Хотын гудамжинд чихэвчээр хөгжим сонссон залуус олширчихлоо. Техник, технологийн хөгжлийг даган залуус I-phone, l-pad, I-pod, МР зэрэг олон шинэ технологийг хэрэглэх болжээ. Гар утсаараа хөгжим, FM сонсч, кино, клип үзэхээс эхлээд технологийн дэвшлийг залуус цаг бүртээ мэдэрч байна. Гэвч энэ нь нэг талдаа сайн хэрэг ч нөгөө талдаа өөртөө сөрөг үр дагаврыг авчирч мэдэх нь.
Судалгаагаар 15-25 насны залуусын гуравны хоёр нь гар утасныхаа хөгжмийг хамгийн багадаа нэгээс хоёр цаг сонсдог гэж гарчээ. Тэдний сонсч буй ая нь хажуу дахь хүндээ сонсогдохуйц чанга байдаг бөгөөд өөрсдийгөө орчноосоо тусгаарлан аюулд хүргэдгээ залуус тэр бүр мэддэггүй. Байнга үргэлжилсэн нэг хэмийн дуу чимээ нь аажимдаа дүлийрэлд хүргэдгийг ч эмч нар хэлж байна.
Тиймээс орчин цагт хөгжим чангаар сонсох нь сонсголоо муутгаад зогсохгүй хотын энэ их хөдөлгөөнд амь насаа алдах аюулыг авчирч мэдэх нь. Тухайлбал, хэдэн жилийн өмнө чихэвчээр хөгжим сонсч явсан охин автомашинд дайруулан амиа алдаж байсан түүх бий. Гэтэл хэдхэн өдрийн өмнө оюутан залуу чихэвчээр хөгжим сонсч яваад барилгаас унасан төмөрт цохиулан амиа алдсан эмгэнэлт явдал гарлаа.
Ойр орчмынх нь хүмүүс төмрөөс бултаж байсан бөгөөд залуу чихэвчээр хөгжим сонсоод чимээг сонсолгүй төмөрт цохиулсан хэмээн эх сурвалж хэлж байна. Үнэндээ энэ бол чихэвчээр хөгжим сонсдог залуусын хувьд хамгийн том сэрэмжлүүлэг боллоо. Тиймээс орчин цагийн залуус наанадаад дүлий болчихгүйн тулд яг одооноос эхлээд гудамжинд чихэвчээр хөгжим сонсохоос татгалзвал яасан юм бэ.
Б.Заяа
Эх сурвалж:”Нийслэл Таймс”