logo
Силвио Берлускони: Надад ичээд байх юм алга!

Силвио Берлускони: Надад ичээд байх юм алга!

2012/09/27
Мягмар гаригт Италийн ерөнхий сайд асан Силвио Берлускони "Миний хувийн амьдралд ичмээр зүйл юу ч байхгүй" гэж мэдэгдсэн байна. Шүүх түүнийг насанд хүрээгүй шөнийн клубын бүжигчин охинд мөнгө төлж бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгаад байгаа билээ. Харин тэрбумтан, бизнесмен, хашир туршлагатай улс төрч Берлускони "Би хэзээ ч хууль зөрчиж байгаагүй, улс төрийн зорилготой шүүгч нар намайг гүжирдэж байна" хэмээжээ.
Ирэх хавар болох сонгуулиар Берлускониг дөрөв дөх удаагаа ерөнхий сайдаар сонгогдож магадгүй талаар түүний талынхан үг цухуйлгаад байгаа аж.

Экс ерөнхий сайдыг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, Морокко гаралтай Карима Эл Маругт мөнгө төлж бэлгийн харьцаанд орсон хэргээр буруутгасан бөгөөд энэ хэргийн шүүх хурал ирэх 10-р сарын таванд үргэлжилнэ.

Силвио Берлусконигийн насанд хүрээгүй охинтой нэр холбогдсон хэргийг шүүх хуралд оролцсон  гэрч, Бразилын загвар өмсөгч Michelle Conceicao-ийн мэдүүлснээр Италийн хуучин ерөнхий сайд Руби нэрээрээ танигдсан Карима Эл Маругтай бэлгийн харьцаанд орсныхоо төлөө түүнд мөнгө төлсөн нь гарцаагүй юм байна. Руби тухайн үед насанд хүрээгүй байжээ.

Берлусконигийн хувийн эдлэндээ зохион байгуулсан "Бунга Бунга" үдэшлэгт оролцож байсан Michelle-ийн хэлснээр экс ерөнхий сайд 2010 оны дөрөвдүгээр сарын 25-ны шөнө Милан хотын ойролцоох том байшиндаа Рубитай дэр нэгтгэсэн байна. Тухайн өдөр болсон үдэшлэгт бусад залуу эмэгтэйчүүд ч оролцсон аж.

Тухайн үед Берлускони 73-тай, Эл Маруг дөнгөж 17-той байжээ. Италид насанд хүрээгүй буюу 18 хүрээгүй эмэгтэйд мөнгө төлж, бэлгийн харьцаанд орох нь хуулиар хориотой байдаг.
Michelle Италийн "Espresso" сонинд ярилцлага өгөх үеэрээ "Би тэнд байсан, би бүхнийг харсан. Тэр түүнд 5.000 евро төлсөн. Руби маш залуухан байсан учраас Берлусконид таалагдсан" хэмээн ярьсан байна.
Бразил загвар өмсөгч ийнхүү бүхнийг илчлэх болсон шалтгаанаа өөрийнхөө аюулгүй байдалд санаа зовсон, худал зүйлээр дүүрсэн ертөнцөд амьдрахаас залхсан гэж тайлбарлажээ.
Берлускони хэрэв буруутай нь тогтоогдвол 15 жил хүртэл хугацаагаар торны цаана сууж магадгүй юм. Түүний шүүх хурал 2011 оны дөрөвдүгээр сард анх эхэлсэн бөгөөд цаашид олон сар үргэлжлэх төлөвтэй байна.

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш