logo
Даргын өвчин (шог өгүүллэг)

Даргын өвчин (шог өгүүллэг)

2012/09/21
-Орох уу, дарга аа! гээд нэг нөхөр шагайснаа зөвшөөрөөгүй байхад орж ирээд муур шиг мярайн алхсаар ширээний дэргэд ирээд, бас дахин нялуурч,

-Сайн байна уу? дарга аа! гэж мэндлэх нь нэг л жоготой юм гуйхаар ирсэн нь тодорхой гэж би удирдлагын хүний ухаанаар дүгнэв. “За энэ мууд царай өгөхгүй байсаар ахиухан юм салгах юм шүү” гэж дотроо аль хэдийнэ бодож амжаад, дахин ам ангайхаас нь урьтаж,

-Байхгүй, байхгүй гэж ширүүхэн хэлээд догшин царайлав. Орж ирсэн зочин маань миний өөдөөс гайхан харснаа,

-Дарга аа, би танд… гээд ярьж эхлэхээр нь үгий нь тасалж,
-Чадахгүй чадахгүй гэж хэлээд гарыг нь дагуулан харлаа. Зочин маань бүр мэлмэрэн гайхаж,
-Та чинь юугий нь ч мэдээгүй байж, яагаад мэдэхгүй чадахгүй гэж хашгираад байгаа юм бэ? гэж хэлэхдээ намайг занан шүдээ зуух мэт боллоо. Би зангидсан гар луу нь харан зангаж, хүйтэн царайлан инээв.

-Мэдэж байна мэдэж байна гэж царайгаа хувирган нүд ирмэлээ. Зочин мангар маань юу ч ойлгосон шинж алга. Би дотроо “Энэ муу хог хоосон ирчихээд надаас юм салгана гэж гонж. Ёстой зангууны үлгэр байлгүй” гэж бодтол, юуг ч юм үнэнээсээ харамлах сэтгэл төрж байна.
-Үгүй дарга минь, танд тун чухал юм хэлэх гэсэн юм сан гэхэд нь, “Тэгнэ байхаа чи. Гайгүй байлгүй, юм гаргаж тавихаас наана ч би бул хар чулуу юм байхаа! Чухал гэнэ шүү, гэндүүлэх нь. Тэгж ярихгүй ээ” гэж бодлоо.

-Чи тэгээд юун чухал юм айлтгах гээд байгаа нөхөр вэ?
-Танай авгай чинь намайг явуулсан юм аа…
“Ухай! Авгайтай маань орооцолддог нөхөр байх нь. Тэгсэн ч гэсэн үгүй юм байхаа. Алган дээр юм тавиад ар нь аятайхан байвал ам нээж болох юм. Бусдаар бол ам алдана гэдэг алдас байлгүй” гэж гүрийн бодож суулаа.

-За хө манай авгайг яаж таньдаг билээ? гэж асуучихаад, “Авгайг таньдаг гэж жүжиглээд надаас юм салгана гэвэл санасны гарз!” гэж бодон өөрийнхөө ухаантайд бишрэв. Гэтэл зочин маань үзээгүй юмаа үзсэн шиг харснаа, -Манайхан, манай ажилчид бүгдээрээ л танай авгайг таньдаг шүү дээ гэж байна шүү. “Өө бүр авгайг маань биеэ үнэлэгч болгочихсон байх шив. Тэр ч ёстой зүүд юм байхаа” гэж бодохоос уур дүрсхийгээд явчихлаа. Би тэссэнгүй ширээ шаан босч,

-Юу ярих гээд байгаа юм бэ? Түүнийгээ яриад, гар цайлгаад гар гэж тушаалаа.
-Дарга минь тайвшир! Хүүгээ нисэхээс өмнө ирээрэй гээд энэ мөнгийг авгай чинь өгч явуулсан юм гэлээ. Би ч хүүгээ гадаад явахыг гэнэт санан сандарлаа.

-Чи тэгээд эртхэн хэлэхгүй яасан нөхөр вэ?
-Та л өөрөө гар ганзага хоёр хараад хэлүүлэхгүй байсан шүү дээ!

Би дарга болсон цагаасаа хойш анх удаа доод тушаалтны өмнө арчаагүй царайлж үзэх нь тэр. Ээ дээ! Энэ даргын өвчин үү? Нэг л өдөр хүнийг ална шүү.

Д.Самдан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш