logo
Обамаг Ираны цөмийн зэвсэг

Обамаг Ираны цөмийн зэвсэг "айлгаж" байна

2012/09/27
Мягмар гаригт Америкийн ерөнхийлөгч Барак Обама НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулган дээр үг хэллээ. Тэрээр Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх зорилгоор дипломат арга хэмжээ авахад цаг хугацаа хэрэгтэй гэдгийг онцолсон байна. Обама мэдэгдэхдээ "Манай улс энэ асуудлыг дипломат арга замаар шийдэхийг хүсч байна. Энэ ажлыг хийхэд хугацаа хэрэгтэй. Гэхдээ хугацаа хязгаарлагдмал байна" гэжээ.
Цагаан ордны тэргүүн цааш хэлэхдээ "Бүү алдаа гарга. Иран цөмийн зэвсэгтэй болох нь шийдэгдэж боломгүй асуудал дэгдлээ гэсэн үг. Иран улмаар Израйль болон Персийн булангийн орнуудыг заналхийлж, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд аюул учруулна. Үүнээс болж бүс нутагт цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдал газар авах эрсдэл бий болно. Ийм учраас холбоотон орнууд Ираны засгийн газарт хариуцлага тооцож байна. Ийм л учраас Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэхийн тулд АНУ хийх ёстой зүйлээ хийнэ" гэсэн байна.
Обама дэлхийн удирдагчдад хандан хүчирхийлэл, экстремизмийн эсрэг тэмцэхийг уриалсан байна.
Ерөнхий Ассемблейн чуулганы үеэр Ойрхи Дорнод дахь тогтворгүй байдалтай холбоотой асуудлууд хөндөгдөх төлөвтэй байгаа юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн чуулганыг нээж хэлсэн үгэндээ Сирийн нөхцөл байдал хурцадмал байгааг онцлоод Аюулгүйн Зөвлөлд хандан арга хэмжээ авахыг уриалжээ. Сирийн асуудлыг хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Лахдар Брахими Сирийн Дамаск хотод айлчилсныхаа дараа хөрш Йордан, Турк улсууд дахь дүрвэгсдийн хуаранд очиж, Сирийн иргэдтэй уулзсан. Тэрээр даваа гаригт мэдэгдэл хийх үеэрээ Сири дэх нөхцөл байдал улам дордсоор байгааг онцолсон байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш