Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн Монголын сэтгүүлчдийн эвлэлийн шагналт нэрт сэтгүүлч Даваасамбуугийн Хатанбаатарыг энэ дугаарынхаа зочноор урьсан юм.
Урлагт зүтгэсэн он жилүүд
-Одоо бодоход би өөрийг тань анх харсан нь бараг тавиад жилийн тэртээд байх нь. Миний бага залуугийн анд Б.Цогоо, С.Баярсайхан нар жараад онд Улсын симфони найрал хөгжмийн хөгжимчид байлаа. Тэдэнтэйгээ уулзах гээд очиход л харагддагсан. Ингэхэд өөрөө хөгжимчин болдог нь ер нь ямар учир жанцангаас үүдэлтэй эд вэ?
-Хөгжим гэснээс энд нэг оршил “аялгуу” байгаа юм. Би бүр багаасаа цэргийн хөгжмийнхөнд ойрхон өссөн хүн. Миний балчир нас Бөхөг, Түргэний голд байрлаж байсан ардын цэргийн нисэх хорооны хавь орчинд өнгөрсөн. Цэргийн хорооны дайчид, ер нь тэр орчныхныг үлээвэр найрал хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй. Баяр ёслол, парад жагсаал, оройн тоо гээд хөх тэнгэр дор хөгжим эгшиглэхгүй өдөр өнгөрөх нь ховор. Тэр л хавийн уул толгодын дунд хөл нүцгэн дэгдэж явахдаа би домогт хурандаа Навааны Цэрэнпил гуайн алдарт маршуудыг анх сонссон. Өөр нэгийг хэлэхэд өнгөрсөн зууны тавь, жараад онд хот хөдөөгийн арван жилийн ихэнх дунд сургуулиуд үлээвэр найрал хөгжмийн сайн бүрэлдэхүүнтэй байсан. Хоорондоо бас өрсөлдөөнтөй. Энэ бүхэн нь цаг үедээ хөгжмийн урлаг, соёлыг өсвөр үеийнхний дунд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх нэг сонин арга, хэрэглэгдэхүүн байсан. Хөгжмийн урлагийн шат дараалсан сургуулиар яваагүй ч тэр үеийнхэн дундаас мэргэжлийн хөгжмийн урлагт хөл тавьж өөрийн авьяас, хичээл зүтгэлээрээ бүр өндөрт мандсан хүмүүс ч байдаг. Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжмийн удирдаачаар олон жил үр бүтээлтэй ажилласан урлагийн гавьяат зүтгэлтэн Цэдэвийн Баатаржав агсан гэхэд л гуравдугаар дунд сургуулийн үлээвэр найрал хөгжмийн тэргүүн бүрээч явсан. Бид хоёр нас чацуу байсан юм. Миний хувьд гэвэл нийслэлийн зургадугаар дунд сургуулийн үлээвэр найрал хөгжмийн нэгдүгээр бүрээч болж байсан нь тавин есөн оны намар. Арав төгстлөө дөрвөн жил “гоцолсон” юмдаг. Тэр үед алив баяр ёслол, уралдаан тэмцээн, үдэшлэг уулзалт бидний оролцоогүйгээр, үлээвэр найрал хөгжимгүйгээр болдоггүй байсан. 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Армийн үлгэр жишээ найрал хөгжмийн бүрэлдэхүүнд гурван сар цэрэг хувцас өмсч бүрээгээ үлээгээд олон дайчдын тоосонд дарагдаж явлаа. Харин улсын симфони найрал хөгжмийн харьяат болдог нь 1962 оны намар юм.
-Хэн нэгний ивээл, нөлөө гэж юм байв уу?
-Ердөө л миний хувь тавилан хөтөлсөн хэрэг. Тэр үед дөнгөж байгуулагдаад байсан Эдийн засгийн дээд сургуулиас баримт бичгээ аваад зугтсан хүн нэг л өдөр Улсын симфони найрал хөгжмийн дагалдан хөгжимчин болж билээ. Намсрайжав багш өөрөө шалгаж авсан юм. Хэдийгээр би өөрийгөө зургадугаар сургуулийн найрал хөгжимд бараг л “гоцлооч” байсан мэтээр ойлгуулахыг хичээж байсан ч надад хийл хөгжим сурахыг л үүрэг болгож билээ. Хийлээр хөгжимдөхийн цагаан толгой заасан нь миний анхны багш Доржийн Загнуур гэж сайхан буурал, одоо ч байгаа. Өөрөө бол дөчөөд оны дунд үеэр Хятадын алдарт хөгжимчин Си-Син-Хайгаар хөгжим заалгасан хүн. Би тэнд зургаан жил ажиллаж хөгжимдөхүйн урлагт сурахын төлөө хэр чадлаараа зүтгэсэн. Театрын тайзан дээр олны дунд нэг бус удаа гарсан. Одоо эргээд бодоход сонин сайхан санагддаг. Хүн ер нь бусдын болоод алив сайн үйлийн ач тусыг хожим санах нь их байх юм даа. Миний хувьд ч тийм л байлаа. Тэр он жилүүдийн өглөг буян намайг бас ирээдүйн зам мөрийг минь өөрөөр хөглөж өндөрт өргөж өгсөн гэдгийг нэлээн хожуу ухаарсан шүү. Би тэнд байхдаа л Л.Мөрдорж гуай, С.Гончигсумлаа гуай, Б.Дамдинсүрэн гуай, Ж.Чулуун гуай, Г.Бирваа гуай, Э.Чойдог гуай гээд ХХ зууны Монголын хөгжмийн урлагийн жинхэнэ домог болсон олон суутныг амьдаар нь харж, агаар орчинд нь амьдарсан. Монголын симфони найрал хөгжмийн жинхэнэ тусгаар тогтнолын эхний жилүүдийн үйл явдлын гэрч болсон. Энэ нь хүн бүхэнд эс тохиох ховорхон хувь хишиг юм даа. Өөрийнхөө төдийгүй өрөөлийн амьдрал орчныг хөг эгшиглэнтэй болгосон бурхадын дэргэд ажиллаж, амьдарна гэдэг нэг л өөр учир тавилан. Хожим нь хойно их сургууль дүүргэж сэтгүүлч мэргэжилтэй болж ирээд төвийн сонинд ажиллаж байхдаа бүгдтэй нь уулзаж ярилцлага хийж олны хүртээл болгож байлаа. Шартсан үед нь зарим бурхдыг бас шарз марзаар дайлж л явлаа.
-Намсрайжав гуайн тухай бол сонин дурсамж их л байдаг байх даа...?
-Байлгүй яахав. ХХ зууны дунд үеэр манайх өрнийн улс орны жишгээр симфони найрал хөгжимтөй болсон нь соёл урлагийн салбартаа олсон том ололт. Ц.Намсрайжав багш бол яах аргагүй анхны маэстро. Хувь хүнийхээ тухайд бол маш их хүнлэг, ноён нуруутай, “зүггүй” байрын шогч хүн шүү дээ. Симфони найрал хөгжим, Намсрай багш, түүний гэргий дөрвөн хүүгийн нь ээж, монгол улсын гавьяат жүжигчин, нэрд гарсан хийлч, гоо сайхнаараа хэн хүнийг уяраан гайхашруулж явсан Д.Цэрэндолгор гуайн тухай уржнан жил “Гэгээн домгийн чуулбар”, “Эрхэмсэг эгшиглэнг дурсахуй” гэсэн хоёр ч ном бичсэн. Олон хүний хэлсэн сонин дурсамжуудыг ч багтаасан .
-Хойшоогоо сурахаар явдаг чинь хэдэн онд билээ дээ?
-1968 онд. Сэтгүүлч болно гэдэг бол миний хувьд ухамсартай сонголт байсан. Багын мөрөөдөл. Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуульд очоод Москвагийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсгөөд ирж байлаа. Би уг нь Мэдээлэл радио телевизийн улсын хорооны нэр дээр суралцсан, ном журмаараа бол радио, телевизийн хүн болох учиртай. Гэтэл сонирхол бол сонинд. 1974 онд сургуулиа төгсгөж ирээд Монголын радиод хоёр жил хэртэй болоод хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд “Залуучуудын үнэн” сонинд ажиллахаар ирж байлаа. Н.Мятав гуай тэр үед Мэдээлэл радио телевизийн улсын хорооны нэгдүгээр орлогч дарга байсан. Намайг дэмжсэн юм шүү. Өөрөө нэгэн цагт “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч явсан болохоороо надад ч сониндоо ч элгэмсүү хандсан нь тэр байхаа. Би залуучуудын хэвлэлд 1976 оны есдүгээр сараас 1990 оны дөрөвдүгээр сар хүртэл ажилласан юм. Миний хувьд бол яах аргагүй гэгээн дурсамж.
-“Залуучуудын үнэн” сонин цаг үедээ үнэхээр нэр хүндтэй байлаа шүү дээ?
-Маргах юм байхгүй. Үүнтэй холбоод хэлэхэд сэтгүүл зүйд татагддаг нь миний хувьд анхнаасаа “Залуучуудын үнэн” сонинтой холбоотой юм. Жар, далаад оны залуусын хүсэн хүлээж уншдаг, сэтгэлдээ нийцсэн нийтлэлүүдийг нь хайчилж аваад бие биедээ дамжуулж сонирхуулдаг, нандигнаж хадгалдаг, сэтгүүлчийн ажилд дур сонирхолтой, ажилтан нь болохыг мөрөөддөг сонин нь “Залуучуудын үнэн” байсан. Нэг л өөр, сэтгэлд ойр дотно санагддаг байж билээ. Би бол жараад оны эхэн үеийн уншигч, талархагчдын нэг. Тэр үеийн эрхлэгч нь нэрт сэтгүүлч Сумъяагийн Жамбалдорж гуай. Москвагийн их сургуулийг төгсгөсөн, өндөр боловсролтой, сайхан сэтгэлтэй, нээлттэй, юм юманд авхаалж, санаачилгатай өөрийн гэсэн бүтээлтэй хүн байж билээ. Сэтгүүлч нийтлэлчийн хувьд би өөрийгөө энэ сонины л үе үеийн бүтээлч хамт олны дунд өсч өндийж уран бүтээлчийн хувьд төлөвшсөн гэж бодож явдаг. Өнгөрсөн он жилүүдэд өөр ямар нэг сонин сэтгүүлд ажиллаж байсангүй. Намтар түүхэндээ бол нэг л сонины нэр хаягтай хүн. 90-ээд оны эхээр нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж байхад “Монголын Залуучууд” нэрээр нэг хэсэг гарсан. Гэхдээ сонины нэр сольсон нь нэг их буруудаагүй гэж боддог. Харин оносон ч байх. Тэглээ гээд сайн юм ер болоогүй. Олон жилийн намтар түүхтэй, нэр хүндтэй том сониныг тэрхэн зуур устгаад өв хөрөнгийг нь үрэн таран болгож орхисонд үнэхээр харамсдаг. Монгол Улс хүүхэд залуусын орон гэж дээр доргүй ярьж тунхагладаг байсан хэрнээ хүүхэд, залуучуудынхаа олон жил оршин тогтносон хэвлэлийн цаашдын хувь заяаг тэр үед хэн ч анхаараагүй. Гаргуунд нь гаргасан. Орост бол Лениний одон тэмдэгт “Комсомольская правда” сонин одоо хэр нь унаган нэрээрээ гарч уншигчидтайгаа уулзаж л байгаа. Манайд харин эсрэгээрээ.
-Миний ууган шавь нарын нэг нэрт сэтгүүлч Ц.Балдорж 90 оны эхэнд хамтарч ажиллах санал тавьж байсан гэж сонссон юм?
-Ц.Балдорж нэгэн үеийн сэтгүүлчийн хувьд “Ардын эрх” сонины анхны дугаар гарахаас өмнө надтай уулзаад тодорхой ажил, болзол санал болгож байсан. Гэхдээ би татгалзсан юм. Одоо бодоход зөв шийдвэр гаргасан байгаа юм. Тэр цагаас хойш ямар нэгэн харьяалалгүй уран бүтээлчийн ёсоор л ажиллаж амьдарч байна. 90-ээд оны эцсээр МУИС-ийн сэтгүүл зүйн салбарт гурван жил багшилсан. Гэхдээ би багш хүн биш юм шиг байна билээ. Тэгээд л сургуулийнхаа удирдлагад саналаа хэлээд өргөдлөө өгөөд өөрөө явсан.
-Нэг хэсэг кино хийгээд завгүй яваа дуулддаг байсан?
-90-ээд оны дунд үеэр сонирхлынхоо дагуу киноныхонтой нэлээн явсан. Мэргэжлийн найруулагч, уран бүтээлчидтэй хамтраад хоёрын ч зэрэг уран сайхны бүрэн хэмжээний кино, телевизийн хэд хэдэн баримтат кино хийсэн. Хавайн олон улсын кино наадамд хүртэл оролцож явлаа. Кино урлаг сонирхолтой, ер нь бол өөрийгөө нэгэн цагт сорьж болох л ертөнц . -Хатанбаатар сэтгүүлчийн уран бүтээлийн замын эхлэлийг уншигчид сонирхож байгаа байх?
-Сургуулиа төгсгөж ирээд радиод ажиллаж байхдаа шинжлэх ухаан танин мэдэхүйн “Эрдмийн шим” нэвтрүүлгийг эрхлэн бэлтгэдэг байлаа. Сонинд очоод урлаг, соёлын чиглэлээр түлхүү ажилласан. Энэ тал дээр тэр үедээ намайг өдөөж их дэмжсэн хүн бол “Залуучуудын үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, дараа нь ерөнхий эрхлэгчээр нь ажиллаж байсан хүүхдийн нэрт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Жамбын Дашдондог юм. Өөрөө бол хүүхэд залуучуудын хэвлэлд заяагдсан хүн. Түүний өдөөлтөөр “Хоньчны нүд”, “Гагарины тухай өгүүллүүд”, “Домог ингэж эхэлсэн”, “Өөрийгөө захирч сур” зэрэг хэд хэдэн ном оросоос чадан ядан орчуулсан. Энэ нь сэтгүүл зүйд шинэ тутам хүнд олон талаар сургалт, дадлага болж байгаа юм. Дараа нь өөрийнхөө номыг гаргах хүсэл сонирхолтой бололгүй яахав.
-”Надягийн тухай тууж” гэдэг ном чинь анх наяад оны дунд үеэр их дуулиан дэгдээж билээ. Их ч олон залуус уншсан даа?
-Энд нэг зүйлийг хэлэхэд миний дал, наяад оны үед орчуулсан, бичсэн ном бүрийн эхлэл ямар нэг учир шалтгаанаар “Залуучуудын үнэн” гэсэн миний эрхэм нөхөртэй холбогддог юм. Сонинд ажиллахаар ирээд би залуу хүний ёсоор сонин хачин юм орчуулах их шохоорхолтой байлаа. Зөвлөлтийн, залуучуудын сонин, сэтгүүлийг ч их уншдаг байж. “Комсомольская правда”, “Юность”, “Ровесник”, “Собеседник” гээд сонирхолтой сонин, сэтгүүлүүд гардаг байсан. Бидний л уншдаг, үлгэр дууриал болгодог хэвлэл байлаа шүү дээ. Нэг удаа ”Юность” сэтгүүлд Надя Рушевийн тухай их сонин дурсамж гарсан байсныг олж үзээд орчуулж үзлээ. Тэр үеийн залуу сэхээтнүүд энэ хосгүй авьяаслаг зураач охиныг мэддэг л байсан. Москвад оюутан байхад түүний уран бүтээлийн үзэсгэлэн гарч Зөвлөлт орон даяар нэр цууд гарч байсан болохоор надад ч бас мэдээлэл, сонирхол байсан хэрэг. Тэр орчуулга сонинд гарсны дараагаар надтай холбогдсон анхны хүн нь манай нэрт зураач Надягийн аавын шавь С.Дондог байж билээ. Тэр надад их урам өгсөн. Дурсамжаасаа ч хуваалцсан. Зарим нэг баримт, гэрэл зураг үзүүлж байсан. Тэгээд л тэндээсээ халиад явчихсан. Хүн нэгэнтээ зүг чигийг нь гаргаад өгсөн болохоор би Намхайцэрэн гуай, Гончигсумлаа гуай гээд томчуултай уулзаж учраад сураг ажиг хөөсөөр яваад энэ бүхний үр дүнд л нэрээ тавьсан анхны нимгэн ном минь олны хүртээл болж байлаа. О.Дашбалбар маань хүртэл тусгайлан шүлэг бичиж ирээд чи номондоо заавал багтаана шүү гэж байж билээ.
-Тэр шүлгийг нь номондоо оруулсан биз дээ?
-Оруулалгүй яахав.
-Тэр ном чинь одоо харагдахгүй болж шүү?
-Харин тийм ээ. Хорин таван жилийн өмнө шүү дээ. Тэр үед номыг олон тоогоор хэвлэдэг байж дээ. Таван мянган хувь гарч байсан. Одоо ер харагддаггүй юм.
-Дахин хэвлүүлэх юм бол хүүхэд залуус их сонирхоно доо?
-Энэ дашрамд хэлэхэд, анхны хэвлэл нь тухайн үеийнхээ хэвлэлийн технологийн боломж нөхцлөөс шалтгаалаад чимэг муутай ном гарсан юм. Надягийн ааваас нь манай соёл урлагийн томчуудад тухайлбал Бямбын Ринчен гуай, Л.Намхайцэрэн гуай, С.Гончигсумлаа гуай гээд ойр дотно явсан олон хүнд ирүүлж байсан ил захидал, дурсамж, гэрэл зураг гээд яг эх хувиараа байгаа ховор сонин баримт миний хувийн цуглуулгад нэлээн бий. Одоо бол хэвлэлийн үйлдвэрүүдийн чадал чансаа, боломж гайгүй болсон болохоор тэр бүхнээ багтаагаад нэг сайхан ном гаргах юмсан гэж бодоод л яваа. Гэхдээ арай өөр ном гаргана даа. Нэгэнтээ энэ тухай яриа өдөөснийх нэг юм хэлье. Хотын төвд, Хүмүүнлэгийн их сургуулийн хажууханд нэг жижигхэн хоёр давхар байшин саяхан болтол байлаа. Дээхнэ үеийн хүмүүс бол “Ухаантны ягаан” гэж хэлдэг байсан юм гэнэ лээ. Миний дуулснаар бол алдарт Э.Оюун гуай, Л.Гаваа Л.Цогзолмаа, С.Гончигсумлаа, Ж.Чулуун гээд манай их урлагийн олон том анхдагч сэхээтнүүд гал голомтоо асааж ажиллаж амьдарч байсан намтар түүхтэй юм гэдэг. Надя Рушеваг тэнд өлгийдөж авсан байдаг. Алдарт Надя охин Монголд төрсөн юм шүү дээ. Дал наяад оны үед Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакци байсан санагдана. Харамсалтай нь саяхан нэг шөнийн дотор нураагаад хаячихсан. Уг нь бол тэр байшинг тордож олон авьяастны гэр музей болгосон бол үнэ цэнэтэй дурсгал болж үлдэх боломж байсан. Өнгөрсөн зууны гучаад оны эхээр “Монгол кино” үйлдвэр анх төвхнөж “Цогт тайж” киноны зургийг авч байсан, жараад оны эхэнд Улсын симфони найрал хөгжмийн анхны бүрэлдэхүүн эзэн сууж олон алдартны оюун сэтгэлгээний “орон гэр” нь болж байсан түүхтэй байшинг мөн л нэг шөнийн дотор алга болгож орхисон. Манай нийслэл хүнд үзүүлж гайхуулаад байх түүхэн гэхээр барилга байгууламжаар ер нь бол ядуу шүү дээ. Газар бол байгаа. Тэгсэн хэрнээ үлдсэн ганц нэг дурсгалт байр байшингаа харанхуй шөнөөр хайр гамгүй нураагаад хаячих юм. Түүхэн цаг үе, гэгээн хүмүүсийг эргэн санах хайрлан бахархах дурсамж, мэдрэмж гэдэг уг нь бол аугаа зүйл. Оросын утга зохиол судлаач Дмитрий Урнов, Марк Твений гэр музейд төрсөн сэтгэгдлээ их гоё уран дүрслэлтэй бичсэнийг уншиж байснаа санаж байна. Жишээ нь, бидний хувьд Богд хааны ордон ч юмуу, Ханд вангийн өргөөнд орсон хүнд нэг сонин мэдрэмж төрнө биз дээ. Москвагийн Их Сургуулийн сэтгүүлчийн салбар гэхэд хотынхоо төвд, Оросын уран барилгын суут хүний нэг М.Казаковын зураг төслөөр 1793 онд баригдсан хуучны төв байранд нь төвлөрдөг. Бараг дөрвөн зууны тэртээд гээд бод л доо. Энд хана туурга шатны гишгүүр хаалганы бариул хүртэл домог түүх шивнэдэг гэхэд болно. А.Грибоедив, Ф.Тютчев, И.Тургенев, В.Белинский нар энэ анги танхимуудад сууж байсан гэж бодохоор хүнд чинь нэг өөр өвөрмөц, бахархах сонин сэтгэгдэл аяндаа төрөхгүй гэж үү. Лекцийн гол танхимд хичээл ороход оюутнууд хамгийн урд эгнээний зүүн гар талын суудал дээр суухдаа дуртай. Яг энд Лермонтов сууж байсан юм гэнэ билээ гэж ярихыг нь яана. Үнэндээ Лермонтов яг тэнд сууж байсан эсэхийг хэн ч мэдэхгүй. Хэлэхэд ч хэцүү. Гэхдээ тухайн хүнд төрж буй мэдрэмж, сэтгэгдэл нь сонин байгаа юм.
Ээжтэйгээ хамт байгаа хүн бүхэн азтай
-Хатанбаатар сэтгүүлчтэй уулзсаных “Ээждээ захидал бичээрэй” номын чинь талаар асуухгүй өнгөрч болмооргүй байна. Ер нь бол бидний үеийнхэн нийтээрээ уншсан, мэддэг байсан гэхэд болох байх шүү. Хэд дахин хэвлэгдэв ээ?
-1989 онд анх 25000 хувь гарсан ном шүү дээ. Хүнд их амархан хүрсэн юм шиг байгаа юм. Эхлэл нь мөн л манай сонинтой холбоотой. Тэр үед манай сонинд “Редакцийн зурвас” гэсэн булан байсан. Хүмүүс ч их уншдаг байсан. Манай ажилтнууд ээлж дараагаар л бичдэг байв. Тэгэхдээ зохиогч нь нэрээ тавьдаггүй байсан юм. Наяад оны эхэнд байсан санагдаж байна. Ээж минь бурхан болоод удаагүй байсан. Мөнөөх зурвасыг бичих миний ээлж ирэхэд би нэлээн удаан бодсон юмдаг. Ээжийгээ алдсан өнчин хүн юу эсийг бодох билээ. Элдвийг эргэцүүлж хол ойрын юмыг зөндөө л бодож байгаа юм. Тэгэхэд л анх “Ээждээ захидал бичээрэй” гэж бичсэн санагдана. Маргааш нь редакцийн шуурхай дээр миний бичсэнийг удирдлага маань сүрхий таашааж байсан санагддаг юм. Тэр нийтлэл гарсаны дараа манай редакцийн шууданд уншигчдаас их олон захидал ирж байсныг санаж байна. Дараа нь “Эргэж уулзахад ээж сайхан” гэхчилэн энэ сэдвээрээ хэд хэдэн цуврал бичсэн. Энэ бүхнээс л үүдэлтэй юм. Уг сэдэв хүн бүхний амьдралд ойрхон юм болохоор энэ ном гарсан даруйдаа олны анхаарлыг татсан гэж боддог. 1990 онд хоёр дахь удаа хэвлэгдэж, гучин мянган айл гэрийн хойморт очиж байсан. 2003 онд гурав дахь удаагаа хэвлэгдсэн. Ийнхүү энэ ном гурван ч удаа 60 гаруй мянган хувь хэвлэгдэж олонд хүртээлтэй ном, бүтээлийн нэгэн ёсны жишиг үзүүлэлт болж байсан явдал бий. Хүмүүс одоо хэр нь надад захидал ирүүлж, цахим шуудангаар холбогдож санал сэтгэгдлээ илэрхийлж л байдаг юм.
-Сүүлийн хэдэн жилд хүүхэд залуучуудын дунд “Ээждээ захидал бичээрэй” гэсэн уралдаан зарлаж шилдэг захидлыг шалгаруулж урамшуулдаг, энэ бүхнийг Үндэсний олон нийтийн телевизээр дамжуулдаг уламжлалтай болж байгаа юм билээ. Шалгарсан захидлуудаараа ном ч гаргадаг юм билээ. Гэхдээ тэд энэ талаараа өөртөй чинь ер нь ярьдаг болов уу?
-Энэ бол нийгэмд их эерэг нөлөөтөй зөв үйл ажиллагаа. Гурван жил дараалан тийм уралдаан шалгаруулалт болсон. Би телевизээр л харж байсан. Анхны шалгаруулалт болж байхад телевизийнхэн надад дуулгаж байсаан. Та ирж шагнал гардуулах ёслолд оролцоно уу гэж байсан. Харамсалтай нь тэр үед нь би хотод байгаагүй. Гэхдээ үйл явцын эхэнд нь дуулгахгүй яасан юм бол доо гэж бодож л байсан. Дуулгасан бол санасан бодсоноо хэлж дэмжих л байсан. “Ээждээ захидал бичээрэй” гэж олон жил бусдыг уриалан дуудсан хүний хувьд тэр уралдаан тэмцээнийг зохион байгуулж буй байгууллага хүмүүст талархалтай ханддаг. Үйл ажиллагаа нь илүү өргөн дэлгэр цар хүрээтэй болж цаашид түгэн дэлгэрээсэй гэж бодож явдаг. Үүнтэй холбогдуулаад нэг бяцхан дурсамж хэлье. Одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө юм. 1994 онд санагдаж байна. Би тэр үед гарсан цөөн хэдэн номоо бариад онцгойлон хүндэтгэж явдгийн хувьд Л.Түдэв гуайтай уулзахаар очсон юм. Нэг ёсондоо ачлал буянаа надад харамгүй хүртээсэн хүнд тайлангаа тавьж байгаа юм. Тэгэхэд Л.Түдэв гуай “Ээждээ захидал бичээрэй” гэсэн номыг минь онцолж миний хувьд мартагдахааргүй сайхан үг хэлсэн. “Нэг хүн өөрийнхөө бүтээлээр нийгэмд нэгэн давалгаа үүсгэнэ гэдэг ховор тохиолдол” гэж ирээд намайг урмын үгээр шагнаж байсан. Чи тэгэхэд бидний хажууд зогсч байсан санагдах юм. Энэ бүхнийг эргээд холбоод бодохоор би бас ч гэж их хүний итгэл найдварыг хөсөрдүүлээгүй л яваа юм байна гэж өөртөө их эрэмшиж явдаг. Энэ дашрамд хэлэхэд, Л.Түдэв гуай бол миний хувийн болоод уран бүтээлийн амьдралд түшиг болж зам мөрийг минь зөв залсан хүн. Наяад оны эхэнд санагдаж байна. Би сонинд нэг том алдаа гаргаад ажлаасаа халагдах дээрээ тулаад тэвдэж л явлаа. Л.Түдэв гуай тэгэхэд байгаагүй бол миний цаашдын зам мөр хаашаа одох байсныг ёстой бүү мэд. 2003 онд “Билгийн чуулган” цувралаа эхлүүлж байхад урмын үг илгээж анхны номыг минь уншигчдын өмнө нээж л байлаа. Яривал бас их юм бий дээ.
-“Ээждээ захидал бичээрэй” номынхоо ар талд “Ээждээ бичсэн захидал” гэсэн ном гаргана гэж бичсэн байсан санагддаг юм. Юу болсон бэ?
-Бичсэн. Гэхдээ ойрхондоо олон юм зэрэгцээд хэвлүүлж амжихгүй явна. Эдийн засгийн боломж ч муу байна. Нуух юу байхав. Гэхдээ удахгүй олны хүртээл болгоно оо.
Хүмүүн бүхэнд
үлэмжийн чанар буй
-Сүүлийн үед ”Билгийн чуулган” цувралаараа нэлээн хэдэн ном гаргаж олны хүртээл болголоо. Хүмүүс нэлээн ам сайтай байгаа дуулддаг юм...?
-”Билгийн чуулган” цувралыг 2003 оноос эхлүүлсэн юм. Энэ нь сэтгүүл зүйн бүтээл, нөгөө талдаа бол намтар судлал. Өнгөрсөн есөн жилд энэ цувралаар есөн ном гаргасан байна. Монголын кино урлагийн анхдагчийн нэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт кино найруулагч, зураглаач Дэжидийн Жигжид, Монголын Дуурь Бүжгийн Эрдмийн театрыг үндэслэгчийн нэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав, Монгол Улсын симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулагч, хөгжмийн нэрт удирдаач Төрийн шагналт Ардын жүжигчин Цэгмидийн Намсрайжав, Монголын шинжлэх ухаанд түүх бичлэгийн арга зүйн ухааныг нээсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Шагдарын Бира, Ардын эмч, академич Эрээдэрийн Лувсандагва, өрнийн ертөнцийн өмнө Монгол Улсынхаа үүд хаалгыг XX зуунд анх нээсэн нэрт дипломатч Сономдоржийн Дамбадаржаа, Жамъянгаравын Санжмятав, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Сономдоржийн Агваан, гавьяат багш, нэрт сурган хүмүүжүүлэгч Сономдоржийн Цагаан, ХААУхааны анхны эрдэмтдийн нэг, нэрт профессор С. Ичинхорлоо, Мэргэжлийн дуулаачдын анхдагчийн нэг болох Ардын жүжигчин Баартуугийн Зангад, ХХ зуунд Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийг тэргүүлсэн төрийн сайд асан, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Паавангийн Дамдин гуай гээд энэ лут хүмүүс цаг үеэ тодотгож явсан ховорхон намтартай буурлууд. Уул цуврал нь нэг талаасаа хувь хүмүүсийн хөрөг намтар мэт харагдавч үнэн чанартаа улс, нийгмийн, цаг хугацааны л түүх, дүр зураг. Хожмын өдрийн сурвалж, судлагдахуун гэдэгтэй хүмүүс санал нийлэх байх аа. Энэ дашрамд харин эл цувралын минь өмнөх үгийг бичиж миний номыг олны өмнө нээж, утга чанарыг нь олон талаар өргөж өгсөн Доктор Л.Түдэв, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, нэрт академич Д.Төмөртогоо, Л.Лхагва, Төрийн шагналт яруу найрагч, нийтлэлч Д.Нямаа, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүл зүй судлаач Т.Баасансүрэн гээд номын садан, оюуны түшиг болсон эрхэм хүмүүстээ үргэлж талархаж явдгаа бас хэлмээр байна.
-Энэ цувралаа нэгтгээд нэг том ном болгож байгаа гэл үү. Нэгтгэх шаардлага байв уу?
-Цуврал гэсэн эрхэм утгаа эхнээсээ сайн илэрхийлж чадаагүй юм бас байгаа. Номын хэмжээ, зохиомж, өнгө, дизайны хувьд дутуу бодсон юм байдаг юм. Яваандаа өнгө төрхөө гайгүй олсон. Аливаа бүтээл туурвилаа тодорхой цаг хугацааны дараа эргээд харахад заавал нэг “юм” үгүйлэгдээд сэтгэл дундхан байдгийг чи өөрөө уран бүтээлч хүний хувьд сайн мэднэ дээ. Тэр бүхнийг засч залруулах нөхөж гүйцээх хүсэл сонирхол нь байвч гүйцэлдүүлэх боломж нь тэр бүр олддоггүй. Энэ мэт байдлаас болоод цувралыг зохиогчийн хувьд эргэн харах, нягтлах, хураангуйлах, шинэ баримт, мэдээллээр сэлбэн нэгтгэж “зохиогчийн ном” болгох хэрэгцээ шаардлага гарсан гэж болно. Одоо яг нэгтгээд дуусч байна. Арилжааны сүрхий зорилго бол байхгүй. Товчхондоо бол уран бүтээлч хүний хувьд өөртөө урамших догдлохуйн нэгэн шалтаг шалтгаан буй болгож номын ертөнцөд сэтгэлийн нэгэн таашаал эдлэх боломж л гаргаж байгаа юм.
-Нэлээн том юм болох болж байгаа биз. Сонирхолтой сайхан ном гарах байх даа?
-Дал орчим хэвлэлийн хуудас юм болж байна. Гэхдээ нэгэнтээ нээсэн хүн бол уйдахгүй унших байх гэж бодож байна. Эх бэлтгэлийг шинээр хийсэн. Нэлээн бодсон, суусан шүү. Хоёрдугаар сард багтаагаад номын нээлт хийх санаа байна.
-Өнгөрсөн жил санагдаж байна. Т.Баасансүрэн сэтгүүл зүйн судалгааны таван боть номоо гаргахдаа өөрийг тань “Сэтгүүл зүйн шинэ чиг хандлагыг үүсгэн хөгжүүлэгчийн нэг” гэж хэлсэн байдаг. Ингэхэд намтар судлал, баримтат уран сайхны нийтлэлийн талаар мэргэжлийн сэтгүүлчийн хувьд бодол саналаа нэг хуваалцахгүй юу?
-Баримтат уран зохиол, уран сайхны нийтлэл зэрэг нь утга зохиолын өвөрмөц төрөл зүйл болохын хувьд Америк болоод Европт их эрт нутагшсан, олныг байлдан дагуулсан ойлголт. Намтар судлал гэдэг тэнд бол тусгайлсан мэргэжил. Гар дор байгаагаа ашиглаад нэг жишээ хэлэхэд, Америкийн нэрт яруу найрагч Карл Сэндбергийн дэлхийн олон улсын хэлээр гарч алдаршсан “Линкольн” гэсэн номыг судлаачид баримтат уран сайхны, намтар судлалын шилдэг бүтээлийн нэг гэж бараг нэгэн зууны тэртээд хэлсэн байдаг. Америкийн нэгэн үеийн түүхийг өгүүлсэн ном.
ХIХ зууны сүүлч ХХ зууны эхэн үеийн Францад гэхэд л түүхэн хүмүүсийн намтар, дурсамжийг сонирхох нь нийгмийн хэрэгцээ болж Андре Моруагийн цуврал бүтээлийг ид шагшин уншиж байсныг судлаачид мөн л тэмдэглэсэн байдаг. Андре Моруа гэсэн утгазохиолын нууц нэрээрээ ихэд алдаршсан Эмиль Эрзог бол зохиолч, утга зохиол судлаач, түүхч, уран сайхны академийн жинхэнэ гишүүн. Түүхэн хүний хөрөг, намтрыг баримтат уран сайхны нийтлэлийн аргаар бүтээхийн хувьд агуу том мастер. Роман, тууж, өгүүлэл, шүүмж судлалын өгүүллүүд, эссе, дурдатгал гээд түүний хувьд бичээгүй төрөл зүйл ховорхон. Тэр төрийн болон цэргийн, зүтгэлтэн, эрдэмтэн, зохион бүтээгчид гээд олон суутны намтарыг бичиж үлдээсэн ч гол төлөв утга зохиолын суутнуудын хөргийг голчлон бүтээсэн байдаг. Г.Байрон, И.Тургенев, Б.Вольтер, Д.Шатобриан, А.Дюма, В.Гюго, О.Бальзак, Ж.Санд гээд хүн төрөлхтний бахархал болсон суу авьяастны амьдрал, уран бүтээлийн намтар түүхийг түүний бүтээлээс л тольдон харж болох билээ. Мөн Ромен Роллан байна. Аугаа их зохиолч, бас хөгжим болоод намтар судлаач энэ эрхэм Микеланжело, Бетховен, Толстойн тухай “Аугаа их хүмүүсийн амьдрал” гэсэн намтар судлалын гурвалсан ном бичсэн нь олонд их алдаршсан бүтээлийнх нь тоонд ордог. Гайхмаар шүү дээ. Энэ дашрамд хэлэхэд Москвагийн их сургуулийн сэтгүүл зүйн салбарын оюутнуудын заавал уншиж шалгалт шүүлэг өгөх номын жагсаалтад түүний бүтээл орсон байдаг. ХХ зууны оросын зохиолчдоос гэхэд Корней Чуковский, Савва Дангулов, Борис Полевой бүгд л цаг үедээ энэ төрөл зүйлийн уран мастерууд байсан. Манайд бол харин уламжлал, орчин нөхцөл огт өөр байсан. Одоо л ярьж хүмүүс ид сонирхож эхлэж байна. Хүмүүс одоо ямар нэгэн айдас дарамтад авталгүйгээр хувийн намтар, дуртгалаа бичих, үр удамдаа үлдээх хүсэл эрмэлзлэлтэй болсон нь үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх эрх чөлөөг хүн бүрийн өмнө нээж өгсөн энэ цаг үеийн тогтолцооны нэгэн эерэг тусгал, сонирхолтой үзэгдэл. Цаг үе, амьдралын гэрэл сүүдрийг зэрэгцүүлсэн намтар судлалын, баримтат уран сайхны нийтлэлийн төрөл зүйлд хамаарах ном бүтээл нийгэмд, олны дунд илүү эрэлт хэрэгцээтэй болж буйг судлаачид ч анзаарсан байдаг. Энэ нь хүмүүсийн ухамсар, сэтгэлгээ өөр болж үнэн, зөвхөн үнэнд л тэнцэх үгийг эрхэмлэх болсны л илэрхийлэл. Өөр нэгийг хэлэхэд дуртгалаа бичнэ, бичүүлнэ гэдэг амь зуух арга зам хайж буй хүний ажил бус өөрийгөө илэрхийлэхийн зэрэгцээгээр амьдарч байсан цаг үедээ хүний ёсоор хүндэтгэл үзүүлж байгаагийн л нэг хэлбэр гэж боддог.
-“Билгийн чуулган” цувралаа үргэлжлүүлнэ биз дээ?
-Үргэлжлүүлнэ. Өөрийнхөө мэргэжил, ажил амьдрал, үйлс бүтээлийнхээ үр дүнгээр бахархахын учир шалтгаан хэнд ч гэсэн байдаг гэдэгт эргэлзэх явдалгүй. Гэхдээ “Билгийн чуулган”-ы хувьд одоо өөр нэг мөчлөгийг эхлүүлэх цаг нь болсон. Гэхдээ олон авьяастны хамтын ажиллагааны өөр арга хэлбэр боломж хайх хэрэгтэй. Тиймээс домог түүхийн өргөө гэрт саатаж хамтарч бүтээж туурвиж түүхийг үлдээх хүсэл эрмэлзлэлтэй хүмүүстэй бол уран бүтээлийн садан төрлийн хэлхээ холбоо тогтоохоос нэг их цааргалахгүй.
-Хүмүүс өөрийг тань зүгээргүй зожиг хүн гэж ярих юм билээ?
-Хүмүүсийн л дэмий яриа. Бусдаас өөрийгөө тусгаарлах ямар нэгэн шалтаг шалтгаан надад байхгүй. Байгаа минь л энэ. Найз нөхөдтэйгөө уулзаж ажил төрлөө амжуулаад олныхоо л дунд л явж байна.
-Саяхан байх аа, нэг гялгар сэтгүүл, “Соронз” сэтгүүл байсан санагдана . Өөрийг тань талийгаач болчихсон янзтай юм мэдээлсэн байсан?
-Монгол хүн ийм явдлыг их билэгшээж угтдаг билүү. Залуу улс болохоор тэр биз дээ. Би нэг их сүрхий юм бодоогүй. Дараа нь бас “Гранд” сэтгүүл дээр тиймэрхүү юм харагдаж байсан. Тэд чинь бие биенийхээ юмыг нэрэлхэж цэрвэлгүй хуулаад байдаг юм биш үү.
-Ойдовын Содномпил 2008 онд “Зууны шуудан” сонинд өөрийн тань тухай “Өөрийнхөөрөө байгаа хүн” гэсэн их чамбай хөрөг нийтлэл бичихдээ “Бидний үе дундаа их уншсан боловсролтой сэтгүүлч” гэж хэлсэн байдаг юм. Боловсролтой гэдгийг чи юу гэж тайлбарлах бол?
-Нэг үгээр тайлбарлах хэцүү. Содномпил өөрөө их уншдаг, этгээд авьяастай нөхөр. Тийм болохоор хэлсэн хүнээс нь хэзээ нэгэн цагт асуувал өөр юм хэлэх л болов уу. Миний хувьд өөрийгөө унших ёстой юмаа зохих хэмжээнд нь уншаад яваа хүн л гэж боддог. Энэ бол бүр бага байхад ээжийн минь тогтоож өгсөн хэвшил. Дээр нь идэр залуугаасаа, эрт гэгээрсэн эрхэмсүү хүмүүсийн дэргэд явсных болов уу. Энэ тал дээр бол би хувьтай хүн. Ажил хөдөлмөрийн эхний гараанаас л надад нөлөөлөх орчин өөр байсан. Тэгээд Москвагийн их сургууль, Монголын радио, “Залуучуудын үнэн” сонин гээд дамжаад явахаар ямар ч хүн эрхбиш хэмжээндээ “өөр” болно биз дээ. Москвагийн их сургууль бол эрдэм, соёл, түүхийн хувьд их эрхэм, нэг л өөр орчин. Ер нь бол аугаа их гэгээрэл, сүр хүчин дор ямар ч хүн зохих хэмжээгээр өөр болдог байх. Би тэгж л боддог юм. Бидэнд мэдлэг, хүмүүжил олгосон багш нар бол үнэхээр гайхамшигтай, цаг үеийнхээ үлэмж оюунлаг гарамгай хүмүүс байсан. Оросын их утга зохиолыг бидэнд таниулсан Л.Кучборская гэдэг профессор лекц уншдаг байлаа. Өөрөө залуудаа аугаа их Э.Мейерхольд, Немирович -Данченко нартай нэг театрт ажиллаж явсан хүн. Лекц уншина гэж бараг л жүжиглэнэ. Орчноосоо тасраад явчихаж байгаа юм шиг санагддаг байж билээ. Өрнийн утга зохиолын талаар лекц уншдаг байсан Г.Ванникова багш Сорбоннын их сургуулийн боловсролтой хүн байсан. Орчин цагийн орос хэлний багш гэхэд л монголчуудтай тусгайлан ажилладаг Н.Фармоновская гээд алдартай профессор байсан. Мэргэжлийн хичээлийн багш нар гэхэд салбартаа гуч дөчин жил ажилласан их юм үзэж өнгөрүүлсэн хүмүүс байсан. Т.Баасансүрэн бид хоёрын дипломын ажлыг удирдсан Г.Ястребов гэж сайхан буурал байж билээ. Залуудаа би Сергей Миронович Кировтой уулзаж ярилцлага хийж явлаа шүү дээ гэдэгсэн. Ийм эрдэм чадвартай намтар түүхтэй багш нарын дэргэд номын дуу сонсч байгаа хүнд өөр нэгэн ертөнцийн гэрэл гэгээ тусна биз дээ. Манай сэтгүүлчийн салбарын хичээлийн төв байр гэхэд л П.И. Чайковскийн нэрэмжит Москвагийн хөгжмийн их сургуулийн концертын танхимаас хэдхээн алхмын зайтай. Өөр орчин мөн биз дээ. Москвад зургаан жил суралцахдаа мөн ч олон очсон доо. ХХ зууны суут хийлч Давид Ойстрах, Леонид Коганы концертыг сонсдог л байлаа. Ийм суутнуудыг амьдаар харах төдийгүй хөгжимдөхийг нь сонсоно гэдэг ховор тохиох аз завшаан. Би тэр үеийн концертын тасалбаруудаа одоо хэр нь хадгалж байдаг. “Залуучуудын үнэн” сонинд ирмэгцээ өрнө дорнын соёл боловсролыг өөртөө эн тэнцүүлэн шингээж олон талаар дээд зиндаанд гэгээрсэн Лодонгийн Түдэв гуайн шууд харьяанд, Долгорын Нямаа гээд ажил амьдралын арвин туршлагатай, үгийн торгон мэдрэмжтэй, нягт нямбай эрхлэгчийн удирдлага дор арваад жил ажилласан. Энэ бас л өөр орчин, том сургууль.
Сэтгүүлчийн мэргэжил, хөдөлмөр угаасаа л уншихуйн шуналтай байхыг дээд зэргээр шаарддаг. Ийм мэргэжил эзэмшсэн минь надад олон гайхамшигт хүмүүстэй уулзах дотночлох, өөрийгөө өөд татах боломж олгосон. Тэр тухай ярина гэвэл энэ өдөр дуусахгүй юм болно. Жишээ нь, би ЗХУ-д хүүхэлдэйн урлагийг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн ардын жүжигчин Сергей Владимирович Образцовтой уулзаж ярилцлага авч явлаа. Сергей Владимирович бол өндөр боловсролтой удам залгасан том сэхээтэн. Тийм хүнээс ярилцлага авахын тулд шууд давхиад очихгүй. Өөрийгөө бэлтгэх хэрэгцээ, зайлшгүй шаардлага гарна. Зөвлөлт орон даяар мандаж явсан Лениний шагналт нэрт сэтгүүлч Василий Песков, Ярослав Голованов гээд сэтгүүл зүйн аваргуудтай уулзаж ярилцлага тэмдэглэл нийтлүүлж л байлаа. Амьдрал, ухаарлын мэргэжлийн их сургуулийн нэг том дамжаа. “Билгийн чуулган” цувралынхаа эхний есөн номын гол баатрын нэрсийг хэлэхэд мөн л нэг юм бодогдож ойлгогдоно. Би 2010 онд Хөдөлмөрийн баатар нэрт академич Шагдарын Бира гуайн тухай “Хувь тавилангийн солбицол” гэсэн ном бичсэн. Бира академич бол Монголдоо бүү хэл, дэлхийд нэртэй эрдэмтэн. Сонин намтар түүхтэй, ХХ зууны эхэн үеийн тэргүүн баяны гэрт төрж, Монголын олон зууны түүхийг сэтгэлдээ багтааж өөрийнхөө онол үзлийг хүлээн зөвшөөрүүлсэн том эрдэмтэн. Тийм зиндааны эрдэмтэнтэй уулзаж ярилцахын тулд нэлээдгүй юм үзэж өөрийгөө бэлдэх хэрэгтэй болно биз дээ. Тэгэхээр орчин цагт сэтгүүлч хүн их унших гэсэн ойлголтоос ангид амьдрахын аргагүй.
-Мэргэжлийн сэтгүүлч, үзэг нэгт нөхөртэйгөө уулзсаных энэ цагийн сэтгүүл зүйн талаар ямар сэтгэгдэлтэй явдгийг тань сонирхъё. Сүүлийн үед залуу сэтгүүлчид бага уншиж байна гэдэгтэй санал нийлэх үү?
-Ер нь бол манай сэтгүүл зүйн “орчин” нэлээн бохирдсон. Мэргэжлийн нэр хүнд багагүй унасан. Олон юмнаас анзаарагддаг. Одоо зөв тал руугаа нэлээн зүгширнэ биз дээ. Сүүлийн үеийн залуу сэтгүүлчид бага уншиж байна гэдгийн хувьд бол өөртөй чинь маргахгүй. Гэхдээ би үүнийг салбарын бүх хүнд шууд хамаатуулах гээгүй. Авьяастай, мэргэжилдээ сэтгэлтэй залуу сэтгүүлчид байна уу гэвэл байгаа. Гэсэн ч цөөнгүй тохиолдолд тэдний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, өөрийгөө хөгжүүлэх санаачлага чамлалтай л санагддаг. Хэлэх, бичих гэж байгаа зүйлдээ судалгаа муутай хам хум ханддаг нь харагддаг л юм. Наад зах нь гэхэд олонд танигдаж орон даяар алдаршсан, бүр домгийн зиндаанд дэвшсэн буурлуудынхаа овог нэр, алдар цолыг буруу ташаа бичиж будилах энүүхэнд. Энэ мэтийг харсан, сонссон хүмүүсийн халаглаж байгаатай тааралдаж л байлаа.
ХХ зууны түүхийнхээ өдөр шөнө, гэрэл сүүдрийг эргэцүүлэхүйд
-Сүүлийн үед нэг том бүтээл дээр ажиллаж байгаа гэж дуулдсан. Юун ном бүтээгээд байна аа?
-1990 оны хавар би “Монголын Залуучууд” сонинд ардын засгийн анхны ерөнхий сайд нарын тухай зурвас тэмдэглэлүүд нийтлүүлсэн юм. Тэр үедээ л шинэ сэргэг юм . Хүмүүс их сонирхсон. Дараа нь “Ерөнхий сайдын өргөөнд”, “Онгодын гэгээн өргөөнд” гэсэн хоёрын ч зэрэг нийтлэлийн бэсрэг ном бичсэн. Энэ бүхэн чинь өнгөрсөн зууны 90-ээд оны эхэнд. Хүмүүс гайгүй сайн хүлээж авах шиг болсон. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хийсэн бүтээснээ эргэж харах, засч сайжруулах шинэ баримт мэдээллээр баяжуулах хэрэгцээ шаардлага аяндаа гардаг гэдгийг би дээр хэлсэн. Тиймээс би энэ хоёр номоороо суурь хийгээд “ХХ зууны Монгол: Түүхийн өдөр шөнө” гэсэн нийтлэлийн гурван ч ном бичээд дуусгалаа. Миний 20 жилийн судалгаа, хөдөлмөрийн үр дүн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бичихээсээ унших, судлах, эргэцүүлэх нь илүүтэй байсан даа.
-“Ээждээ захидал бичээрэй”, “Надягийн тухай тууж” гээд бичиж байсан хүн яагаад гэнэт улс төрийн сэдэв рүү орчих воо?
- Улс төр рүү орсон гэж хэлэхэд бас хэцүү л дээ. Сэтгүүл зүй, нийтлэлийн өөр нэг шинэ чиг хандлагатай садан төрлийн холбоо тогтоож буйн өөр нэг хэлбэр. Монгол Улс, монголчууд бол түүхэн талаасаа ертөнцөд хэзээнээсээ сонин үзэгдэл байсан. Аугаа их түүх, бичиг, соёлын, урлахуйн ухааны гайхамшигт уламжлалтай. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд харь гүрний дарамт шахалт дор улс төрийн шалтгаанаар үнэн түүхээ зохиомол домгоор орлуулан танихын аргагүй болтол нь гуйвуулсан. Тийм болохоор бидний үеийнхэн бичиг соёл, зан заншлын уламжлалаасаа үнэн түүхээсээ их төсөөрсөн. Үйл явдлын жинхэнэ эзэн холбогдогчдыг мартсан. Энэ бүхнээс улбаалан цаг хугацааны орон зайд Монголын түүхийн хоймор олон жил эзэнгүйдсэн. Нэг үгээр хэлэхэд хүнийг их мартсан. Үүнд шалтгаан бол хангалттай байсан. Тэр бүгдийг нэг дор тоочих боломжгүй. Тийм болохоор би цагийн эргэлтэд шударга бусаар мартагдсан хүний тухай баримттай зүйл бичихийг хичээсэн хэрэг. Энэ нь өөр нэг утгаараа бол өнгөрсөн зуунд, Монгол Улсын төрийн болон соёлын, эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө амь, амьдралаа зориулж энэ цаг үеийг авчирсан түүхийн гол баатруудын намтар цадигийг нэхэн сэргээхийн зэрэгцээгээр үйл явдлыг учир шалтгааны, цаг хугацааны эрэмбэ дараалалд оруулж арай илүү сонирхолтой хэлбэрээр уншигч олонд хүргэх гэсэн санаа. Өнгөрсөн зуунд бидний олж нээсэн бүтээн босгож арвижуулсан юм их байсан. Алдсан, гээсэн бусдын гайгаар хохирсон, хоцорсон нь түүнээсээ илүү юу гэхээс дутахгүй. Энэ утгаараа эл цуврал нь ХХ зууны Монголын намтар. Гайхан бишрэх, өргөмжлөн магтах харуусан халаглах, сэрж сэрэмжлүүлэх, уриалан дуудахын учир шалтгаан бүгд бий. Нэгэн зууны гэдгийн хувьд бол Монголчууд хэдийгээр түүхийн цаг хугацааг нэгэн жарнаар хэмжиж ирсэн уламжлалтай ч бид алив улс, үндэстэн өөрсдийнхөө түүхэн хөгжлийг нэгэн зуунаар хэмждэг дэлхий нийтийн жишгийг дагахад буруудах юу байх вэ.
-Номынхоо ерөнхий бүтэц, зохиомжийн талаар товчхон боловч тайлбарлах уу?
-Нэгэн зууны дүр төрхийг тоймлон харъяа гэвэл Монголоо нар зөв тойрч олон талаас нь харахыг хичээх хэрэгтэй болно. Зөвхөн улс төрийн түүх яриад орхино гэвэл учир дутагдалтай юм болно. Улсын тавилан байршлаасаа гэсэн нэг үг байдаг. Өнгөрсөн зуунд монголчууд улстөр, эдийн засаг, соёлын хувьд харь гүрнээс ихээхэн хараат байдалд байсан. Гэхдээ цаг хугацааны эргэлтэд гэрэл сүүдрийн аль аль нь л байсан байдаг. Үндэстнийхээ хувьд сэргэн мандахын үндэс сууриа сайн тавьсан. Соёл, боловсрол, шинжлэхүйн ухааны тухайн үеийн хөгжил дэвшлийн үр шимээс боломжоороо хүртсэн. Жишээлэхэд, сонгодог хөгжим балетын урлагийн хувьд гэхэд өрнө дахин бараг дөрвөн зууны түүхтэй байх. Энэ бүхнийг дөч орчим жилийн хугацаанд эх орондоо нутагшуулан өөриймшүүлсэн улс үндэстэн Монголоос өөр бараг л байхгүй. Энэ мэтчилэн ярих юм бол их түүх болно. Энэ нь мөн хүний л түүх. Хүнээс ангид юм гэж байхгүй.
Тиймээс би гурван цувралынхаа тэргүүн дэвтэрт Монгол Улсын Засгийн газрыг XX зуунд тэргүүлэх түүхэн үүрэг хүлээж Ерөнхий сайдуудын хөрөг намтрыг багтаахыг хичээсэн юм. Гэхдээ энд “албан бус” гэсэн тодотгол хиймээр байгаа юм. Өнгөрсөн зуунд бид төр засгийн удирдагчдынхаа намтар түүх, хувийн амьдрал, төөрөг тавилангийн талаар төдийлөн ярьж байгаагүй. Хориотой сэдэв байсан. Нам төрийн болон соёл, урлаг, шинжлэх ухааны нэрт зүтгэлтнүүдийн намтар түүхийг Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны зөвшөөрөл хяналтгүйгээр хэвлэн нийтлэхийг хориглосон шийдвэрийг бүр 1949 онд гаргаж байсан байдаг. ХХ зууны Монголын түүхийн гол баатруудын намтар түүх олон талаар домгийн нөгөө талаас үгүйсгэлийн шинжтэй байдаг нь энэ мэтийн учир шалтгаантай. Ерөнхий сайд хэмээх төрийн өндөр албыг үе залгуулан хашсан эрхмүүд хувь хүн болсон хойно туулсан замнал нь гэрэл сүүдэртэй л байж таараа. Хорвоогийн наран дор хүний үр алдаж онож амьдрах нь ертөнцийн жам. Тиймээс хүмүүний амьдралын гэрэл гэгээ, эрээн барааныг орчин нөхцөлд нь хамтран зүтгэгч нөхдийнх нь үйл амьдралтай хамтатган харуулахыг хичээсэн юм. Хааны тухай өгүүлэхэд хатан дагалдах нь зүй. Үүнийг ч бодолцсон. Хүмүүн бүхэн нэгэн түүх, хүн бүрийн түүхээс улс орны түүх, улс орнуудын түүхээс ертөнцийн түүх цогцолно гэдэг нь хийсвэр ойлголт биш. Нэг үгээр хэлэхэд, Да лам Гомбын Цэрэнчимэдээс Намбарын Энхбаярыг хүртэлх зам мөр бол Монголын нэгэн зууны түүх. Дэд дэвтэрт нь XX зууны хориод оны эхнээс Монголын урлагийн ууган байгууллагын өрхийг татаж анхдагчдын хувьд амьдарч бүтээж асан нэрт дууч, дипломатч Магсар хурцын Дугаржав тэргүүтэй ардын их авьяастнууд, тэдний араас тодорч мэргэжлийн урлагийн дээд зиндаанд дэвшсэн Лувсанжамбын Мөрдорж, Самбын Гончигсумлаа, Билэгийн Дамдинсүрэн тэргүүтэй олон сод авьяастны хувь тавилан, бүтээл туурвилын тухай өгүүлж гутгаар дэвтэрт нь Монголын шинжлэх ухааны ууган байгууллагыг адислагч Жамъян гүн, Их соён гэгээрүүлэгч Цэвээний Жамсран, Шинжлэх Ухааны Академийн анхны Ерөнхийлөгч Базарын Ширэндэв, цөмийн эриний монгол эрдэмтдийг манлайлсан Намсрайн Содном зэрэг бичиг, соёл, шинжлэх ухааны ертөнцөд анхдагчийн титмийг эзэгнэгч эрдэмтэн, сэтгэгчдийн эгэлгүй амьдралын ер бусын өдрүүдийн “домог” түүхийн дээжээс шингээхийг хичээсэн. Энэ гурван цувралд үндсэндээ зуу гаруй хүний хөрөг намтрыг багтаасан юм.
-Зохиогчийн хувьд баримталсан зарчим гэвэл ямар тайлбар хэлэх бол?
-ХХ зууны Монголын түүхийн өдөр шөнө, гэрэл сүүдэр ямар байсан түүнийг л харуулахыг зорьсон. “Үнэн үг үнэтэй” гэсэн нэг л зарчмыг баримтлахыг хичээсэн. Өөр нэг онцлог гэвэл улсын болон тусгай албаны архивын баримт, эрдэмтэд судлаачдын хувийн ажиглалт, дүгнэлтэд тулгуурласнаас гадна албан ёсны түүх бичлэгт өмнө нь тэр бүр анхаарч байгаагүй аман түүхийн (oral history) судалгааг анхаарч цаг үеийн гэрч болж шударга бусын гэсгээл үзсэн ахмад хүмүүсийн хувийн архивын баримт, бодол, сэтгэлдээ олон жил дарж хадгалсан дурсамж, яриа (narrative), хуучин гэрэл зургийг түлхүү ашигласанд л байгаа болов уу. Хүмүүс гайгүй сонирхох байх гэж бодож байна.
-Их сонин ном гарах нь байна. Яг хэзээ уншигч олны хүртээл болгох гэж байна?
-Энэ оны эхний улиралд гаргах санаа байна.
-Ингэхэд энэ номуудаа яаж хэвлүүлж гаргах гэж байгаа вэ. Одоо ч ном хэвлүүлэх хэцүү болсон шүү дээ...?
-Миний хувьд одоо цагийн гол бэрхшээл энд л байна. Гэхдээ дээдсийнхээ үнэн түүхээ хүндэтгэх, сонирхох хүмүүс байгаа байлгүй дээ. Энэ бол зохиогчийн бүтээл. Харин олны хүртээл болгох нь хамтын үйл ажиллагаа байгаасай л гэж хүсч байна.
-Ер нь бол цаашдаа өнгөрсөн хугацаанд бичсэн нийтлүүүлснээ нэг дор цуглуулах санаа бол бий биз дээ?
-Байлгүй яахав. Хуучин хавтсаа сөхвөл нэлээн юм гарна. Сонголт хийх шаардлага л гарах байх. Гэхдээ одоо тэр тухай сайн бодож амжаагүй явна шүү.
Манай зочинтой хөөрөлдсөн
Зохиолч, сэтгүүлч Шаравын БАДАРЧ