logo
Улсын нийслэл нь Монгол хэлээ дээдлэх ёстой!

Улсын нийслэл нь Монгол хэлээ дээдлэх ёстой!

2012/09/22

Улаанбаатарын утаа, хог, замын түгжрэл, эвдрэл, замбараагүй газар олголт, газрын маргаан, агаар, хөрс, гол усны бохирдол, осол аваар, архидалт, гэмт хэрэг, ядуурал, их нүүдэл гээд олон тулгамдсан асуудлыг сүүлийн 15 жил ярьж, шүүмжилдэг ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Харин энэ бүх асуудлыг шийдвэрлэнэ, зүй зохистой болгоно гэж үе үеийн хууль хэрэгжүүлэгч түшээд, Засгийн газар, яам, газрын эрх мэдэлтнүүд хэдэн зуун тэрбум төгрөг төсөвлөж зарлагадаад ч өнөөх л бахь байдгаараа нийслэлчүүдийн амьдрах орчин нөхцөл, улам л доройтож, амьжиргааны өртөг өссөөр байна.

Улаанбаатар хотын оршин суугчдын баян, ядуугийн ялгаа тэнгэр, газар шиг хол зөрөөтэй боллоо. Харин хэдэн зуун мянган ногооноор үнэлэгдэх харшид амьдарч, ганган автоташин хөлөглөсөн баячуудаас ариун шударга хөдөлмөрөөр чинээлэг тансаг амьдралтай болсон нь тун цөөхөн болов уу...

XXI зууны Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өдөр бүр зам тээвэр, барилга, үйлдвэрлэлийн осол аваар гарч хүний амь эрсдэх нь хэрээс хэтэрлээ. Нийслэлд хэний ч санаанд оромгүй ослоор өсвөр, залуу насны дөрвөн ч хүн алтан амиа алдсан эмгэнэлт хэргүүд үүнийг нотолно. Энэ бол хариуцлагагүй, авлигач албан тушаалтнуудаар дүүрсэн төрийн эрх мэдэл бүхий байгууллагын хийсэн гэмт үйлдэл.

Өнөөдөр нийслэлчүүдээс олон арваараа ядуурал, ажилгүйдэлд нэрвэгдэж, өдөр бүр л архидалт, гэмт хэргийн золиос болж амь нас, эрүүл мэндээрээ жирийн иргэд хохирсоор л байна. Сүүлийн жилүүдэд нийслэлд их бүтээн байгуулалт өрнөж монгол хүний амьд явах эрхийг зөрчсөн хууль цааз зөрчсөн эрсдэлт үйлдлүүд өдөр бүр гарч иргэдэд айдас хүйдэс төрүүлэх боллоо. Энэ бүхний цаана авлига, хээл хахууль, хууль бусаар ашиг хонжоо хайгчдын бат бэх цайз сүндэрлэн боссоор байна.

Өнөөгийн хууль зөрчсөн үйлдлийг даамжруулагч, хувийн эрх ашгаа дээдлэгч хамсаатнууд нь төрийн албанд шургалж авлигын гинжин хэлхээсийг бий болгож жирийн иргэдээ туйлдуулсаар байгааг яалтай! Монголд өрнөсөн зах зээлийн шуурганаар хүн амын бөөгнөрөл үүсгэж хуаран болсон ямар ч төлөвлөлтгүй, эмх замбраагүй бөөгнөрсөн байшин, барилга, орон сууц болон уул дамнасан банзан хашаатай гэр хороолол бүхий Улаанбаатарт өдгөө Монгол Улсын хүн амын 43 хувь нь оршин сууж байна. Энэ бол сүүлийн 22 жилд Монгол Улсын эрх мэдлийг атгаж ирсэн УИХ, төр засгийн харалган бодлогын шууд үр дүн. Хэнэггүй, ядуу, туршлагагүй бас залхуу хойрго монголчуудаа ашиг хонжоо, амин хувиа бодон завшигч, бэртэгчин цөөн хэдэн монгол нь харийнхантай хавсарч энэ зам руу хөтлөн оруулсан нь нууц биш...

Бид алдаад байна, болохгүй, бүтэхгүй байна хэмээн иргэд шүүмжилдэг ч, энэ шүүмжлэл бодит амьдрал дээр ажил хэрэг болж хэрэгжихгүй байсаар бид хүрэх ёстой хөгжлийнхөө зохих өндөрлөгт хүрч чадахгүй л байна. Харин өөрийн зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр аж амьдралаа авч яваа хувийн хэвшлийнхэн бий. Тэд цөөнгүй хүнийг ажлын байраар хангаж шударгаар хөдөлмөрлөж, хийж бүтээж байгааг үгүйсгэх аргагүй. Харин тэдний хийх, бүтээх гэсэн тэмүүлэлд өнөөх л амьдралд нийцэхгүй хууль, тогтоомжоор боомилдог ашиг харсан эрх мэдэлтнүүд саад болсоор байна. Олон жил хууль мэт мөрдөгдөх болсон хээл хахууль, авлигаар торлогдсон энэ сүлжээ жирийн иргэдээ сөхрүүлж, тэдэнд өсч дэвжих боломж олгохгүй байгааг өөрчлөх цаг болжээ.

Монгол оронд ардчиллын салхи авчирсан анхдагчдын нэг гэгддэг Улсын баатар Э.Бат-Үүл нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хариуцлагатай албан үүргийг хүлээн авч төрөлх хотдоо шинэчлэлт, өөрчлөлтийг тууштай хийж хэрэгжүүлнэ хэмээн нийслэлчүүддээ амласан. Тэрбээр хотын зам тээврийн асуудлаас эхлээд бэрхшээл, саад болсон бүхий л үйл ажиллагаа, үйлдлийг таслан зогсоох ажлыг эхлүүлээд байгаа билээ. Энэ үйл хэрэг цаашид хэрхэн өрнөж, бодит амьдрал дээр яаж хэрэгжихийг нийслэлийн иргэд анхааралтай ажиглаж байна. Түүнийг нийслэлийн иргэд нээлттэй санал бодлоо илэрхийлж, дэмжиж байгаа билээ. Гаргасан шийдвэр, өөрчлөлт, шинэчлэлт бүхэн нь бодит амьдрал дээр биелэлээ олж, хэрхэн хэрэгжихийг цаг хугацаа харуулах бизээ. Нийслэлийн автозамын түгжрэлийг багасгах зорилгоор хийсэн шийдвэрүүд нь түгжрэлийг сааруулахад тодорхой дэвшил болж чадсанд хотын иргэд ихэд талархалтай байгаа. Бидний өдөр тутмын амьдралд тулгарч байгаа олон бэрхшээл саадыг арилгахад нийслэлчүүдийн ил тод оролцоо, санал санаачлага хамгаас чухал гэдгийг Улаанбаатар хотын захирагч онцолж байгаа юм.

Улаанбаатарчууд ая тухтай, амар тайван, аюулгүй орчинд аж төрөх эрхтэй, бас нийслэлийн иргэний хувьд хүлээх үүрэг, хариуцлага ч гэж байдаг. Хотын иргэн бүр ажилтай, орлоготой, хүүхэд бүр эрүүл саруул, цэцэрлэгтэй, сургуультай байх нь бидний эрхэм зорилт. Харин энэ зорилтыг хэрэгжүүлэхэд улаанбаатарчуудад "Нийслэлийн иргэний эрхэмлэх ёс зүй, дагаж мөрдөх дэг журам" хэрэгтэй байна. Энэ журмыг хүүхэд багачууд, залуучуудаасаа эхлээд хүн бүр хэрэгжүүлж хэвшицгээе!

Энэ дашрамд, эрхэм хотын даргад сонордуулах нэгэн чухал санал байна. Аливаа улс, үндэстний нийслэл хот нь тухайн улс орныхоо нүүр царай, нэрийн хуудас нь байдаг. Өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын байгууллага, компани, аж ахуйн нэгж, зочид буудал, баар цэнгээний болон үзвэр, хоол, худалдаа үйлчилгээний газруудын олон улсын хэлээр бичсэн нэр хаяг нь Гиннесийн номонд орж дээд амжилт тогтоохоор болжээ. Англи, хятад, солонгос, япон болон кирилл, монгол бичгээр хазгай муруй, алдаатай бичсэн нэр, хаяг нь Улаанбаатарт ирсэн гадаадын зочин, гийчин, жуулчдыг төөрөгдүүлж, гайхашруулаад зогсохгүй халаглал, тохуурхал, харууслыг төрүүлдэг нь нууц биш. Гадныхан байтугай хөдөө, орон нутгаас ирсэн эх орон нэгтнүүд маань ч Улаанбаатарын гудамж, байшин, хаалган дээрх харь хэлээр алдаа мадагтай бичсэн эрээн мяраан нэр хаягийг тайлж унших гэж будилж төөрөх нь энүүхэн.

Одоогоос 20 жилийн өмнө 1992 онд Улаанбаатар хотод ирж байсан Япон улсын иргэн Оказаки Хидеки саяхан нийслэлд ирээд явахдаа манай хотыг ямар их өөрчлөгдөж, өргөжин хөгжсөн талаар сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр, 20 жилийн өмнөх Улаанбаатарт байшин, барилга нь цөөхөн бас намхан, хэдхэн зочид буудал, ресторантай, хоолны төрөл нь ч цөөн байсан. Харин одоо том том барилга, зочид буудал, зоогийн болон үйлчилгээний газруудтай, олон автомашинтай болж их зүйл өөрчлөгдөж хөгжсөн байна. Залуучууд нь их дэгжин хээнцэр хувцасладаг болжээ. Монгол дээлээ өмсдөг хүн ховор болсон байна. Харин байшин, барилга дээрх нэр хаягийг ихэвчлэн англи хэлээр бичсэн байх юм. 1992 онд Монгол оронд анх ирэхэд өвөрмөц ахуй соёл, заншилтай, хүмүүс нь их эелдэг, дотно санагдаж байлаа. Дэлхийд өөр хаана ч байхгүй энэ сайхан уламжлалт соёл, ёс заншлаа ямагт хадгалж өнөөгийн залуу үеийнхнээ хөгжүүлэхдээ өв уламжлалаа дээдлэн, Соёмбо сүлд шигээ өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйн төлөө гэсэн эрхэм бэлгэдлээ хадгалж хөгжихийг хүсч байна гэсэн юм.

Улаанбаатар хотын дүр төрх 20 жилд хэрхэн, яаж өөрчлөгдсөнийг харь хүний нүдээр харахад ийм л дүр зураг гарсан нь бидэнд нэгийг бодогдуулж байгаа биз ээ. Тийм ээ, бид Монгол хэл, соёл, уламжлалт ёс заншлаа дээдлэн эрхэмлэх нь Улаанбаатарчуудын чин зорилт байх учиртай. Тэгэхээр нийслэл хотынхоо нэр хаягийг үндэснийхээ монгол, кирилл бичигтэй болгож хэвшицгээе. Энэхүү уриалгыг Захирамж, тогтоолоо гарган нэн даруй цэгцлэн хэрэгжүүлэхийг хүсье!

Д.Өлзийсайхан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш