Аравдугаар сарын 2-нд буюу намрын дунд сарын шинийн 17-нд Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр тохиож буй гэнэ. Тиймээс тус өдөр “Энх тайвны бэлэг” сангаас Төв цэнгэлдэх хүрээлэнд гэрэлт зул хөөргөх ёслол зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаанд 8000-аад хүн оролцох гэнэ. Энэ ёслолыг бурхан багшийн дүйчин өдөрт зориулж жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд энэ удаад улс орон, түмэн олныхоо эв нэгдэл, энхтайвныг бэлгэдэж буйгаараа онцлогтой гэнэ. Ёслолд ашиглах гэрэлт зулыг Тайланд улсаас оруулж ирдэг бөгөөд байгальд болоод хүнд хор нөлөөгүй мод, калькан цаасаар хийсэн байдаг аж.