logo
“Ховдын Булганых” хэмээн худалдаалж буй алим Монголын хөрсөнд ургаагүй гэнэ

“Ховдын Булганых” хэмээн худалдаалж буй алим Монголын хөрсөнд ургаагүй гэнэ

2012/09/22
Манай улс 2011 онд 10.0 орчим тн алим хурааж авсан бөгөөд энэ  жилийн хувьд Баян-Өлгий, Сэлэнгэ, Ховд, Дархан-Уул аймагт тариалалт хийсэн, өмнөх оноос тариалалтын хэмжээ нэмэгдээгүй, авах ургац ч тэр хэмжээндээ байхаар урьдчилсан дүн гарсан байна.

Алимны нийт ургацын 90.0 гаруй хувийг Баян-Өлгий аймагт тариалдаг, Ховд аймгийн Булган суманд хувь хүний талбайд 2,0 тн орчим алим ургадаг бөгөөд эдгээр нь Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлэгддэггүй, тээвэрлэх бололцоо ч байхгүй талаар албан ёсны мэдээлэл байна.

Харин 9 дүгээр сарын 15-ны байдлаар Монгол Улсын хилээр 2114,3 тн алим орж ирсэн бөгөөд үүний 72,0 хувь болох 1524,3 тн алимыг БНХАУ-аас импортолжээ. Үүний 36,3 хувь болох 554,5 тн алимыг зөвхөн энэ 9 дүгээр сарын эхний хагасд оруулж ирсэн байна.

Ийнхүү алимны нийлүүлэлт эрс нэмэгдсэн нь жимсний худалдаачид бүтээгдэхүүнээ борлуулах янз бүрийн арга хэрэглэхэд нөлөөлсөн бөгөөд Улаанбаатар хотын гудамж, талбайд “Монгол алим”, “Ховдын Булганы алим” хэмээн нэрлэн худалдаалж байгаа алим нь Монголын хөрсөнд ургаагүй, БНХАУ-аас импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүн болохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сэрэмжлүүллээ.

Б.Хүдэр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш