logo
Өргөдөл гаргаж хүүхдийн мөнгөө авна

Өргөдөл гаргаж хүүхдийн мөнгөө авна

2012/09/24
Хүүхэд бүрт ирэх сарын 1-нээс эхлэн сар болгон 20 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн.  Өөрөөр хэлбэл, өмнө нь олгож байсан хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох юм. Хүний хөгжил сангаас Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар болгон 20 мянган төгрөг өгөх шаардагдах хөрөнгийг бүрдүүлэхийн тулд Онцгой албан татварыг нэмэгдүүлсэн билээ. 

Түүнчлэн хүүхдийн мөнгөнд шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх, хүүхдийн мөнгө олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан маягт хэвлэх, сургалт, сурталчилгаа хийх, холбогдох программ боловсруулах зардалд зориулан 154.8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгажээ.

Үндэсний статистикийн хорооны 2011 оны тайлангаар Монгол Улсад 0-18 хүртэлх насны 967.9 мянган хүүхэд байдаг юм байна. Эдгээр хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгоход 2012 онд 58.1 тэрбум төгрөг зарцуулагдах юм. Хүүхдийн мөнгийг олгож байгаа нь хавтгайрсан халамж биш гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ онцолж байсан юм. Тэрбээр хүүхдийн мөнгийг иргэд төрийн халамж гэж ойлгодог. Гэхдээ нийгмийн эмзэг хэсэгт олгож байгаа мөнгийг халамж гэхээс биш хүүхдийн мөнгө бол нийгмийн баялгийг шударгаар хуваарилах бас нэгэн хэлбэр гэдгийг тодотгож байлаа. Түүнчлэн Орон нутгийн сонгууль болж буйтай холбогдуулан АН хүүхдийн мөнгө олгох нэрийдлээр шоудаж байна гэх шүүмжлэлийг МАН-ынхан гишүүд тодотгож байсан билээ. Тиймдээ ч хүүхэд бүрт 21 мянга, дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэврийнхэнд ч мөн 21 мянган төгрөг сар бүр олгож байх хуулийн төсөл санаачилаад амжсан.

Гэвч хуулийн төслийг хэлэлцээгүй бөгөөд төсвийн тодотголд ч энэ талаар тусгагдаагүй. Учир нь энэ жилийн тухайд төсөв нэлээд хүндэрсэн, орлого тасарсан байгаа тул тэдний саналыг хүлээн авах боломжгүй хэмээн Сангийн сайд онцолж байсан юм. Харин хүүхдийн мөнгөний тухайд Төсвийн тодотголд суучихсан. 2007 онд улсаас хүүхэд бүрт сар тутам 3000 төгрөг олгодог байсан бол сүүлдээ улиралд 25 мянган төгрөг болж нэмэгдсэн билээ. Энэхүү мөнгө тухайн үед халамж гэхээсээ илүүтэй хүн ам өсөхөд тодорхой хувь нэмэр оруулсан гэлцдэг. Мөнгөнд нь “шунаж” хүүхэд төрүүлсэн олон хүн бий ч хаяг тогтоох төвийн хүүхдийн тоо хүртэл тухайн үед цөөрсөн талаар статистик ч бий.

Шуудхан хэлэхэд, Монголын үрс маш олон болоход дээрх хүүхдийн мөнгө өөрийн хувь нэмрээ оруулж чадсан. Тодруулбал, хүүхдийн мөнгө олгохоос өмнө манай улсад жилд 40 мянга орчим хүүхэд мэндэлдэг байжээ. Харин хүүхдийн мөнгө олгож эхэлснээс хойш жилд 70 мянган болж нэмэгдсэн статистик бий. Энэхүү мөнгө хүүхдээр нь дамжиж тухайн өрхийн амьжиргаанд эерэгээр нөлөөлж байсныг АН-ынхан тодотгож буй юм. Мөн Төрийн тэргүүн ч энэхүү санал санаачилгыг дэмждэг. Түүнчлэн Хүний хөгжил сангаас хүн бүрт сар болгон олгож байсан 21 мянган төгрөг олголт дууссан учир олон өрхийн амьжиргааны эх үүсвэрт хүүхдийн мөнгө том нэмэр болно хэмээн үзэж буй билээ.

Ямартай ч хүүхэд бүр 20 мянган төгрөгийн цалинтай боллоо. Гэхдээ хүүхдийн мөнгийг авахын тулд иргэдийн зүгээс өргөдөл, хүсэлт гаргах шаардлагатай гэнэ. Хэрэв өргөдөл, хүсэлт гаргаагүй бол мөнгө олгох боломжгүй гэдгийг салбарын сайд онцолж байсан. Учир нь тийм нөхцөлд олгохоор журамд тусгагджээ. Мөн гэрээт банкнаас шууд авахаар зохицуулалт хийгдсэн байна.

Л.Нинж

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш