logo
Түрээсийн гэрээнд нийгмийн даатгалыг тусгана

Түрээсийн гэрээнд нийгмийн даатгалыг тусгана

2012/09/21

Нийгмийн даатгалын Ерөн­хий газраас “Зах, ху­дал­дааны төвүүдэд үйл ажил­лагаа явуулж буй хувиараа хөдөлмөр эрх­лэгч­дийг нийгмийн даатгалд хам­руулах нь” сэдэвт уул­залт ярилцлагыг зохион бай­гууллаа. Уулзалтад нийг­мийн даатгалын бай­гуул­лагууд, МҮЭХ, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй зах худалдааны тө­вүүдийн удирдлагууд оролцов.

Уулзалтаар, албан бус сектор, тэр дундаа зах, худалдааны төвүүдэд хө­дөлмөр эрхэлж буй иргэдийн нарийвчилсан тоо, тэдний сайн дурын нийгмийн даат­гал, эрүүл мэндийн даат­галд хамрагдсан судалгааг гаргах талаар хэлэлцэв. Мөн тухайн салбарт тулгамдсан асуудлууд тэдгээрийг шийд­вэрлэх арга замын талаар ярилцсан юм.

Үндэсний статистикийн хорооны 2010 оны судал­гаагаар албан бус секторт 154.3 мянган хүн ажиллаж байгаагаас 50 мянга орчим нь сайн дурын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байжээ. Энэ тоог нарийвчлан гар­гаж, нийгмийн даатгалд хам­рагдах хүний тоог нэ­мэгдүүлэх талаар эхний ээлжинд худалдааны тө­вүүдийн удирдлагууд, ту­хайн төвийн үйлдвэрчний эвлэлд хамтран ажиллах санал тавьж байгаа аж.

Зах болон худалдааны төвүүдэд хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хувьд нийгмийн  даатгалын    та­лаарх мэдээлэл сайн бай­даггүй тул нийгмийн даатгал төлөх нь ховор байдаг. Ихэвчлэн 08:00-20:00 ца­гийн хооронд ажилладаг уч­раас нийгмийн даатгалын байгууллагуудаар явах зав гардаггүй.

Мөн 1990 оноос өмнө улсын байгууллагад ажил­лаж байгаад хувиараа ху­далдаа наймаа эрхэлж байгаа иргэдийн нас нь 40-өөс дээш гарсан байгаа. Тэд одоо нийгмийн даатгал төлөөд нэмэргүй гэсэн бодолтой хү­мүүс их байдаг талаар хуралд оролцогчид хэлж байлаа.

Харин Нийгмийн даат­галын Ерөнхий газраас ху­далдаа үйлчилгээ эрхэлж буй иргэдийн цаг завийг хар­галзан үзэж, нийгмийн даатгалд хамруулахдаа зах, худалдааны төвүүдийн удирд­лагуудтай нь хамтран ажиллаж, түрээсийн гэрээнд нийгмийн даатгалын талаар тусгах санал тавив. Харин нийгмийн даатгалын мэр­гэ­жилтнүүд томоохон ху­далдааны төвүүдээр явж шимт­гэлээ  авах боломж ямар байдаг талаар ажил олгогчид сонирхож байсан юм.

Өнөөдрийн   мөрдөгдөж  буй Нийгмийн даатгалын тухай хуулиар нийгмийн даатгалаа нөхөн төлж болохгүй бай­гаа. Үүнийг өөрчилж нө­хөн төлөх боломжийг олго­вол нийгмийн даатгалд хам­рагдах иргэдийн тоо эрс өсөх талаар ч яригдав.

Уулзалтын үеэр орол­цогчдын төлөөллөөс зарим зүйлийг тодруулсан юм.

 

“Наран туул”-ын худалдаачдын

11.2 хувь нийгмийн даатгалд хамрагдсан

 

-“Наран туул” худал­даа­ны төвд өнөөдрийн байд­лаар хэдэн хүн хөдөлмөр эрхэлж байна. Тэдний хэдэн хувь нь нийгмийн даатгалд хамрагддаг вэ?

-30 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж бай­на. Үндсэндээ манайх хул­гай­чаас нь авахуулаад тэр­бумтнуудыг тэжээдэг газар. Тэдгээрийн 11.2 хувь нь нийг­мийн даатгалд хам­рагдаж байгаа.

Гар дээрээс наймаа хий­хийг хориглосон нь манайд хөдөлмөр эрхэлдэг зарим иргэдэд хүндрэлтэй байна. Өөрөөр хэлбэл, гар дээрээсээ тамхи, ундаа, ширх­гийн хоол зарж, амьд­ралаа залгуулж байгаа хү­мүүсийн ажлын байр нь үгүй болчихоод байна.

-Нийгмийн  даатгалд  хам­раг­дахгүй байгаа иргэдэд ямар шалтгаан байдаг юм бол?

-Хуучин нийгмийн үед хүн бүхэн хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалаа төлдөг байсан. 1990 оноос хойш хувийн хэвшлийнхэн сайн дурын үндсэн дээр төлж ирсэн. Тухайн үед өнөө маргаашийн хоолоо яаж олох вэ гэж байсан хүмүүс нийгмийн даатгал төлөхгүй нь ойлгомжтой. Одоо төлөх гэхээр 20-иод жил завсарлачихсан байгаа учраас төлөөд яах юм гэсэн бодолтой хүмүүс их байдаг. Мөн цаг зав гардагүй нь нөлөөлдөг байх.


Эх сурвалж:"Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш