ганц удаа хуралдан сургалтын төлбөрийн асуудал шийддэг сургуулиудын Удирдах Зөвлөлийг татан буулгах, оюутны нэгдсэн номын сан байгуулах зэрэг санал ч гарч байлаа.
Чанартай боловсролыг хэрхэн бий болгох талаар хоёр цаг гаруй хэлэлцсэний эцэст Ерөнхий сайд Н.Алтанхуяг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт тодорхой үүрэг өгсөн байна.
Тэрээр Засгийн газраар шийдвэрлүүлэх хамгийн тулгамдсан 10 асуудлаа салбарын яам гаргаж, шийдэх арга зам, хувилбарын хамт танилцуулахыг даалгалаа. Гэхдээ саналууд нь Засгийн газраар гаргуулсан шийдвэрийн үр дүнд чанартай боловсрол бий болохуйц хэмжээний байх ёстойг сануулав
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш