logo
С.Болдхэт, Р.Гончигдорж, Б.Мэдрээ нар төрийн тэтгэлэггүйгээр хүүхдээ сургаж чадахгүй гэж үү

С.Болдхэт, Р.Гончигдорж, Б.Мэдрээ нар төрийн тэтгэлэггүйгээр хүүхдээ сургаж чадахгүй гэж үү

2012/09/27
Шинэчлэлийн Засгийн газрынхан ил тод байдал гэх хуучирсан үгээс татгалзаж, transparency-г монголчлон “тунгалаг” төрийн үйл ажиллагааг ард түмэнд амласан. Энэ амлалтыг ажил хэрэг болгох буухиа Хууль зүйн салбараас, тус яамны сайд Х.Тэмүүжингээс эхэлсэн нь олон нийтэд таалагдаж эхэллээ.

Тус яамны вэб сайт “амь орж” далд мэдээллийг ил болгосны эхнийх нь Хууль зүйн яамны захиалгаар гадаадын их, дээд сургуульд суралцаж байгаа болон төгсөж ирсэн албан хаагчдын жагсаалт байв. Жагсаалтад суралцагчдын овгийг харахад л зиндаа үнэртэх аж. Тухайлбал Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр 2004-2006 онд Шинэ Зеландын Виктория их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцсан, одоо Гадаад харилцааны яаманд ажилладаг гэж бүртгэсэн байх юм. Тийм ээ, үнэхээр тэр хүү ГХЯ-нд атташе, Гэрээ эрх зүйн газрын дэд захирал зэрэг албыг хашиж байгаад өнгөрсөн жил АНУ-ын Сан Франциско хотод ерөнхий консулаар томилогдсон нь тухайн үед дуулиан тарьж байв. Түүнчлэн “цэнхэр дуулгатан” болж Суданд энхийг сахиулахаар явах гэж байна, Батлан хамгаалах яамнаас түүнд дэслэгч цол өгчээ гэх мэдээллүүдээр аавынхаа урмыг мялааж байсан сайн хүү байгаа юм.

Мөн ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаа саяхан хүлээлгэн өгсөн Д.Сандаг-Очир хурандаагийн охин С.Хишигбаяр, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Баясгалангийн хүү Б.Оргилсайхан нар АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн аж. Цагдаагийн байгууллагад насаараа ажилласан хурандаа нарын хүүхдүүд ч бас “Хуульчийн хүүхэд хуульч байх ёстой” гэдэг дээр санал нэгддэг бололтой. Гэвч яагаад жирийн иргэний хүүхэдтэй шударга өрсөлдөж болохгүй гэж. Тухайлбал,  цагдаагийн хурандаа Ц.Жамьянсэнгээ агсны хүү Австралид, ХЗДХ-ийн сайд асан Л.Цогийн хүү АНУ-ын Калифорнийн олон улсын их сургуульд эрх зүйч мэргэжлээр тус тус суралцжээ. Энэ сайн хэрэг. Яагаад хуульчийн хүүхэд хуульч болж болохгүй гэж. Үүнийг эсэргүүцвэл ёстой орчин цагийн хэлмэгдүүлэлт болох биз.

Харин энд нэг л асуудал бий. Жирийн иргэдийн хүүхдүүд хэчнээн мэдлэгтэй, авьяастай байлаа ч хүссэн сургуульдаа, тэр тусмаа Засгийн газрын тэтгэлгээр суралцаж чаддаггүй. Энэ бол биелэшгүй мөрөөдөл. Гэтэл “Шинэ Монгол”-чуудын хүүхдүүд ОХУ-д суралцахыг ч голж чамладаг болсон нь харагдаж байна. Учир нь жагсаалтаас харахад сүүлийн үеийн дарга нарын хүүхдүүд голдуу АНУ болон барууны бусад оронд суралцах болжээ. Харамсалтай нь тэд мэргэжлээрээ ажилладаггүй.

Чухам энэ асуудлаар уржигдар Хууль зүйн яамны шинэ удирдлагууд шүүмжлэл өрнүүлсэн. Тэдний шүүмжлэл олон хүнийг чихээ бөглөхөд хүргэжээ. УИХ-ын гишүүн асан С.Болдхэтийн охин Хулан АНУ-ын Нью-Йоркийн их сургууль, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээгийн хүү Мөнхөө Бриджпортын их сургуулийг бизнесийн удирдлагын магистраар 2010-2012 онд суралцаж төгссөн байна. Б.Мэдрээ захирал саяхнаас “Капитрон” банкийг “Ажнай”-тай хамтран тэнцүү хэмжээгээр эв найртай эзэмшихээр  болсон сураг дуулдах болсон. Уг нь төрөөс тэтгүүлж хүүхдээ сургахдаа тулаагүй нүнжигтэй банкир юмсан.

Мөн УИХ-ын дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн охин Нямцэрэн 2006-2009 онд Истерн Кентаки их сургуульд эрх зүйн чиглэлээр суралцаж, докторын зэрэг хамгаалжээ. УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн охин Уянгахишиг ХБНГУ-ын Боннын их сургуулийг, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга Н.Батцэрэгийн хүү Мельбурнийн их сургууль, Индианагийн их сургуулийг төгссөн  гэхчлэн энэ бүртгэл үргэлжлэх аж. Тэд үнэхээр хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлж чадахгүйд хүртлээ ядуурсан уу гэвэл, үгүй. Төрд ажиллаж буй давуу эрхээ ашиглан утсаар ярих төдийд ардын хүүхдүүдийн боломж болох  Засгийн газрын тэтгэлгийг булаасаар ирсэн учраас сургалтын төлбөрийг бүтнээр нь төлдөггүй. Хүүхдүүддээ ч “Чи төрийн мөнгөөр сурсан учраас мэргэжлээрээ ажиллаж төлөх ёстой” гэж сургаагүйг олон жишээ харуулдаг. Тухайлбал “Наран” группийн ерөнхийлөгч С.Болдхэт 1999 онд буюу андуурч эндүүрдэг 17 чингэлэг спиртээ ид борлуулж баяжиж байхдаа охиноо АНУ-д сургуульд явуулсан байдаг. Охин нь эрхзүйн чиглэлээр магистр хамгаалаад ирсэн гэх боловч эцэг нь “Ив роше” дэлгүүртээ гоо сайхны хуурамч бүтээгдэхүүн, хортой “варьене” тэргүүтнээ зарсаар байна. Лав л тэр охин аавдаа хуулийн дагуу бизнес эрхлэхийг зааж чадсангүй.

Хууль зүйн яамны нэр дээр гадаадад суралцаж ирсэн хуульч, эрх зүйчид сайндаа л АТГ,  ЦЕГ-т бичиг хэргийн ажил эрхэлдэг. Эндээс би юу хүсээд байна вэ гэхээр төрийн мөнгөөр суралцсан хүмүүс ирээд мэргэжлээрээ, тэр тусмаа өндөр үр бүтээлтэй ажилладаг байх ёстой. Өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд түүнийг сургахад төрөөс зарцуулсан зардлыг хүү, алдангитай нь эргүүлэн төлдөг байх хариуцлагын тогтолцоог нэхмээр байна.

Тус яамны нэр дээр ОХУ-ын ДЯЯ-ны удирдлагын академид суралцсан М.Ганболд Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажилласан, Ц.Амгаланбаяр ч мөн дээрх сургуулийг төгсөж ирээд Замын цагдаагийн газар, Онцгой байдлын ерөнхий газарт үр бүтээлтэй ажиллаж байгаа. Тэдэн шиг тэтгэлгээр суралцсан зардлаа төлдөггүй юмаа гэхэд мэргэжлийг нь эзэмшсэний хувьд энэ салбарт ямар нэг хэмжээгээр хувь нэмрээ оруулдаг байх хэрэгтэй.

Ямартай ч шинэчлэлийн Засгийн газрын нэг салбар хаалттай мэдээллийг ил болгож, зөвхөн дарга нарын, эсвэл хуучин, шинэ хуульчдын хүүхдүүдийг сургадаг байсан тогтолцоог өөрчлөхөөр шийджээ. Тэдний  “дэлбэлэх” ёстой дараагийн “торх” нь МИАТ. Тус компанийн нэр дээр үеийн үед дарга нарын, эсвэл нисэгчдийн хүүхдүүд харь газарт сурахаар оддог. Ирээд мэргэжлээрээ ажиллаад байдаг бол Монголын тэнгэрээр дүүрэн дарга нарын хүүхдүүд “нисэж” байх учиртай. Гэвч хувийн бизнесээ хийж байгаад яваандаа гоё СV үзүүлээд сонгуульд өрсөлдөх л бодолтой байдаг бололтой. Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд олигархиудын тогтоосон  тогтолцоог задалж дээд боловсролыг “террор”-оос чөлөөлж жирийн иргэдэд тэгш боломж олгоно гэдэгт найдаж байна.

У.Оргилмаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш