logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг газар тариалангийн бүс нутгаа эргэлээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг газар тариалангийн бүс нутгаа эргэлээ

2012/09/22
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутаг дахь анхны томилолтоо эх орны хоймор нутаг-Сэлэнгэ аймгаас эхэллээ. Тэрээр 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ дэх салбарын элеватор, “Шаамарын зөгий” хоршоо, “Цэгээн Хуст”, “Элит үр” компаниар орж, тариаланчид, ногоочид, зөгийчидтэй уулзсанаас гадна Шаамарын болон Орхон голын гүүрний барилгын ажлын явцтай танилцлаа. 

ГУРИЛЫН ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАЖ, ТАРИАЛАНЧИД, ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ДЭМЖИНЭ


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймаг дахь салбар, элеватор, лабораторитой танилцлаа. 28 мянган тонн буудай хүлээн авах хүчин чадалтай энэ элеватор хэдхэн хоногийн өмнөөс буудайгаа авч эхэлсэн. Буудай 14 хувийн чийгтэй, чанар нь хэвийн хэмжээнд байгаа тухай салбарын захирал Ч.Базардорж Ерөнхий сайдад танилцууллаа.
Энэ жил манай улс 468 мянган тонн үр тариа хураан авч, 360 гаруй мянган тонн улаанбуудайгаар гурил үйлдвэрлэнэ гэж тооцсон нь хэрэгцээгээ бүрэн хангана гэсэн үг юм. Өмнө нь буудай хүрэлцэхгүйн гачаалд нэрвэгддэг байсан бол одоо илүү гарснаа яах вэ гэдэг асуудалтай тулгарчээ. Салбарын яам ч 270 мянган тонн хуучин буудайгаа аж ахуйн нэгжүүдэд сэлгээний гэрээгээр өгсөөр 140 мянган тоннтой үлдсэн байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд буудайг он дамнуулан хадгалж, чанарыг нь муутгах биш, нэг жил байлгалаа гэхэд дараа жил нь эргэлтэд оруулж шинэ буудайгаар агуулах, саваа дүүргэж байх ёстой гэсэн байр суурьтай байна.  Иймээс хуучин буудайгаа гурил болгох, эсвэл худалдан борлуулах зэргээр асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалд үүрэг болголоо.
Тариаланчид тонн буудайгаа 300 мянган төгрөгөөр борлуулах сонирхолтой бол үйлдвэрлэгчид үүнээс бага үнээр авна гэсэн жилийн жилд гардаг яриа энэ удаа ч хэвээр л байна.
Дотоодын үйлдвэрүүд нэг кг гурилыг 600 төгрөгөөс дээш үнээр борлуулж байж хэвийн ажиллах боломжтой гэсэн тайлбар тавьдаг. Иймээс буудайн үнийг багаар тогтоох, импортын гурилд татвар ногдуулахыг хүсдэг тухай салбарын яамныхан Ерөнхий сайд Н.Алтанхуягт ярьж байлаа.
“Байгаа асуудлаа ойрын хугацаанд харилцан ярилцаж шийдэх ёстой. Ер нь их хэмжээний хөрөнгө, хүч зарцуулж хэрэгцээнээсээ илүү гарах буудай авсан хэрнээ гурилын үнэ өсвөл ямар ч утгагүй. Тариаланчдад нэг тонн буудай тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор төсвийн тодотголд 15 тэрбум төгрөг тусгасан. Шаардлагатай бол он гараад хөрөнгө гаргана. Харин үүний үр дүнд иргэд өнгөрсөн жилийнхтэй адил үнээр гурилаа худалдан авах ёстой. Түүнээс бус гурилын үнийг өсгөх тухай ярих ч хэрэггүй” гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг албаны хүмүүст хатуу анхаарууллаа.

ШААМАРЫН ЗӨГИЙЧИД БАЙРТАЙ БОЛОХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

Мөн өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шаамар сумын зөгийчидтэй уулзлаа.  Энэ сумын 120 гаруй өрх нэгдэн “Шаамарын зөгий” хоршоо байгуулж,  жилдээ 9,5 тонн зөгийн бал, бусад 5 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд борлуулж, амьжиргаагаа залгуулдаг байна.
Үүнээс гадна Төв, Архангай, Хэнтий, Булган, Өвөрхангайн иргэдэд зөгийгөө нийлүүлж, зөгийн аж ахуйг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаагаа Ерөнхий сайдад танилцууллаа.
Хэдийгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй ч сард 170 мянган төгрөг төлж байр түрээслэдэг нь хүндрэл учруулдаг. Зээл авч байртай больё гэхээр барьцааны хөрөнгө шаарддаг хамгийн гол бэрхшээлийг шийдээд өгчихвөл төр, засгаас юм нэхээд байхгүй гэж учирлалаа.
Зөгийчдийн байрны асуудлыг ойрын хугацаанд судлан шийдвэрлэхийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад даалгалаа.
Шинэчлэлийн Засгийн газар ирэх 4 жилд тахиа, гахай, зөгий, загас гээд туслах аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавьж, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасан тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал хэлснийг зөгийчид талархан хүлээн авч байлаа.
Зөгийн бүлийг улс даяар нийлүүлж, зөгийн аж ахуйг хөгжүүлэх боломж Шаамар сумынханд байгааг Ерөнхий сайд хэлээд Засгийн газар зөгийчдөө дэмжих хөрөнгө гаргана гэж амласан байна.

ЖИЛИЙН ТУРШ АЖИЛЛАДАГ НОГООНЫ ЗАХТАЙ БОЛНО


Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сэлэнгэ аймагт ажиллахдаа Шаамар, Хушаат сумын ногоочидтой уулзаж, тэдний санал бодлыг сонсон, тулгардаг асуудлыг нь хэрхэн шийдэх талаар ярилцаж явлаа.
Энэ жил манай улс 208 мянган тонн төмс, 100 орчим мянган тонн хүнсний ногоо хураан авах урьдчилсан тооцоо гараад байгаа. Сэлэнгэ аймгийн хувьд тариалалт, хурааж авах ургацын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна.
Гэхдээ ногоогоо хадгалах зоорь, байнга борлуулах талбай байдаггүй нь ногоочдод хамгийн их хүндрэлтэй асуудал болжээ. Тэд зах зээлээс хол, тээврийн зардал ихтэйн дээр талбайн түрээсэнд баригдан, хөөгдөж туугддаг зэргээсээ болж ногоогоо ченжүүдэд бөөнөөр нь худалдахаас аргагүйд хүрдэг байна.
Ченжүүд ногоог нь зооринд хадгалж, хаврын тарчиг цагт иргэдэд өндөр үнээр худалдан ашиг олдог гажиг тогтолцоог өөрчлөнө гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд ойрын 4 жилд хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавьсан. Иймээс ногоо тарихаас эхлээд хадгалах, борлуулах бүх шатанд Засгийн газар онцгой анхаарна гэлээ.
Ногоочид, нийслэлчүүд жилдээ хэдхэн хоног “Намрын ногоон өдрүүд”-ээр амьсгалдаг байх биш, жилийн турш байнга ногоогоо худалдан борлуулдаг, иргэд ч эх орны хөрсөнд ургасан ногоог хаана зардагийг мэддэг тийм захыг ойрын үед Улаанбаатар хотод байгуулна гэж Ерөнхий сайд хэллээ.
    Зээл авч төмс, хүнсний ногоо тариалсан ч үерт автан хохирол хүлээсэн Хушаат сумын ногоочид зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахад туслалцаа үзүүлэхийг хүссэн. Аймгийн удирдлага, холбогдох байгууллагын хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг энэ асуудлыг судлан шийдвэрлэх гэж байгааг Засаг дарга С.Бүрэнбат танилцууллаа.
   
    ОРХОНЫ ГҮҮР ИРЭХ ОНЫ 10 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг мөн өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Орхон гол дээр баригдаж байгаа гүүрийн барилгын ажлын явцтай танилцлаа.
235 метр урт, 7 метрийн өргөнтэй энэ гүүрийг төсвийн 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж ирэх оны 12 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй. Гэхдээ 10 дугаар сар гэхэд ажил дуусна гэж гүйцэтгэгч “Эрин интернейшнл”, “Дархан АЗЗА” компанийхан Ерөнхий сайдад хэллээ..
    Өмнө нь Сэлэнгийн аж ахуйн нэгжүүдийн будааг Дархан хүргэхэд 210 км явдаг байсан бол гүүр ашиглалтад орсноор 60 км л давхих юм байна. Монгол инженерүүдийн гаргасан зургийн дагуу монголчууд өөрсдөө барьж байгаа энэ гүүрээр 80 тонны даацтай машин чөлөөтэй нэвтрэх боломжтой байх нь.
Хэдийгээр гүүрийн барилгын ажил 40 гаруй хувьтай ч хөрөнгө, мөнгөтэй холбоотой хүсэлтээ гүйцэтгэгч компанийн удирдлага хэлж байлаа.
Тухайлбал тендерээр төсвийн хөрөнгөөр гүүр барьж байгаа хэрнээ санхүүжилт удаан, үнэн чанартаа эргэн төлөгдөх нөхцөлтэй юм шиг байгаа тухай Ерөнхий сайдад танилцууллаа.
Өөрөөр хэлбэл хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг бичсэнээс хойш олон шат дамжлага туулж байж, хоёр сар гаруйн дараа мөнгөө авдаг, тендер авахад 176 сая төгрөгийн барьцааг банкинд тавьсан. Ажлын гүйцэтгэл сайн байгаа нөхцөлд барьцааг суллах,  зам, гүүр, барилгын мэргэжлийн хүн олдохгүй байгаад дүгнэлт хийн, боловсон хүчин бэлтгэх хэрэгтэйг ч Ерөнхий сайдад уламжиллаа.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Шаамар суманд ирэхэд огт өөр дүр төрх угтлаа.  Аймгийн удирдлага, гүйцэтгэгч компани Шаамарын гүүрний засварт шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг дахин хүссэн ч тэрээр хүлээж авсангүй.
    Өмнө нь Засгийн газрын хуралдаан болон аймгуудын Засаг дарга нартай видео хурал хийх үеэр энэ гүүрний засварт 289 сая төгрөг шаардлагатай байгаа тухай яригдаж байсан.
    Хэрвээ засвар хийхгүй бол гүүрээр 10 тонноос дээш даацын машинаар ургац, нүүрс тээвэрлэх боломжгүй, нурах аюултай гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч гаргасан байна.
    Гүүрийн засвар өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн ч хөрөнгөгүйн улмаас зогссон, гэхдээ тээврийн машин явж болно, одоо ч явж байгаа гэсэн тайлбарыг Зам, тээврийн яамны мэргэжилтэн өгч байлаа.
    Холбогдох хүмүүсийн яриа зөрж байгаад Ерөнхий сайд багагүй бухимдаж, ажлын уялдаа холбоо муу, хариуцсан хүмүүсийн ажлаа гэсэн сэтгэл үнэхээр дутагдаж байгааг шүүмжиллээ.
    “Аливаа зүйл, ялангуяа хөрөнгөтэй холбоотой асуудлыг цагийг нь тулган, мөнгө өгөхөөс өөр аргагүй байдалд оруулж “хоолойд хутга” тавьдаг зангаасаа салах хэрэгтэй. Үнэхээр асуудал байсан бол хоёрдугаар сараас хойш хөөцөлдөн хөрөнгөө шийдүүлж, ажлаа үргэлжлүүлэх хугацаа хангалттай байлаа. Гэтэл ургац хураалт жигдрэн, тээвэрлэлт ид өрнөж байхад гүүр засна гэж мөнгө нэхэж байж таарахгүй” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хатуу анхаарууллаа.
Ийнхүү Засгийн газрын тэргүүн Сэлэнгэ аймагт нэг өдөр үргэлжилсэн анхны томилолтоороо тулгарч байгаа зарим асуудлыг газар дээр шийдвэрлэж, заримыг нь ойрын хугацаанд хэлэлцэхээр боллоо. Тэрээр баруун гурван аймагт ажиллахаар ирэх ням гарагт Улаанбаатар хотоос хөдлөнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.




 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш