logo
Дэлхийн хамгийн анхны дархан цаазат Богд уул “түүхэнд үлдэх” үү

Дэлхийн хамгийн анхны дархан цаазат Богд уул “түүхэнд үлдэх” үү

2012/09/25

Улаанбаатарт төрөх эмнэлэг дутагдаж байна гэнэ. Учиргүй олуулаа нийслэлдээ төвлөрчихсөн болохоор арга байж уу. Шинээр мэндлэгсдэдээ зориулж томчууд нь хэр чадлаараа л хичээн эмнэлгийн барилга барих гэж хэрэндээ л ажил болдог. Өргөтгөл барих газар нь өргөтгөл бүр болохгүй бол хэдэн ор нэмж тавиад л... Гэвч төрсөн хүүхдүүдийн маань ихэнх нь тархины даралттай гэсэн оноштой. Арай эрүүл нь хоол идээд хар хөлс нь цутгачихдаг. Энэ Монголын эмгэнэл биш гэж үү. Эмч нараас асуухаар 100 хувь агаарын бохирдол, хүчилтөрөгчийн дутагдал гэх. Үнэндээ ч айл болгон лагерьт очиж өвөлждөггүй. Тэр бүү хэл хаа нэг салхинд гарах боломжтой нь цөөхөн дөө цөөхөн. Агаарт гарлаа ч гэсэн хөдөө хэд хоноод арай гэж уушги юугаа баясгасан лут амьтан гэр рүүгээ орох гэж нийслэлийг чиглэн нүүрсхүчлийн хийндээ угаартчихдаг. Өнөө агаар чинь сураггүй ш дээ, нүүрсхүчлийн нөлөөнд автаад дашийн шог. Уг нь Улаанбаатарын төвд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу олны нэршиж дадсанаар парк байдаг байлаа.
Гэвч өдгөө тэнд бөөн бөөн барилга л сүндэрлэх болсон. Одоо нийслэлчүүдийн сүүлийн аврал нь Зайсан. Гэхдээ Зайсан ч мөд сураггүй болно. Туулын эрэг даган голын голдрил дотор айлууд буусан байна лээ. Тэд бол агаар хүсэмжлэгчид бус золиоснууд. Зоостой нэгэн эрхэм тэдэнд хэдэн төгрөг өгөөд хаа буухыг нь зааж өгдөг гэсэн. Бас болоогүй ээ, байцаагч ирээд загнаад байвал над руу залгуул. Би мөнгө өгөөд амыг нь хаачихна гэж хэлэхээ мартдаггүй юм гэсэн.
Байцаагч хэдэн жил загнасан дүр эсгэнэ. Аргаа бараад иргэдийн нэр дээр газар олгоно. Энэ мөчид өнөөх баян эрхэм, айлуудтай худалдан авах, худалдах гэрээрхүү юм хийгээд байшингаа бариад эхэлнэ. Айлуудыг Туул үерлэвэл урсаад явчих нөхцөлд амьдруулж байснаа умартан барилга барихдаа хаа очиж далан энэ тэр барьдаг юм шиг байна лээ. За нэг иймэрхүү байдлаар нийслэлийн сүүлийн найдвар болох ногоон бүс, алсуур яривал дэлхийн хамгийн анхны дархан цаазат уул хэмээгддэг Богд уул “будаа” болж байна. Дэлхийн хамгийн анхны гэх тодотголтой эл хайрхан түүхэнд бичигдэн үлдэж, оронд нь шороо манарсан овоо л үлдэх маягтай байна, цаана чинь. Итгэхгүй бол очоод үзээрэй. Та нийслэлийн ногоон бүсэд бус уул уурхайн районд оччихлоо гэж цочин өөрийгөө сэм чимхэж үзэх хэрэг гарна бий вий.


З.Урансүх  
Эх сурвалж:”Улаанбаатар Таймс”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш