logo
15 настай Aнгли охин багштайгаа хамт гэрээсээ оргожээ

15 настай Aнгли охин багштайгаа хамт гэрээсээ оргожээ

2012/09/27
Английн Истборн хотын сургуульд сурдаг 15 настай Меган Стаммерс өнгөрөгч пүрэв гаригийн орой гэрээсээ оргожээ. Тэрээр математикийн багш, 30 настай Жереми Форресттой хамт Франц руу явсан байна. Меган багштайгаа хөтлөлцөн, хосууд шиг алхаж байгаа дүрс хяналтын камерт шөнө бичигдэн үлджээ. Цагдаагийн мөрдөгч Жэсон Тинглэй хэлэхдээ "Охин баасан гаригт нэг найз руугаа мессеж бичиж, Францад сайн явж байгаагаа хэлсэн" гэсэн байна. Гэхдээ Меган одоо Францад байгаа эсэх нь тодорхойгүй байгаа аж. Цагдаа нар охиныг олохын тулд Интерполтой хамтран ажиллаж байгаа юм байна.
Охины сурдаг сургуулийн захиргаа 15 настай сурагч багштайгаа ямар харилцаатай байсан талаар судалж байгаа гэж мэдэгджээ. Уг нь Меганы найзууд түүнийг багштайгаа ямар харилцаатай байгаа талаар долоон сарын өмнөөс багш нартаа анхааруулж байсан байна. Гэхдээ багш нар нь үүнийг тоогоогүй бололтой.
Охиныг авч явсан багш Форрест хөгжимчин байсан тухай мэдээлэл ч байгаа юм. Тэрээр Жереми Айер нэрээр уран бүтээл гаргадаг байсан гэнэ. Гэхдээ цагдаа нар энэ мэдээллийг батлаагүй байна. Одоогоор Меганы эцэг эх болон цагдаа нар охиныг олох ажилд олон нийтийн харилцааны сайтуудыг ашиглаж байна. Тэд охиноо олоход зориулж хоёр ч Facebook хаяг нээжээ. Меганы аав Мартин Стаммерс өөрийн твиттер хуудсандаа охиныг нь олоход туслахыг гуйсан мессежүүдийг бичсээр байна. Аав ээж хоёр нь охиноо эрүүл саруул гэртээ эргээд ирэхийг л хамгийн ихээр хүсч байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш