logo
Цуврал аллагын дараагийн хохирогч нь ТА

Цуврал аллагын дараагийн хохирогч нь ТА

2012/09/21
Амьд явах баталгаа алга гэдэг үг сүүлийн долоо хоногийн хит үг болж байна. Ганцхан долоо хоногт таван ч хүний амь “захиалга”-тайгаар хохирчихлоо. Мэдээж хүний амь хохироосон буруутан олдохгүй, олсон ч шийтгэх хүнгүй, хэрэг гарах гээд байгааг мэдээд байгаа хэрнээ нуун дарагдуулаад хүний аминд хүрсэн мэргэжлийн байгууллага ч хариуцлага хүлээхгүй. Ер нь бол азгүй төрсөн хүний буруу болж, хохирч үлддэг жишиг тогтоод байгаа учраас амьд явах баталгаа алга, амьд явна гэдэг сугалаанд хожихоос ч хэцүү болж гэдэг үг ердийн хэрэглээ болжээ.
Барилгын салбар бол хамгийн их мөнгө эргэлдүүлж, угааж болдог том талбар. Монголд хийгдэж байгаа бизнесээс гаргасан зардлаа нэг хэсэг нугалаад олчихдог салбар барилгаас өөр алга. 1м2 нь 800 мянган төгрөгөөр элбэгхэн босч байгаа ч 2 сая төгрөгөөр борлуулагдаж байна шүү дээ. Тийм ч учраас туйлшруу Монгол зан, ханаж цаддаггүй шунал нийлээд улс төрчдийг соронздон оруулсан барилгын салбар цуврал аллагын обьект нь болж хувирчээ. Жирийн Алтанхуяг ажил, бизнесийнхээ зарчмаар барилгаа бариад, улстөрч Алтанхуяг нь орчныг нь бүрдүүлээд хяналтаа тавих механизмыг нь бүрдүүлээд явсан бол барилгын салбар цуст аллагын талбар болохгүй л байсан байх. Нүгэл нүдээрээ гарч, гэмгүй хүний амиар “туг” тахиж байж бидэнд энэ муу муухайг зах зухаас нь ил болгож өглөө. Улс төржилтийн цаана авилга нэвт шингээстэй байдаг гэдгийг одоо хэн ч мэднэ.
Хүүхдийн паркаас “дээрэмдсэн” Сөүл ресторанд Солонгос хэлнээс хөрвүүлдэг Өнөрболор гэгч тодордог байв. Тухайн үедээ тэр хатагтай барилгын салбар ашиг өгнө гэдгийг олж харж чадсан адтай дамшиг. Тэрээр хамгийн анх Чингис зочид буудлын ард Сөүл хотхныг бариулж, хэд нугалсан өндөр үнээр дамлаж байлаа. Тэр үеэс орон сууцны үнэ хаданд гарч, юм үзээгүй Монголчууд нэгнийхээ дээр гарах гэхдээ “дотоож”-оо ломбардаж, эхнэрээ биеийг нь үнэлүүлж, өөрсдөө хулгай, луйвар хийх шахам болж байж олсон хэдэн төгрөгөөрөө өнөөх үнэтэй байрыг нь худалдан авч зиндаа дээшилж байлаа ш дээ. Гэтэл тэр барилгыг ямар материалаар, хэнээр, яаж, хэдэн хүнийг золигт гаргаж байж тийм өндөр үнээр зарж байгааг нь нэг ч цээжэндээ өвчтэй баячуул сонирхоогүй л дээ. Тэр үеэс барилгын салбар дан доллар болж харагдаад бүгд шахам хошуурч байв. Хорьхон жилийн дотор газрын наймаа, чанаргүй барилга, орон сууцны үнэ ор үндэсгүйгээр нэмэгдсэн, рекет хийж мөнгө салгах авилгын сүлжээ хөгжсөн үзүүлэлт бий болсон байна.
Нэг барилга барих зөвшөөрөл авах гэж 147 гарын үсэг цуглуулдаг гэдэг байлаа. Өөрөөр хэлбэл 147 хүн хувь хүртэнэ гэсэн үг. Харин Ц.Элбэгдорж ерөнхий сайд байхдаа зөвлөхийнхөө хүүхдийн улаан хувинд 147 гарын үсгээс нэлээд хэдийг нь ураад хаячихаж билээ. Одоо тэгээд 60 гаруй болсон гэсэн. Харамсалтай Ц.Элбэгдорж, хөдөлмөр аюулгүй байдлын, хүний амь нас хохироож мэдэх асуудалд хазаарладаг байсан гарын үсгүүдийг нь ураад хаячихсан юм биш байгаа даа гэдэг хар саяхнаас төрөөд байх юм. Ямар ч байсан 60 гаруй гарын үсэг цуглуулах гэж авилгаддаг, тэдгээр нь төлбөрөө аваад гарын үзсэг зурсан учраас эргэж шалгаж, хянаж, шахна гэдэг байж болшгүй зүйл болсон хэрэг. Дээр нь том дарга, улс төрч, сайд, шадар сайд, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч тэргүүтний барилгын ажил явагдаж байхад Мэргэжлийн хяналтын байцаагч гэж жижиг гар шалгаад, үзээд байж таарахгүй л дээ. Тэгэхээр газрын наймаачдын “загалмайлсан эцэг”, чанаргүй барилгын “автор” тэргүүтнээс эхэлж шүүж байж энэ салбар илаарших байх. Тэднийг шүүх цагийг энэ үеийнхэн үзэх болов уу яах бол. Ямар ч байсан дахиад нэлээд хэдэн хүний амь хэрэг болох байх.

2008 оны хямралаар баяжсан нь барилгынхан бас О.Чулуунбат

2008 онд гадаад ертөнцөд хоёр банк дампуурч, өнөөхийн сургаар эдийн засгийн хямрал манайд зохиомлоор нүүрлэсэн. Энэ үед Барилгын компаниуд дампуурлаа, сүйрлээ, байр нь зарагдахгүй сөнөлөө гээд бөөн юм болж байлаа ш дээ. Тэгсэн хэрнээ үнээ буулгахгүй гүрийгээд байсан. Тэр үед нь Ц.Элбэгдорж Барилгын салбарынхтай уулзаж, учир явдлаа яриад, хямрал нүүрлэсэн энэ үеэ ашиг олохгүй ч хохирол багатай давах санаачлага гарган, 1м2-ийн үнийг 600 мянгаас хэтрүүлэхгүйгээр зарах, төрөөс төрийн албан хаагчдаа дэмжиж, 4000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж, найман хувийн хүүтэйгээр зээл олгох болж байв. Гэтэл мэргэшсэн банкир, тухайн үедээ МАН-ын нэрээр УИХ-д сууж байсан, одоо МАХН-аас дэд сайдаар томилуулах гээд байгаа О.Чулуунбат “Барилгын ассиоцаци” гэгчийг байгуулан удирдах зөвлөлд суучихаад барилгын компанийн боссуудыг турхирсаар байгаад байрны үнийг буулгуулаагүй, төрийн мөнгөөр ард түмэнд үнэтэй орон сууц шахуулсан ш дээ. Дундаас нь хамгийн их ашиг хонжоо хүртсэн гэж одоо хэр нь хүмүүс ойлгодог. Яагаад гэвэл барилгыхныг 600 мянга болтол нь байрныхаа үнийг буулгах юм бол дампуурна, барилга чанаргүй баригдана гэдэг ухуулгыг өөрөө их хүчтэй хийсэн. Гэтэл Ц.Элбэгдоржтой хийсэн тохироо нь баригдаад улсын комисс хүлээгээд авчихсан хэрнээ зарагдахгүй байгаа барилгынхаа нэгжийн үнийг бууруул, харин төр албан хаагчдадаа худалдаж аваад бага хүүтэй зээл хэлбэрээр өгье гэсэн санаа. Харин О.Чулуунбатын байгуулсан ассиоцаци нь барьсан бариагүй барилгын үнийг буулгахгүй, барилга чанаргүй баригдана, компаниуд дампуураад сэхэхгүй гэж гуйвуулаад, 4000 гаруй иргэд үнэтэй шахааны байрны зээл төлөгчид болчихоод яваагаа одоо хэр сайн ухаж ойлгоогүй л байгаа. Банкуудаас зээл авч байр авна гэдэг бүтэхгүй мөрөөдөл байсан, байгаа юм чинь. Тэр үеэс л барилгын нэгжийн үнэ буурна гэдэг ойлголтыг нэг мөсөн “аборт” хийчихсэн нь барилга барьж ашиг ологчдыг улам бүр хөөрөгдсөн. Ашиг олж, мөнгөжих тусам үнээ өсгөн шунаж, хөдөлмөр аюулгүй байдлыг хөсөр хаяж, хямдхан хужаа нараар ажиллах хүчээ болгосон барилгын компаниудын уршгаар өнөөдрийн энэ олон чанаргүй хэрнээ хаданд гарсан үнэтэй барилгууд, олон хужаагийн үр садыг хэвлийдээ тээсэн монгол охид, амиа алдах хохирогчид бий болсон. Мэдээж төр засгийн бодлого, хууль, хяналт энэ тэр нь хулхи болсон нь нэмэгдэнэ л дээ. Хамгийн эмэгнэлтэй нь О.Чулуунбат гэдэг улс төрч өнөөдөр барилгын салбарын аллагыг зогсоох талаар нэг ч үг хэлддэггүй, нөгөө сүрхий “Барилгын ассиоцаци” нь сураг алдарчихаад байна. Тэдний толгой дээр тоосго унагаж үзэх юмсан. Яах бол?  

Үхэл үнэртсэн байр өндөр үнээр аваарай
Монголчууд шүтлэгтэй ард түмэн. Аливаа том гэрээ хэлцэл, худалдан авалт, эхнэр нөхөр бололцох, хүүхдийнхээ даахийг үргээх, хол газар явах зэрэгтээ лам хуврагт хандаж, ном сонин уншуулж, засал гүрэм хийлгэдэг. Гэтэл өдөр бүр хүний аминд хүрч байгаа чанаргүй барилгад сэжиг сүжиг нь хөдлөхгүйгээр худалдаж аваад байгааг нь ойлгохгүй юм. Дотор газрын барилгачид өтгөн шингэнээ барьж буй барилгынхаа хаа дуртай газраа ялгаруулна, хэрүүл зодоон хийнэ, нус цэрээ хаях энүүхэнд гэдэг нь мэдээллийн хэрэгслээр олонтаа дэлгэгдэж л байсан. Муу муухай бүхнийг цээрлэдэг хүмүүс үүнийг тоох янз алга аа. Ер нь бид хуруу хумсаа хуйхалж олсон хэдээрээ хулхи барилгыг өндөр үнээр худалдаж авдаг, өндөр хүүтэй зээлж тэнэгтдэгээ больчихоод чанар нэхээд суучихвал заавал төр засаг, Мэргэжлийн хяналтынхны оролцоогүйгээр Барилгын салбарыг шахаанд оруулж болох мэт. Компани, аж ахуйн нэгжүүд ч нэгийг бодож, хоёрыг тунгаагаад бараагаа борлуулах гэж адаглаад үнээ буулгана, цаашлаад давуу талуудаа нэмэгдүүлж л таарна байх.    

Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу
Сүүлийн өдрүүдэд дараалан гарсан ослуудын гол буруутан нь Мэргэжлийн хяналтынхан болчихоод байгаа. Хотын дарга удирдлагыг нь халах санал оруулсан ч өөрчлөлт орох шинжгүй байна. Гэтэл Барилгын салбарын энэ хүртлээ доройтсон, хүний амийг үнэгүйдүүлэх хэмжээнд хүргэсэн гол бурууг дан ганц мэргэжлийн байгууллага хүлээх ёстой юу гэх асуулт гарч байна. Үе үеийн хотын дарга нар, салбарын яам, Засгийн газар нь хариуцлагын гадна үлдэх ёстой гэж.
Зөвшөөрөлгүй, аюул дагуулсан барилгууд таван хүний аминд хүрчихээд байхад салбарын яам нь таг дүлий. Улстөржих дуртай долоон гишүүн л ордонд хэвлэлийн хурал хийж, шийднэ гэж том дуугарч байна. Тэд шийднэ гэж зарлаад нэг хоног цаашлаад идэвхжих хүртлээ хэд ч хонох юм билээ. Буруутнаар хэнийг тодруулж ямар арга хэмжээ авах нь сонин. Нэг сүрхий барилгын цаана нэг хэсэг эрх мэдэлтэн байгаа хойно эцэстээ “тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу” гэдэг асуудал дээр очоод гацаж таарах байх. Тодруулбал, Долдугаар сарын нэгний буруутан нь олдохгүй хэн нь анхдагч буруутанг тогтоож чадахгүй, одоо цагдаагийн дөрвөн удирдлагаар туг тахиад дуусгах гээд улайраад байгаа шүү дээ. Гэтэл барилгын салбар таван өдөр дараалан таван хүнийг алчихаад байгаа гэдгээрээ дуулиант долдугаар сарын нэгний асуудалтай статусаараа адил, бүр нарийн ярьвал түүнээс ч өндөр хэмжээнд авч үзэх асуудал баймаар. Гэтэл Ерөнхий сайд нь таг. Ард түмнийхээ төлөө бүлэг нэхээд байгаа МАН таг, хамгийн түрүүнд шийдэх ёстой нийслэлийн иргэдийн хуралд суусан МАН-ынхан завсарлага аваад таг. Хүний эрхийн байгууллагууд таг. Хуулиа биелүүлэхийг шаарддаг Шударга ёс эвсэл, иргэдийн хөдөлгөөнүүд бүр таг. Зартай тэмцэгч З.Баянсэлэнгэ, “Урбанек”-ын Б.Лхагважав таг. Ард түмнийхээ эв нэгдлийн билэг тэмдэг ерөнхийлөгч таг. Шаварт унасан шарын эзэн Э.Бат-Үүл захирагч л суурин дээрээ хашгирахаас хэтэрдэггүй. Өчигдөр айлчлал хийгээд алга боллоо, өнөөх маань.
 Тэгэхээр “Алуурчин” барилгынхны асуудлыг нэг тийш болгож, амьд явах баталгаа олгох төр засаг өнөө маргаашдаа идэвхжихгүй л юм байна. Ер нь бол энэ салбарт өнөөдөр л ийм гамшиг нүүрлэсэн юм биш анхнаасаа ч байсан, одоо л мэдээллийн хурд, нээлттэй байдал, иргэдийн сонор сэрэмж зэргээс шалтгаалан харьцангуй ил болсон хэрэг. Өнгөрсөн жил барилгын салбар гарсан ослын тоо 19 байж. Харин энэ сарын эхний хагаст таван хүн амиа алдсан байна. Бэртэж гэмтсэн тоо бол хэдэн зуу даваад явж өгнө. Гэвч үүнийг тоох хайхрах субьект алга. Тиймээс барилгын салбарт хохирогч нэмэгдсээр л байх болно. Магадгүй дараагийн хохирогч нь та байхыг үгүйсгэх аргагүй байна.
Бурхан минь, бусад нь ч яахав, амьд л үлдэх юмсан. 
Э.Болор
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш