logo
Орон сууцны хөтөлбөрт зарцуулах 10 тэрбум төгрөгийг энэ сард хийнэ

Орон сууцны хөтөлбөрт зарцуулах 10 тэрбум төгрөгийг энэ сард хийнэ

2012/09/21
“Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Ким Жанг Жинтэй ярилцлаа.

-“Хөгжлийн банк” өдөр бүр 98 мянган ам.долларын хүү төлж байгаа хэдий ч Засгийн газрын төсөл хөтөлбөрүүд гараанаасаа гарч чадахгүй байгаагийн учир юу вэ. Эсвэл энэ мөнгийг зүгээр хадгалах өөр шалтгаан байна уу?
-Манай банкны үйл ажил­лагааны чиглэл арил­жааны банкуудаас өөр. Арилжааны банкууд ашигтай гэсэн төс­лүүдэд л хөрөнгө оруу­лалт хийдэг. Гэтэл ма­найх Засгийн газраас хэрэг­­жүүлж буй, Монгол Улсын хувьд стратегийн чухал ач холбогдол бүхий тэр­гүүлэх салбаруудын төсөл хөтөл­бөрүүдийг сан­хүү­жүүл­дэг.
Хэдийгээр Засгийн газ­раас баталсан төслүүдэд мөнгө олгох боловч тодор­хой үе шатыг дамжих ёстой. Нэгдүгээрт, төслөө ба­тална. Хоёрдугаарт, сан­хүү­жилт горилж   буй   бай­гуул­лагуудыг тодорхой шал­гуур хангасан байхыг шаардана. Тухайлбал, Техник эдийн засгийн үзүүлэлт (ТЭЗҮ) гаргаж, төслийг бүрэн хийсэн байх ёстой гэх мэт. Үүний дараа шаардлага хангасан төслүүдийг Бараа, ажил үйлчилгээ худалдан авах журмын дагуу сонгон шалгаруулна.
Дараа нь манай банк­ны Зээлийн хороогоор оруул­­­даг. Зээлийн хороо ту­хайн материалыг шалган, хянаж, ТУЗ-д танилцуулах юм. Ингээд ТУЗ төсөлтэй танилцаж, хэлэлцсэний дүнд хөрөнгө оруулах эсэхийг шийдвэрлэдэг.
Засгийн газрын тогтоолд Монгол Улсын хөгжлийн банк стратегийн чухал сал­барын төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ гэж заасан. Үүний тулд тухайн хөрөнгөө яаж үр ашигтай зарцуулах вэ гэдэгт их анхаардаг.
-Одоогоор хэчнээн төс­лийг санхүүжүүлээд байна бэ?
-Бидний ажил удаа­ширсан мэт харагдаж байгаа хэдий ч өнөөгийн байдлаар 27 төсөл, хөтөлбөрийг сан­хүүжүүлэх зөвшөөрөл ол­госон. Үүнээс гадна 21 төс­лийн мате­риалтай танил­цаж бай­гаа. Дээрх 27 төслийг сан­хүүжүүлэхэд 532 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэхдээ бид тө­сөл санхүүжүүллээ гэхэд бүх мөнгийг нэг дор өгөхгүй. Хөтөлбөрийн явцыг харж, үнэлж байгаад, хөрөнгө зар­цуулалтыг нь хянасны дүнд дараагийн ээлжийн сан­хүүжилтийг хийх юм.
Өнөөдрийн байдлаар бид 93.3 тэрбум төгрөгийг төсөл хөтөлбөрүүдэд өгчих­сөн ба­й­­­­­­гаа. Тухайлбал, Улаан­баа­тар болон хөдөө орон ну­тагт хэрэгжих авто замын барилгын 13 төсөлд 46.5 тэрбум төгрөг олгосон. За­мын зураг төслийн таван төсөлд 871 сая, замын хя­налтын зөвлөгөө өгөх төс­лүүдэд 281.8 сая төгрөг олгосон.
Түүнчлэн жилийн зур­гаан хувийн хүүтэй орон сууцны төсөлд зарцуулахаар “Төрийн банк”-нд 30 тэрбум төгрөг өгсөн байгаа.
-Танай банк Монгол Улсыг хөгжүүлэх учиртай төслүүдийг санхүүжүүлнэ. Тий­мээс олон нийтэд хард­лага төрөх нь байх ёстой зүйл. Энэ онд “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх удирд­лага, ТУЗ-ын дарга нар со­лигдсон. Үүнд улс­төрийн болон ашиг сонирхлын зөр­чил байсан уу?
-Ч.Хашчулуун дарга энэ оны эхээр солигдсон. Түү­­­­нийг сольсонд  улс­төрийн  со­нирхол байсан гэж хэлж чадахгүй. Харин ТУЗ-ийн дарга Б.Батжаргал сон­­­­гуулийн дараа өөрөө хүсэлтээрээ гарсан. Б.Бат­жаргал ажлаа өгсний дараа Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаярыг ТУЗ-ийн даргаар томилсон. Тиймээс үүнд эргэлзэж, хардлага тээх шаардлагагүй болов уу.
-Гэхдээ Б.Батжаргал дарга ажлаа өгснийхөө да­раа ашиг сонирхлын зөр­чил байсан гэх агуулгатай захидлыг Сангийн яам руу хүргүүлсэн. Үүнийг тайл­барлахгүй юу?
-Бидний үйл ажиллагааг “Хөгжлийн банк”-ны ТУЗ хянаж, хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, ТУЗ бол “Хөгжлийн банк”-ны дээд байгууллага. Тиймээс ТУЗ-ийн талаар юу хэлэхээ мэдэхгүй байна. ТУЗ-ийн даргыг Засгийн газар томилдог. Манай тэр­гүүн дэд захирлын ажлын гэрээ дуусч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тиймээс энэ албан тушаалд хүн авахаар хэд хэдэн өргөдөлтэй та­нилцаж байгаа.
Гэхдээ  одоогийн байд­лаар шаардлага  хангасан  ма­­териал ирээгүй л байна. Манай ТУЗ-д нэр дэв­шүү­лэлтийн хороо бай­даг. Энэ хороо гурван хүнтэй ярилц­сан ч одоогоор тэргүүн дэд захирлын албан тушаалд тэнцэх нэгнийг олоогүй л байна.
-“Хөгжлийн банк”-наас санхүүжүүлэх ажлуудаас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр иргэдийн амьдралд шууд үр нөлөөгөө үзүүлнэ. Гэтэл “Хөгжлийн банк”-ны санхүүжилт орж ирэхгүй байгаагаас энэ ажил удааширч байгаа тухай яриа бий?
-Бид “Төрийн банк”-нд төсөл ёсоор 50 тэрбум төгрөг өгөх ёстой . Тэр шийдвэрийн дагуу эхний ээлжинд 30 тэрбум төгрөг өгсөн. Тиймээс “Төрийн банк”  энэ мөнгийг зарцуулж дууссаны дараа ээлжит санхүүжилтыг хийх юм. Одоогоор зарцуулж дуус­сан эсэхийг мэдэхгүй. Ер нь бид дараагийн мөнгийг өгөхөд бэлэн байгаа.
“Төрийн  банк” зээл хүс­­сэн хүмүүсийн мате­риал­тай танилцаж, шаард­лага хангасныг нь санхүүжүүлнэ. Бид есдүгээр сард 10, аравдугаар сард үлдсэн 10 тэрбумыг хийхээр төлөв­лө­сөн. Манай банк бие дааж шийдвэр гаргахгүй. Зас­гийн газрын холбогдох байгууллага, агентлагтай хамтарч ажилладаг. Зөвхөн манай банкнаас болж ажил удааширч байна гэж ойлгож болохгүй.
Манай банкны санхүү­жүүлэх төслүүд нийгэм, эдийн засагт онцгой ач хол­богдолтой, том хэмжээний бүтээн байгуулалтынх бай­даг. Ер нь “Хөгжлийн банк” зөвхөн санхүүжилт олгох л үүрэг хүлээсэн. Төслийг хэрэгжүүлэгч нь өөр бай­гууллагууд.
Гэхдээ холбогдох яамдаас ТЭЗҮ нь хийгдээгүй, бэ­лэн бус төслүүд ирүүлж байна. Эдгээрийн эргэн тө­лөлт болон хэрэгжих эсэх нь тодорхойгүй учраас шууд санхүүжилт хийх бо­ломж­гүй. Бид арилжааны банкуудаас өөр, бодлого хэ­­­рэгжүүлэх чиглэлийн банк учраас төсөлтэй маш на­­­­рийн танилцаж, судлах шаардлагатай.
Их хэмжээний төслийг санхүүжүүлэхэд яагаад бол­гоомжтой хандаж байгаа гэхээр улсын төсвөөс эргэн төлөлт нь хийгддэг. Гэтэл тэр мөнгө татвар төлөгчдөөс л гарах учраас бид няхуур хандах учиртай.
Манай банкийг үүсгэн, байгуулснаас хойш богино хугацаа өнгөрч байна. Гэхдээ энэ хооронд багагүй ажил амжуулсан. Монгол Улсын хөгжил бидний үйл ажиллагаа хэр ахицтай бай­гаагаас хамаарна. Өөрөөр хэлбэл бид улс ор­ны хөгжлийн өмнө үүрэг хүлээсэн. Засгийн газраас төсөл хэрэгжүүлэх тогтоол гаргамагц маргааш нь май гээд мөнгө өгч болохгүй.
-“Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаа хаалттай байдаг. Төрийн бусад бай­гууллага шиг олон нийтэд нээллтэй байж болдоггүй юм уу?
-Бололгүй яах вэ. Гэх­дээ бидний хийж буй ажил нууцын зэрэглэлд баг­­­тах юм бол хамаагүй мэ­­дээлж болохгүй. Бас тө­­сөл, хөтөлбөрүүдийг суд­­­­лах шатанд эцсийн шийд­­вэр гаргаагүй байгаа бол урьдчилаад хэлж бас болохгүй. Манайх удахгүй PR хариуцсан ажилтан авна. Ер нь бидэнд нууж хаах зүйл байхгүй. Учир нь бид Засгийн газрын төсөл хөтөлбөрүүдийг хэрэг­жүүлдэг.
-“Хөгжлийн банк” улс­төрөөс ангид байж чадах уу. Манай улстөрчид Засгийн газрын  хөтөлбөрүүдэд   орол­­цохыг санаархдаг нь нууц биш. Улстөрчдийн элдэв са­наархал банкны үйл ажил­лагаанд саад болдог уу?
-“Хөгжлийн банк”-ны хуульд бие даасан үйл ажил­­­лагаа явуулна гэж заа­сан. Улстөрчид манай үйл ажиллагаанд нөлөө үзүүлэх боломжгүй. Учир нь манай хөтөлбөрийг УИХ баталдаг.
-Монгол Улс анх удаа хөгжлийн банктай болсон. Энэ байгууллага хэвийн ажил­лахад хууль эрхзүйн орчин хангалттай байна уу?
-“Хөгжлийн банк”-ны хууль хэтэрхий баригдмал. Тиймээс бид  Эдийн  зас­гийн  хөгжлийн яамаар дам­­­жуулан зарим заалтыг өөрч­лүүлэх талаарх саналыг парламентад  өргөн барих гэж байгаа. Бид цаашид хуу­лиа барьж ажиллах уч­раас нөхцөл байдалд таа­руулж хуулийг өөрчлөх шаардлага гардаг.
Одоогийн байдлаар яг юуг өөрчлөх шаардлагатайг хэлэхэд  эрт байна. Парла­мент хэлэлцсэний дараа то­дорхой болно.
-“Хөгжлийн банк” Мон­гол­банктай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Арилжааны банк биш учраас бусдаас арай өөр. Тиймээс Монголбанк ма­найхыг шууд удирдахгүй. “Хөгж­лийн банк” 100 хувь төрийн өмчийн бодлого хэ­рэгжүүлэгч банк. Гэхдээ банк биш хөгжлийн бай­гуул­лага гэж ойлговол зохино.
-Өнгөрсөн сарын эхээр АН-ын бүлэг хуралдсан. Тэр үеэр “Хөгжлийн банк” тооцоолсон ёсоор ажил­лаж чадахгүй байна. Үр бүтээл багатай хэрнээ алдаг­дал ихтэй байна гэж шүүмжилсэн. Ер нь танайх алдагдал, зардлаа яаж нөхөх вэ?
-Бид Дунд хугацааны евро өрийн бичиг хэмээх бондын гэрээ байгуулсан. Тэрийг байгуулахдаа Сан­гийн яамтай Засгийн газ­рын баталгааны үндсэн нөх­­цөлийг тохиролцох гэ­рээг мөн байгуулсан. Энэ гэрээний дагуу бондоос орж ирсэн хөрөнгийн эх үүс­­­вэрийг Монголбанкинд хүүгүйгээр байршуулна гэ­сэн. Тэгэхээр тэндээс ашиг орж ирэхгүй гэсэн үг. Манай бонд Засгийн газрын 100 хувь баталгаатай учраас энэ гэрээг байгуулсан юм.
Бид алдагдлаа нөхөхийн тулд орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкуудад байршуулж, хүү тооцуулах тухай санал та­­вихад Сангийн яам зөв­шөөрөөгүй. Шалтгаан нь арилжааны банкуудад хө­рөнгөө байршуулах нь эрс­дэлтэй гэж үзсэн учраас. Арилжааны банкуудын хувьд 680 сая ам.доллар хэ­­­тэр­хий их тоо учраас эрсдэлтэй гэж үзсэн хэрэг.
Өнгөрсөн сарын 30-ны өдөр Засгийн газраас “Хөгж­лийн банк”-ны хө­рөнгийн эх үүсвэрийн чөлөөт үл­­дэгдлийг зарцуулах тог­тоол гарч, энэ үлдэгдлийг Төвбанк, Засгийн газрын үнэт цаас болон арилжааны банкуудад вексель хэлбэрээр байршуулж болно гэсэн. Энэ тогтоол гарсны дагуу энэ сарын 17-нд Засгийн газрын баталгааны үндсэн нөхцөлийг тохиролцох гэ­рээнд өөрчлөлт гарсан. Тий­­мээс бид арилжааны банкуудад  барьцаатайгаар хө­­рөнгөө байршуулах бо­ломж­­той болсон. Арилжааны банкуудад хөрөнгөө байр­шуулахаас гадна, орлого олох төслүүдэд хөрөнгө оруу­лахаар болж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш