logo
Хуулиас дээгүүр жаалах архины худалдааг зогсооё

Хуулиас дээгүүр жаалах архины худалдааг зогсооё

2012/09/26
Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэх. Гашуун усанд тархиа мэдүүлж, гэмт хэрэгт холбогдогсод ч олширлоо. Нийт гарч буй гэмт хэргийн дийлэнх хувь нь өнөөх архи гээч хар мөртэй уснаас  үүдэлтэй. Үүнийг төр засаг төдийгүй түмэн олон нь ярих атлаа хийх хэрэгжүүлсэн ажил хомс байна. Хэдийгээр архидан согтуурахтай тэмцэхийн тулд албан татварын нь нэмэгдүүлж “айлгасан”. Гэсэн ч архидалт буурахгүй азай буурлаас авахуулаад арван жилийн хүүхдүүд архидсаар. Судалгаанаас үзвэл, нийслэлийн хэмжээнд архи худалдаалдаг 2664 дэлгүүр байдаг бол түүгээр үйлчилдэг 2000 гаруй үйлчилгээний газар бүртгэлтэй. Энэ ч утгаараа 18 хүртэлх насны хүүхдүүд эрүүлжүүлэх байранд зочлох нь нэмэгдсэн. Эдгээр насныхан  2006 онд 175, 2007 онд 231, 2008 онд 264, 2009 онд 288, 2010 онд 956, 2011 онд 1416 болж өссөн нь харамсалтай. “Архины үнэ нэмэгдлээ гээд архичид цөөрөхгүй. Харин архи гээчийг зарахгүй болбол үр дүнтэй” гэх иргэд олон.

Архичдыг өөгшүүлж буй газрууд бол зөвшөөрөлгүй, хууль бусаар ажилладаг дэлгүүрүүд байдаг. Мэргэжлийн байгууллагаас хяналт, шалгалт хийдэг ч хэн нэгний хараанаас мултарсан  хэтэрхий их эрх мэдэлтэй дэлгүүрүүд бий. Үүний нэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуул­даг “Өрнүүн” мини маркет юм. Эл дэлгүүрийг “архи­чид” андахгүй. Бүүр цааш­лаад шөнийн  гүйдэлтэй шоу­чин залуусийн оромж гэл­тэй. “Согтуу­руулах ундаа үйлд­вэрлэх, тээвэр­лэх, хад­галах, бор­луу­лах, худал­дах, түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулах, 21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэсэн заалт Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд бичигдсэн байх атлаа бодит амьдрал дээр өөрөөр хэрэгжүүлж байгаа. “Өрнүүн” хэмээх энэ дэлгүүрт мэргэжлийн байгууллагаас “десант” бууж арга хэмжээ авдаг ч ар хударгаар нь мултарч өнгөрдөг гэнэ. Бүүр архи зарах зөвшөөрлийг нь хүртэл цуцалж байсан удаатай. Арга ядсан байцаагчид “Ахиж архи зарж болохгүй, заасан хугацаандаа хааж бай” хэмээн аргадан гуйна. Гэвч хуулийг уландаа гишгэсэн эл газар архи зарсаар, архичдыг өөгшүүлсээр буй юм. Шөнийн цагаар тус дэлгүүрийн хажуугаар явахаар багахан хэмжээний түгжрэл үүссэн байхыг олж харна. Архины  эрэлд гарсан ангуучид энд архи зардагийг андахгүй мэднэ. Зарим нэг нь амнаас ам дамжин сонссоор андахаа байж. Энэ дэлгүүрт цагийн хуваарь гэж байдаггүй. Наад захын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлаа хангаж ажилладаггүй гээд дурьдаад байвал дуусахгүй паян бий. Тус дэлгүүрийн гадаад өнгө үзэмж гэж авах юмгүй. Нурах дөхсөн барилгын дор үйл ажиллагаа явуулдаг. Орой үдшийн цагаар архи зардаг ч  худалдагч болоод үйлчлүүлэгчийнхээ аюул­­гүй байдлыг хангах тал дээр нойл заасан гэхэд болно. Оршин суугчид ярихдаа “Орой үдшийн цагаар архичид цугладаг. Амгалан тайван байдал алдагдуулаад хэцүү. Хааяа цагдаа нар ороод шалгаж харагддаг. Буцаад л архи зараад байдаг юм билээ. Бодвол хэн нэгэн даргын халхавчинд байдаг биз” хэмээн халаглаж байв.

Хэдхэн хоногийн өмнө  төр засгийн нөлөө бүхий эрх мэдэлтнүүд “Шинэчилж шийдье-222” уулзалтыг зохион байгуулсан. Энэ үеэр “Хүүхдэд архи худалдаалахыг хориглооч” гэсэн нэгэн ээжийн санал олныг гайхшруулж байв. Үүний  хүрээнд архи, тамхины зохисгүй хэрэглээг хязгаарлах, насанд хүрээгүй хүнд архи, тамхи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон хуулийн заалтын биелэлтийг хан­гуулах болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрч­лөлт оруулах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг  Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан. Тэгвэл ажлын хэсэг хуралдаж “21 насанд хүрээгүй хүүхдэд архи худалдаалсан дэлгүүр, үйлчилгээний газрын тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэм­жээг ирэх сарын 1-нээс авна” хэмээх шийдвэрийг гаргасан. Тэгэхээр хуулиас дээгүүр толгой гаргаж хувийн ашиг сонирхлоор зөв­шөө­рөл­гүйгээр архи зарж буй дээр дурьдагдсан дэлгүүрт хариуцлага тооцох нь дамжиггүй биз.

 Б.ЧАНЦАЛ 
Эх сурвалж: "Нийгмийн толь"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш