logo
Хүүхнүүдэд захих 10 захиас

Хүүхнүүдэд захих 10 захиас

2012/09/24
Эр нөхөртөө үргэлж амттай, тансаг боов шиг байх хэрэггүй. Харин ердийн л нэг талх шиг байхыг хичээ. Хүн үргэлж л талхыг хэрэглэдэг шүү дээ. Гэхдээ бас дан талхаар хүн амьдардаггүй гэдгийг санаарай.

-Сайхан ааль зантай байж, юмыг үргэлж сайн талаас нь авч үзэж бай. Үргэлж л муу талыг нь дурдаад, шүүмжлээд байдаг хүнд хэн дуртай байх билээ. Нөхөр чинь ч гэсэн бас хүн шүү дээ.

-Нөхөр чинь аар саар элдэв юм шохоорхон хөөцөлдвөл /шатар тоглох, ан агнах гэх мэт/ бага зэрэг эсэргүүцэл үзүүлсэн мөртлөө таашааж буй дүр үзүүлж байгаарай. Онц эсэргүүцэхгүйгээр таашаах нь нөхрийн чинь дураараадуу байдлыг улам дэвэргэж өөрийн биеэр хүлээн зөвшөөрч байгаа хэрэг болно. Хэрэв хэтэрхий эсэргүүцвэл бүр дургүй нь хүрч цаад юм руугаа улам татагдахад хүрнэ гэдгийг санаарай.

-Аар саархан, бага зэрэг юманд нөхөртөө буулт хийж өгч бай. Ингэж чадвал дараагийн томоохон зүйлд цаадахыгаа буулгаж авч чадна. Ариун цэврийн хэрэгсэл болон ойр зуурын аар саар юмыг нөхрөөрөө авахуулж, ямар унаа тээврийн хэрэгслээр явах, зорчих зэргээ ч нөхрөөрөө шийдүүлж бай. Зам хөндлөн гарахдаа ч бас нөхрөө харж бай. Харин чухам хаана хүрэх ёстойгоо өөрөө шийдэж, нөхрөө дагуулах хэрэгтэй.

-Нөхрөө гэр орондоо сонин аятайхан юм хийх дур хүслийг нь байн байн хөдөлгөж байвал сайн. Өөрийнх нь хийсэн зүйл тухайн хүнд бахархлыг нь төрүүлж байдаг тул гэр орондоо юм хийх сонирхол нь улам ихэснэ.

-Нөхрийнхөө хийж байгаа ажилд оролцож байхыг хичээ. Дургүй байсан ч гэсэн ойр зуурхан юмыг нь дөхүүлж өгч тус нэмэр болох нь зүйтэй. Ялангуяа яг хэрэг болж байх үе нь нэг хадаас аваад өгөх, эгзэгтэй, үед нь нөхрийнхөө сэтгэлийг дэмжин нэг эвтэйхэн санaa алдах зэрэг нь эргээд чамд ашигтайгаар тусна.

-Нөхрийнхөө хэлсэн зарим зүйлийг үнэн гэдэгт зохих хэмжээгээр итгэж бай. Нөхрөөсөө хэтэрхий их юм битгий шаард. Тэртээ тэргүй шаардлагагүй юмны үнэн мөнийг олох хэтэрхий бүү улайран хөөцөлд. Юм үнэнээрээ байх нь сайхан л даа, тэгэхдээ гэр бүлийн аз жаргал гэдэг бол түүнээс ч илүү гэдгийг санаж яв.

-Мөнгө төгрөг үрж зарцуулахын хувьд хатуу хуваарь тогтоож болно. Гэхдээ эр нөхөртөө мөнгө олох хүндэт эрхийг нь олгож, хүндтэй биш боловч чухал үүрэг болох мөнгө зарах эрхийг нь өөртөө үлдээ.

-Өөртөө гоёлын хувцас авахдаа нөхрийгөө хажуудаа байлгах хэрэггүй. Эрчүүд хэдийгээр юмны үнэ цэнийг мэддэг ч гоёж гоодохын жинхэнэ утга учрыг мэддэггүй. Харин аз болоход тэр нь хүүхнүүдэд ашигтай байдаг. Нөгөө талаар хэт өндөр үнээс нөхрийнхөө мэдрэлийн системийг цочрохоос хамгаална.

-Хүүхдээ хүмүүжүүлэх талаар өөрөө нөхөртөө үлгэр дууриал болох хэрэгтэй. Үүний тулд уян, зөөлөн харьцаа, шударга ширүүн шаардлагыг аль алиныг нь хослуулдаг бай. Хамгийн гол нь гэртээ эмэгтэй хүн шиг л бай.

/Хань/ 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш