logo
 Хадгаламжийн даатгалын тухай хуулийг батлуулна гэв

Хадгаламжийн даатгалын тухай хуулийг батлуулна гэв

2012/09/21
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ээлжит бус чуулганы хугацаанд тус байнгын хороо нь улсын төсөвт тодотгол хийх асуудалтай холбогдуулж алдагдлыг ДНБ-ийн таван хувиас хэтрүүлж болохгүй гэдэг чиглэл өгсөн байна. Үүний үр дүнд төсвийн алдагдал дээр дурдсан тоонд баригдаж батлагдсан. Мөн бодит секторыг дэмжих ёстой хэмээн үзэж, Зээлийн батлан даалтын санд таван тэрбум төгрөг суулгаж өгсөн. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд таатай боломж олгож, цаашлаад ажлын байр бий болох боломж бүрдүүлсэн хэмээн тус байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар хэллээ. Түүнчлэн төсвийн тодотголтой холбоотойгоор уул уурхайн бус экспортыг дэмжих, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарыг дэмжих хүрээнд ч нааштай заалтууд тусгаж өгсөн тухай онцолж байна. Ирэх аравдугаар сард намрын ээлжит чуулган эхлэхэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нь Төрөөс мөнгөний талаар баримтлах 2013 оны бодлогыг УИХ-аар хэлэлцүүлнэ, Мөн Үнэт цаасны тухай хуулийн төсөл, Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслүүдийг ч араас нь хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсныг энэ үеэр дуулгалаа. 2009 онд дэлхий эдийн засгийн хямрал нүүрлэж, тэр нь Монгол Улсад тусахад банк, санхүүгийн салбар бэрхшээл учирсан юм.  Тиймээс төр иргэдийн мөнгөн хадгаламжид баталгаа гаргасан. Харин энэхүү баталгаат хугацаа 2013 оны нэгдүгээр сарын 1-нд дуусгавар болох тул түүнээс урьтаж Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах шаардлага үүсч буй юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш