logo
Чингисээр бус, тэнэг бүдүүлгээрээ гайхуулцгаа

Чингисээр бус, тэнэг бүдүүлгээрээ гайхуулцгаа

2012/09/20
Бизнесийн луйварт эх орондоо заль мэх нь дутсан Канад, Солонгос, Орос, Хятадын жижиг гарууд "Хаана ямар оронд очвол, олз олох вэ?" гэж бодмогц, юуны түрүү Монгол санаанд нь ордог бололтой. Яагаад гэвэл, харанхуй монголчуудыг хуурахад амархан. "Монгол улсаа гэх нэгдмэл тэмцэл"-ийг огт ухаардаггүй, гагцхүү дор бүрнээ луйвар, хулгай, албан тушаал, авилгаар олсон, сул, бохир олзыг л олз гэдэг ганцхан үзэлтэй монголчуудад, гарт нь бяцхан "юм" сэм атгуулахад л ашигт малтмалаа "Уул талаар нь" өгөхөд бэлэн хүмүүс. Ийм хачин, бие биеэ гэх ухамсаргүй, Монголоо гэх нэгдмэл сэтгэлгүй, жигтэй бүдүүлэг, харанхуй ард түмэн чинь, гадаадын зүсэн бүрийн хулгайчдыг "даллан дуудахаас" өөр яах юм бэ? Дэлхийн жижгэвтэр луйварчдын сонирхол хаана вэ? гэвэл, Монгол шиг бүдүүлэг гүрэнд.

Монголчууд минь, "Монголчууд өнөөдөр юугаараа бахархах вэ?" гэж надаас асуувал, би "Тэнэг мангуугаараа гайхуулцгаа" гэж арга нь барагдсан бухимдуу хөгшин хүний аашаар уцаарлах байна. Нүд хальтрам гуйлгачингуудаараа дэлхийд тэргүүлдэг цөөхөн хэдэн ядуу орон бий. Тэдний нэг монголчууд, Барууныханд "Бид дэлхийн талыг эзэлж явсан" хэмээн томрох нь ичмээр. Үүнийг сайн ойлгуулахын тулд юутай ч зүйрлэмээр юм дээ? Траншейны нүхнээс тарвага шиг цухуйж ирдэг зүс царай, хувцас хунар гэж харахын аргагүй балиар гуйлгачин, "Дэлхийн талыг эзэлж явсан намайг та нар ер нь яах юм бэ?" гэж хошгирч буйтай зүйрлэмээр ч юм шиг.

Дэлхийн талыг эзэлж явсан гээд эдүгээ Монголд юу үлдсэн юм бэ?.. Өндөрхөн хөтөл, даваанууд дээр замын хажууд овоолсон чулуун овооноос өөр 13-р зуунаас бидэнд юу үлдсэн юм бэ?.. Хөсрий суга таяг, архины шил, урагдаж үжиршсэн хөсрий хадаг самбай, задгай мөнгө, адууны хувхай толгойн яс, сайндаа маанийн зургаан үсэгтэй хавтгай ганц хадтай, тэр нь хагархай, тийм чулуун овооноос өөр гадаадынханд "Их эзэн Чингисийн үлдээсэн гайхамшиг" гээд үзүүлчих юм бидэнд юу байна? Байдал ийм байхад тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн тухай хөөрцөглөхдөө дотроо ухаантай, дороо суурьтай, даруухан хөдлөхгүй бол, Монголынхоо удам угсаанд толбо суулгана шүү гэж орчин үеийнхэндээ, гоморхож бухимдсан өвгөн бибээр анхааруулах гэсэн юм.

Монголчууд тэнэг мунхаг бөгөөд үнэн үг тусгаж авах чадваргүй нь,.. даанч гомдмоор. Амьдралыг ухаарч чадахгүй яваа мунхаг хүүгээ загнаж буй мэт би ард түмнээ зэмлэмээр байна. Монголчууд минь, ойрмогхон, үсрэнгүй хөгжилд хүрсэн орны ард түмний хийж бүтээснийг хар. Тэдний хуулиа бүгд нэгэн дуугаар ягштал баримталж, ингэснээр хичнээн их хөрөнгө хэмнэж, зорьсон төлөвлөсөн нь хэрхэн яаж даван биелж, өсөн дэвжиж буйг ухаар.

Бидний муу муухай юунаас болоод байна аа? гэвэл, бидний муу муухай, бидний тэнэг толгойноос л болоод байна. Төрөлхийн тэнэг бол, засахгүй, төрөлхийн тэнэг бус бол, харанхуй тархиндаа 21-р зууны гэрэл тусгая. Тэнэгээ засах боломж бидний өөрсдийн гарт байгаа бол, зүтгэцгээе. "Баяжихийн түлхүүр бол УИХ-ын гишүүнээр сонгогдож, дараа нь сайдаар томилогдох" гэсэн үзэл ноёрхлоо. Яагаад гэвэл, энэ үзэл амьдралд гайхалтай хэрэгждэг гэнэ. Харин "Улсаа хөгжүүлье" гэсэн хувь хүмүүсийн эх оронч үзэлүүд, ямар ч аминцар үзэлүүдэд дийлдэлгүйгээр бүгд нэгэн үзүүрт бат бөх холбогдож чадахгүй нь. Үүнд өвгөн зохиолч миний урам маш их хугарч сууна. Үүнээс болоод Монголын ирээдүйн тэнгэр их бүрхэж байна. Жирийн иргэд бид ч гэсэн "Орцонд шээж баахаа болье, хогоо ил задгай хаяхаа цэглэе" гэсэн гарын дор үйлдэлд, бүгд нэгэн дуугаар нэгдэж чадахгүй байна. Уг нь үүнийг бүгд биелүүлэхэд мөн ч хялбархан аа?.. Гэхдээ тэнэг монголчууд тэгж чадахгүй, харж л байгаарай. Орцондоо бие зассаар, хог новшиндоо дарагдсаар л байх болов уу даа. Яагаад ч юм, би зах зээлийн ертөнцөд хөлөө олохгүй гуйлгачин архичин болчихсон хүүхдүүддээ цөхөрч, гомдсон, эцэг хүн шиг, ард түмнээ загнамаар санагдаад бүр болж өгөхгүй.

Гадаадын жижиг гарууд, луйврын бизнес хийхэд, мунхаг харанхуй Монгол Улс ёстой нэг сайхан хөрс шороо байсаар байх уу?.. Ичмээр юм.

Тэнэг ард түмэн минь, буруу үзэл сурталд хууртахдаа амархан гэдэг нь даанч яав даа гэмээр хөөрхийлөлтэй. Ийм хөөрхийлөлтэй тэнэг ард түмнээ гэгээрүүлэхийн оронд Нам, Засаг тархийг нь буруу үзлээр угаахыг нь яалтай билээ?

Африкийн бүдүүлэг орнуудын баялгийг колончлогчид нутаг руугаа хэдэн зуун жил зөөсөөр эцэст нь Африкт ямархан амьдралтай орнууд хоцров?.. Өлсгөлөнгөөр ард түмэн нь хиарч байна. Колончлогчид тэдэнд юу ч сургаж чадсангүй, тэд ч өөрсдөө юу ч сурсангүй. Өөрөөр хэлбэл, Барууныхан хар арьстнуудыг арай дэндүүлчихэж. Өдгөө Их долоо энэ дэндүүлэлтэндээ дүгнэлт хийж, Африкийн буурай орнуудын их өрийг цайруулах нэгдсэн шийдвэрт хүрч, жудагтай баячуудын нүнжгийг үзүүлэв. Орос Улс их долоотой зиндаархаж, дэлхийн "Найм дахь их гүрэн болох гэсэн" романтик хүслээ биелүүлтэл, Парисын клубийн гишүүний үүргийн дагуу, ядуу буурай орнуудаас авах их өрөө цайруулах ёстой даалгавар Орос Улсын маань нуруун дээр панбуулаа. Өрийг нь цайруулах ёстой, ядуугаараа дэндсэн дэлхийн 25 орны тоонд Монгол зүй ёсоор ордог. Ингээд Орос ах дэлхийн хэт хүчирхэг, хэт том найман орны нэг болох гэж зүтгэсний дүнд Ангол, Никарагуа, Мозамбик, Афганистан, Лаос, Этиоп, Монгол зэрэг орноос авах өрөө зөв харж инээж, буруу харж уйлж байж цайруулах "яланд" унажээ. Гэхдээ дээр дурдсан орнуудыг Орос хүчээр коммунист болгох гэж зээл өгсний гадна, Монголын хувьд ашигт малтмал, мал сүрэг, түүхий эдийг нь үнэгүй шахам зөөсөн учраас ядуу Монголын Оросод төлөх өр, өр мөн үү, биш үү? гэдгийг, нээлттэй үлдээе. Оросуудын бидэнд барьж өгсөн хороолол, алдагдалтай ажиллаж, үндэсний баялгийг цөлмөгч үйлдвэрүүд нүдэнд харагдаад байдаг. Харин бидний тэдэнд өгсөн ашигт малтмал, түүхий эд, мал сүргийг, Оросын мангас шиг их хэрэгцээ ул мөргүй залгиснаар, өнөөдөр гарт баригдаж, нүдэнд үзэгдэх түүхэн баримт үлдсэнгүй. Ашигт малтмалыг нь ухаад авчихсан хонгил нүхнүүд Монголын их шороон шуурганд бөглөрч, дарагдаад, нүдэнд өртөх сэвгүй, түүхийн үнэнээс нуугджээ.

Гэтэл тэнэг мунхаг бидний толгойг Нам, Засаг хэрхэн яаж угаалаа? -Орос ах, монгол дүүдээ үнэн зүрхнээсээ хайртай тулдаа их өрийг "цайрууллаа", "тэглэлээ". Оросын баатарлаг ард түмэн хэзээнээсээ нааш Монголын төлөө ингэж хохирдог. Оросын ард түмэнд Монголын хойч үе "хэзээ ч төлж баршгүй өртэй хоцров" хэмээн ямар ч буруугүй үр хүүхдээ хүртэл өрөнд барьж өглөө.

Энэ тухай манай Хувьсгалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улайстлаа ухуулж гарсныг яана. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүд, Цэдэнбалын тойрон хүрээлэгчид, "Орос ах нар минь" хэмээн уйлалдаж, Ардчилал, зах зээлийг ханцуй дотроо хараан зүхэж, ган бат найрамдлын социалист концерт тавьж, алтан үеэ дурсах аятайхан эгзэг олов. Хамгийн ноцтой нь, Оросын зарим залуучууд, Думын зарим депутатууд, Орос Улс их наймын нэг болсон учраас, Монголоос авах авлагаа Их долоогийн зарчмаар арга буюу хөнгөлснийг зориуд далдалж, "Тэнэг монголчуудад бид яахаараа дандаа зүгээр юмаа өгч байдаг юм бэ?" гэж ад нь хөдөлж, доромжилсон. Үүнд дээрх оросууд буруугүй ээ. Ард түмнээ хуурах гэсэн манай Төр Засгийн хүчтэй ухуулга, зарим оросуудын тархинд тэгж туссан нь бараг түмэн зөв гэлтэй. Ямартай ч гэсэн их өрийг цайруулсан гэх шоуны үр дүнд Оросын хойч үе, Монголыг "төлөх ёстой өрөө өгөөгүй" гэж үзэн ядаж, харин тэнэг монголчууд, орос ах нар дэлхий дээр ганцхан биднийг гийгүүлсэн, биднийг онцгойлон үздэг зангаа дахин нотлов хэмээсэн гэнэн балай үзлээрээ биширч, ёс суртахууны арилшгүй их өрөнд унаснаа одоо ч мэдэхгүй явна. Их өр цайрдаг учир шалтгаанаараа цайрчээ. Харамсалтай нь, Орос Монголын ард түмний тархинд хэзээ цайрах нь үл мэдэгдэх буруу ойлголт ийнхүү үлдэв. Харин Оросод төлөх өрөө цайруулсан бусад ядуу орнуудын ард түмний тархинд тийм буруу ойлголт үлдээгүй нь Монголоос тэд хол давуугаа харуулав.

Биднийг дээрэлхэж бүр сурчихсан, оросуудыг "аргалж", их өрийг хөнгөлж чадсанд, Монголын ард түмэн Энхбаяр тэргүүтэй удирдагчдадаа зөвхөн дотроо баярлах байсан юм. Тэр их суртал нэвтрүүлэг, шоу бол бидний тэнэгийх. "Бид эртэй сайндаа их өрийг тэглэчихлээ" хэмээн ард түмнээ хуурахыг урьтал болгосны гай. Ард түмэн ухаантай. Түүхэнд ард түмнийг мэхэлж хэн ч, хэзээ ч чадаагүй. "Тэглэнэ" гэдэг ухагдахуун чинь, "байхгүй" болсон гэсэн арфиметикийн бага ангийн сурагчийн үздэг хичээл. Тэгтэл нөгөө "тэг" нь 250 сая доллар болоод явчихав. Ард түмнийг хуурч байсан энэхүү бяцхан залийг нь сөрөг хүчин түвэггүй сөхчихөв. Заль нь их хариугүй, ойрхон заль байжээ, чааваас. Ийм ойрхон муу залиар ард түмнийг мэхэлнэ гэж хойшид бүү бодоцгоо. "Орос ах нар ганцхан манай өрийг тэглэлээ. Үүнийг сайн нууцалж байхгүй бол, Оросод өртэй бусад орон барьцана шүү" гэж тэнэгтсэнийг нь бодохоос, удирдагчдынхаа өмнөөс гутармаар,.. Ингэж мангартахын оронд "Орос Улс, Их наймын нэг болсны учир бусад Их долоо шигээ хэт ядуу буурай орноос авах авлагаа хөнгөлөх үүрэг хүлээж, ингэснээр манай өрийг хөнгөлөв" гэсэн сэн бол, Орос Монголын ирээдүйн залуусын сэтгэлд торчоолдох юм үлдээхгүй байсан сан. Мөнхийн хөрш том бага хоёр гүрний найрсаг айлсалтанд, хуурамч үзэл суртлаар хэрүүлийн алим үлдээхгүй, цэвэр тунгалаг байлгах сан.

Чингисээр бахархахынхаа наана тэнэг балайгаа мэдэрцгээе. Хэнд илүү их хурц мэдрэмж байна, түүнд монголчуудын мунхаг харанхуй улам тод мэдрэгдэж, тэрбээр бусдаас илүү ихээр ичиж, шаналах болно. Ингэж ихээр шаналсан хүмүүс Монголыг өөд нь татах юм шүү. Онгирохоосоо өмнө шаналцгаая.

Төрийн шагналт зохиолч Цэндийн ДОРЖГОТОВ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш