logo
Х.Хулан Наркологийн төвийг хэнд ч өгөхгүй гэнэ

Х.Хулан Наркологийн төвийг хэнд ч өгөхгүй гэнэ

2012/09/21

Нийслэлийн Эрүүл мэн­дийн газраас өнгөрсөн оны аравдугаар сард Наркологийн эм­нэлэгт шалгалт хийж, ерөнхий эмч Х.Хулантай холбоотой хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн тухай бид мэдээлж байсан билээ. Шал­галтаар илрүүлсэн зөр­чилд үндэслэж, нийс­лэлийн Эрүүл мэндийн газраас Х.Хуланг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан. Гэтэл тэр­бээр “Би эрүүл мэндийн салбарт зайлш­­гүй байх ёстой хүн” хэмээн зүтгэж, Чингэлтэй дүүр­гийн шүүхэд гомдол гар­гасан юм.

Хачирхалтай  нь Чингэлтэй дүүр­гийн шүүх Х.Хулангийн гомдлыг хэлэлцээд ажилд эргүүлэн авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байх юм. Харин энэ шийдвэрийг Нийслэлийн эрүүл мэндийн газар хүлээж авахгүй нь ойлгомжтой. Ингээд Х.Хулан болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын хооронд жинхэнэ тулаан эхэлсэн байна.

Юутай ч Эрүүл мэндийн газрынхан Х.Хуланг ажилд нь эргүүлэн татах үндэслэл байхгүй гээд Нийслэлийн шүүхэд  хандаж, нэлээд хэдэн баримт­тай нотолгоо гаргаж өгсөн аж. Үүнийг нь өнгөрсөн лхагва гарагт Нийслэлийн шүүхийн шүүгчид авч хэлэлцээд анхан шатны шүүхийн  шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзжээ. Өөрөөр хэлбэл, “Нийслэлийн эрүүл мэндийн газрын зөв” гэсэн шийдвэр гаргасан байна. Иймээс ялагдал хүлээсэн  Х.Хулан хатагтай бүх л арга мэхээ гаргах сурагтай.

Түүнийг ажилдаа тэнцэх хүн мөн эсэхийг доорх баримтаас харж болно. Тухайлбал, Х.Хулан төрсөн дүү Х.Халиунгэрэл, дотнын танил Ариунтунгалаг нарыг сувилагчаар ажиллуулж байсан. Мөн эмнэлэгтээ архинаас гарах гэсэн хүмүүсийг биш аав, ээж, хамаатан саднаа хэвтүүлж, бүр тусгай өрөөнд тухлуулан, эмч­лүүлсэн байдаг. Тодруулбал, түүний аав Ж.Халзан, ээж Ц.Хорлоо нар, мөн тус эмнэлгийн нягтлан Ч.Пагмасүрэн  өвчтөний түүхийн 0198, түүний төрсөн эгч Ч.Чимэдцэрэн 0194 дугаартай  өвчтөний түүхээр эмчлүүлсэн ба­римтууд шалгалтаар илэрч байжээ.

Шалгалтаар илэрсэн ноцтой зөрчил бол Х.Хулан архинд донтсон хүмүүст хийдэг тарианы үнийг хэд нугалж зардаг гэх хэрэг байв. Тухайлбал, “Алкабус” нэртэй хордлого тайлах эмийг зөвхөн “Нуган” эмийн бөөний төв импортлох зөвшөөрөлтэй байдаг аж. Гэтэл дээрх эмийг Х.Хулан эмч Таиландаас авч ирүүлж, үнийг нь даруй хоёр нугалан зарсан аж. Тиймдээ ч саяхан болж өнгөрсөн шүүх хурлаар түүнийг хордлого тайлах эмийг хоёр дахин үнэлж зарсан хэмээн бу­руут­гасан билээ.

Зөрчил үүгээр дуусахгүй. Х.Хулан­гийн нөхрийн дүү Н.Чимгээ гэгч бүсгүй Наркологийн төвийн Хүний нөөцийн албаны даргын алба хашаад нэлээд олон жил болж байгаа аж. Ер нь энэ эмнэлэгт Х.Хуланд таалагдсан хүмүүс л ажилладаг бөгөөд түүнээс айсан ажилчид буруу, булхайг нь нуусаар өдгөөг хүрчээ. Тэр ч бүү хэл дарга хатагтайд таалагдаагүй хүн энэ эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх талаар санахын ч хэрэггүй байсан гэдэг.

Ямартай ч энэ хүний гаргасан нотой, ноцтой хэргүүд эрүүл мэндийн салбарын нэр төрийг өөд нь биш, уруу татахуйц увайгүй үйлдэл байжээ. “Архинд донтсон хүмүүс тус эмнэлэгт хэвтэх нь нэг насны мөрөөдөл” гэж ярих нь ч бий.

Өнгөц  харахад  сандал ширээтэйгээ зууралдаж буй мэт боловч цаад ут­гаараа хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь мэдээж. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон байхад  ажилдаа орох гэж улайрч байгаа нь түүний энэ ажил хэр өгөөжтэй байсны илрэл гэлтэй.

“Судсаа ч олж  чаддаггүй  суви­лагчтай  эмнэлэгт хэн эмчлүүлэхийг хүсэх юм бэ. Ийм  байхад яаж монголчууд архинаас гарахав дээ” гэх хүмүүс тус эмнэлэгт олон байсан.

Эмнэлгийн удирдлагуудтай хол­боотой хэргүүдийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал та анхааралдаа авахгүй бол Х.Хулангийн асуудал намжаагүй байхад Эрүүл мэндийн газрын дарга С.Туултай холбоотой хэргүүд араас нь үргэлжлэх нь байна шүү.

 

Эх сурвалж:"Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш