logo
Э.Бат-Үүл дарга аа, зөвшөөрөлгүй барилгуудыг мотор асааж бариад байна шүү

Э.Бат-Үүл дарга аа, зөвшөөрөлгүй барилгуудыг мотор асааж бариад байна шүү

2012/09/26
Хотын дарга Э.Бат-Үүл нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын үйл ажиллагааг зогсоож ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байх захирамж гаргаад багагүй хугацаа өнгөрлөө.

Энэ хооронд НМХГ-аас зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын үйл ажиллагааг зогсоох акт өгсөн. Мөн Ус сувгийн удирдах газар 31 компанийн усыг хаасан бол "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХХК 80 барилгын цахилгааныг таслаад байгаа аж. Одоогийн    байдлаар цахилгаан сүлжээ, болон усан хангамжид эргэж холбогдсон зөрчил илрээгүй байгаа юм байна.

Э.Бат-Үүл даргын захирамжийг холбогдох байгууллагууд цаг алдалгүй нь биелүүлж байгаа ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Зөвшөөрөлгүй барилгуудын ус, дулаан, цахилгааныг тасалж, мэргэжлийн хяналтын байгууллагаас зогсоох акт өгсөн ч мөнгөтэй, танил талтай зарим барилгын компанийн эздэд энэ захирамж нөлөөлсөнгүй.

Ус сувгийн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Д.Туяа "Нийслэлд баригдаж байгаа ихэнх барилгад ус хэрэглэхээ больчихсон учраас усыг нь тасаллаа гээд барилгын ажилд нөлөөлөхгүй" гэж байна. Дээр нь зарим барилгын компани цахилгааны асуудлыг мотор асаагаад л шийдчихэж байгаа учраас одоог хүртэл ажлаа үргэлжлүүлсээр байгаа аж. Тухайлбал, "Гацуурт" ХХК, Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороонд барьж буй 12 давхар орон сууцны зориулалттай барилгын ажлаа зогсоогоогүй байгаа юм. Энэ барилгын ус, цахилгааныг тасалсан боловч мотор асааж барилгаа барьсаар байгаа тухай оршин суугчид ярьж байна. Мөн барилгын ажлыг БНАСАУ-ын 30 гаруй иргэн гүйцэтгэж байгаа бөгөөд тэндээ байрладаг гэнэ.

"Эрдэм" СӨХ-ны гишүүн н.Цэвлээ "Гацуурт" ХХК-ийн ажилчид хотын даргын захирамжийг хэрэгжүүлэхгүй том толгой гаргаж байна. Одоо барилгын ажил нь бараг дуусч байгаа. Дотоод заслын ажлаа хийж байгаа юм шиг билээ. Бид энэ барилгын асуудлыг шийдэж өгөх хүсэлтийн хотын дарга Э.Бат-Үүл болон холбогдох албаны хүмүүст хүргүүлсэн ч хариу ирэлгүй 14 хонож байна. Яаж шийдэгдэхийг мэдэхгүй байна" гэв.

Зөвшөөрөл аваагүй ч барилгын ажлаа үргэлжлүүлсээр байгаа "Гацуурт " ХХК-ийн инженер н.Одхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Зөвшөөрөлгүй барилгуудын ажлыг зогсоож, ус дулаанаар хангахгүй байх захирамж гаргасан. Гэтэл танай компани яагаад үйл ажиллагаагаа зогсоохгүй байна вэ?

-Бид барилгын ажлаа зогсоочихсон шүү дээ. Ус, дулаан байхгүй юм чинь яаж ажил хийх юм бэ.

-Мотор ажиллуулаад барилгын ажлаа үргэлжлүүлдэг гэж байна шүү дээ?

-Тийм юм байхгүй. Одоо барилгынхаа ойр хавийг цэвэрлээд л байж байна.

-Иргэд шөнө дөлөөр барилгын ажлаа хийгээд байна гэж худлаа яриад байгаа хэрэг үү?
-Манай барилгын ажил бүрэн зогссон.

-Ер нь анхнаасаа зөвшөөрлөө аваад ажлаа эхэлж болоогүй юм уу?
-Зөвшөөрөл авсан. Одоо ганцхан НМХГ-аас барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл л авна.

-Яагаад норм стандартаа зөрчиж барилга барьж байгаа юм бэ. Үүнээс болж иргэд хохирч байна шүү дээ?
-Иргэдийн хохироогоод байгаа ч юм байхгүй. Нийслэлийн Засаг даргын захирамжтай, газрын албанаас ч зөвшөөрөл авсан юм чинь норм стандартын дагуу л барьж байгаа гэсэн үг биз дээ.

н.Одхүүгийн яриагаар бол "Гацуурт" ХХК энэ барилгын ажлыг хуулийн дагуу үргэлжлүүлж байгаа гэнэ. Гэтэл энэ барилгаас болж ойр хавийн оршин суугчдад олон хүндрэл гарч байгаа. Тэд эрх ашгаа хамгаалан удаа дараа мэдээлэл хийж байсан ч өдий хүртэл шийдэгдсэн зүйл байхгүй байна. Барилгын норм стандартыг тэд илт зөрчсөн ч дүрэм журмын дагуу барилгаа барьж байна гэж хээвнэг хариулж байсан. Хэрэгжүүлдэггүй юм бол хоосон дүрэм стандартаар яах ч билээ.

"Гацуурт" ХХК-ийн барилгын хувьд хажуу талынхаа барилгатай наагаад барьчихсан, улсын өмч байсан газрыг хувьдаа завшиж барилга барьсан гээд яриад байвал "но" их бий. н.Одхүү "Манайх ганцхан НМХГ-аас л зөвшөөрөл аваагүй байгаа. Бусад зөвшөөрлүүдийг бүгдийг нь авчихсан" гэж байсан. Гэтэл тэд барилга барихад чухал шаардлагатай улсын экспертизийн магадлагааг ч аваагүй байгаа юм.

Ингэж мөнгөтэй нэг нь дураараа дургиж байхад шударгаар хөдөлмөрлөж байгаа зарим нь хохирсоор байна. Зөвшөөрөлгүй гэх жагсаалтад багтсан компаниуд дунд хуулийн хүрээнд ажиллаж буй барилгын компани ч байгаа. Жишээлбэл, "Тамирын шугуй" ХХК барилгын зөвшөөрлүүдээ авчихаад мэргэжлийн хяналтынхны зөвшөөрлийг хүлээж байгаа аж. Энэ компанийн захирал Н.Лхагвадорж "Манай компанийн барилгын ажил дуусчихсан. Гэтэл ус, дулаан, цахилгаан тасалчихсан учраас юу ч хийж болдоггүй.

Бид мэргэжлийн хяналтын байгууллагаас ганц зөвшөөрөл авах гэж cap гаруйн хугацаа өнгөрлөө. Бүх материалаа бүрдүүлээд өгчихсөн. Байцаагч нь хүлээж бай л гэсэн. Хүлээгээд л байна. Бидний ажлыг ингэж гацаагаад байгаа нь хүндрэлтэй байна. Хууль дүрэм зөрчиж байгаа бол нэг хэрэг. Гэтэл ялихгүй юманд ингэж болохгүй биз дээ" гэв.

Н.Санжаасүрэн

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш