Тун удахгүй анхны хүдрээ баяжуулж эхлэх алт, зэсийн баримжаалагдсан нөөцөөр дэлхийд айргийн тавд эрэмбэлэгдэх Оюу толгойн уурхай дагасан хэл ам сүүлийн үед идэвхтэй өрнөх боллоо.
2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн газар, Канадын “Айвенхоу Майнз” компанитай Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар 7.7 их наяд төгрөг буюу зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг уурхайн үйл ажиллагаанд зарцуулах үндэс суурь тавигдсан түүхтэй.
Оюу толгой ордын бүтээн байгуулалтын үйл ажиллагаа 15 жил үргэлжлэхээр төлөвлөгдсөн бөгөөд уурхайн ашиглалтын хугацааг хамгийн багаар тооцоход 40 гаруй жил байх нь хүссэн, хүсээгүй XXI зуунд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч, улсын төсвийн хамгийн том нийлүүлэгч болохыг нь харуулж байгаа юм.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдэрсэн зургаа дахь жилээсээ 1.6 тэрбум фунд зэс, 900.000 унци алт үйлдвэрлэх хүчин чадалтай Оюу толгой төсөл дээр өнөөдрийн байдлаар 9300-аад монгол хүн ажиллаж байгаа нь ажиллагсдын 75 хувь нь болж байна.
Хөрөнгө оруулагчдын зүгээс уурхай ашиглалтад орохоос өмнө Монгол Улсын Засгийн газарт 900 тэрбум төгрөг буюу 700 сая ам.долларын ашгийн татвар төлөх ёстой. Одоогоор 320 тэрбум төгрөг буюу 250 сая ам.доллар төлчихөөд байгаа.
УИХ-ын гишүүд Оюу толгойн гэрээний талаар хоёр хуваагдаж, гэрээний зарим зүйл заалтыг өөрчлөн сайжруулах ёстой гэдэгт өөр өөрсдийн байр сууриа хамгаалан тэмцэлдсэн нь хөрөнгө оруулагчдад өгсөн эхний сануулга болоод зогсохгүй, өнгөрсөн долоо хоногийн хамгийн сонирхолтой үйл явдал байлаа.
Оюу толгойн гэрээг өөрчлөн сайжруулах эсэхийг шийдсэн УИХ-ын хуралдааны санал хураалтад 53 гишүүн оролцсоноос 27 нь гэрээг хэвээр үргэлжлүүлэх санал өгч, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нараар толгойлуулсан 26 гишүүн цөөнх болсон. Ингэснээр Оюу толгойн гэрээнд энэ удаа үзэгний үзүүр хүрэх эрхгүй болж хуучнаараа үргэлжлэн хэрэгжих нь тодорхой болоод байгаа.
Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Олон улсын валютын сангийн тооцоогоор Монгол Улс Оюу толгойн нийт ашгийн 71 хүртэлх хувийг төслийн нийт хугацааны туршид татвар, рояалти, төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авна” гэсэн тунхаглал байн байн цацагдах болсон нь хөрөнгө оруулагчдын зүгээс Оюу толгойн гэрээний талаар хатуухан байр суурьтай байгаа Монголын улстөрчдийг зөөлрүүлэх гэсэн ээлжит үйл ажиллагаа байхыг үгүйсгэх аргагүй.
Нэр бүхий 24 гишүүн УИХ-ын 57 дугаар тогтоолын “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчидтай тохиролцон шийдвэрлэх” гэсэн заалтыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгуулахаар тэмцэж байгаа нь одоохондоо арай л эртдэж байж магадгүй.
Нэгэнтээ “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний эхний 30 жилийн хугацаа дуустал Монголын тал 34 хувийг эзэмшинэ” гээд цагаан цаасан дээр хараар биччихсэн хөрөнгө оруулалтын гэрээ нь хүчин төгөлдөр байгаа өнөөдрийн нөхцөлд хөрөнгө оруулагчид аманд нь орж ирээд хайлж эхэлсэн шар тосоо тийм ч амар савируулан гоожуулчихгүй л болов уу.
Хөрөнгө оруулалтын гэрээний эхний 30 жил өнгөрсний дараа аль нэг тал нь 16 хувийг нэмэн худалдаж авах эрхтэй гэж заасны дагуу есөн тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулах тухайгаа л Монгол Улсын Засгийн газар одооноос анхаарууштай. Өнөөдөртөө эхний бүтээгдэхүүнээ экспортолж ч амжаагүй байгаа Оюу толгойгоос 51 хувийг нь шаардахаасаа илүүтэй дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэмэгдээсэй хэмээн ханцуй дотроо залбирцгаавал Монголын бодит амьдралд илүүтэй зохилдоно.
Нөгөө талаар Оюу толгойн гэрээг сайтар нягталбал “Монгол Улс нь өөрийн төсөвт ямар нэгэн өрийн дарамтгүй, төсвөөс зардал гаргалгүйгээр компанийн хувьцааны 34 хувийг эзэмшихээр зогсохгүй цаашид өөрийн эзэмшлийн 34 хувийг нэмэгдүүлэх эрхтэй” гэсэн заалт нь монголчууд өмнийн говийн асар их баялгийнхаа дийлэнх хэсэгт нь эзэн суух боломжтойг нотолж байгаа.
Одоогийн байдлаар 25.2 тэрбум фунт буюу 11.4 сая тонн зэс, 7.3 сая унци алтны боломжит нөөц нь тогтоогдоод байгаа Оюу толгойн уурхай ашиглалтынхаа оргил үед жилд дунджаар 800 тэрбум төгрөгийн орлогыг Засгийн газарт төлөхөөр байгаа нь Монгол Улсын эзэмшлийн 34 хувь нь ямархуу хэмжээний баялаг болохыг ойролцоогоор харуулсан үнэлгээ юм.
Хэрэв үүнийг “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг”-ийн үгээр болгож, хэзээ нэгэн цагт Монголын эзэмшлийг 51 хувьд хүргэвэл улсын төсөвт орж ирэх мөнгөн дүн ойролцоогоор 3.6 хувиар өсөх тооцоо гарч байна. Гэхдээ хоёр талаасаа энэ тохиролцоонд хүрэхийн тулд хэдэн удаа хэлэлцээрийн ширээнд сууж, хэн нь хэндээ хэрхэн буулт хийхийг одоогоор тааж мэдэх аргагүй. Хэрхэхийг цаг хугацаа, дээр хөхрөгч хөх тэнгэр мэдэх бөлгөө.
Эх сурвалж: "Өглөөний сонин"