logo
 “Эдийн засгийн хямралын эсрэг Монгол бэлэн үү” хэлэлцүүлэг боллоо

“Эдийн засгийн хямралын эсрэг Монгол бэлэн үү” хэлэлцүүлэг боллоо

2012/09/21
Тусгаар тогтнолын ордонд “Эдийн засгийн хямралын эсрэг Монгол бэлэн үү” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Олон улсын эдийн засгийн шинжээч Д.Даваасамбуу, Эдийн засгийн хүрээлэнгийн зөвлөх доктор С.Будням нар илтгэл тавьсан юм. Д.Даваасамбуу бодит эдийн засгийн суурь нөхцөл сайн байгаа ч Засгийн газрын буруу шийдвэрээс үүдэн гарсан үр зардал их байгааг онцолсон юм. Тухайлбал, төмөр замыг яаралтай бариагүйгээс Хятадын тээврийн компани, жолооч нарт жилд нэг тэрбум ам.доллар төлж байгааг иш татав. Тэрбээр хямралд бэлдэхэд Монголбанкны бодлогын хүүг бууруулах, иргэд байгууллагын хадгаламж, харилцахыг батлан даасан хуулиа үргэлжлүүлэх, мал аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хэрэгтэй гэсэн саналыг хэллээ. Эрдэмтэн С.Будням байгалийн баялаг зардаг эдийн засгаасаа үйлдвэржсэн эдийн засагтай болох чиглэл рүү явбал дэлхийн нийтийг хамарсан хямралд өртөхөөс сэргийлнэ гэж үзэж байлаа. Түүнчлэн үйлдвэржсэн эдийн засгийн дараагаас мэдээллийн технологижсон эдийн засагт хурдан шилжих хэрэгтэйг дурдав. Сангийн дэд сайд Г.Ганхуяг “Хямрал болоогүй байна. Хямрал болсон мэтээр сэтгэж ярьж болохгүй. Хятад, Европ, АНУ хямралын эсрэг ажиллаад эхэллээ. Бид хямралд өртөхгүй өнгөрч ч магадгүй. МАН сөрөг хүчин болсон. Тиймээс эрх баригчдаас төсвийн тогтвортой байдлын сахилга батыг хангах, болзошгүй хямралаас сэргийлэх бодлого хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш