logo
Хойд Солонгос Пакистаны цөмийн технологийн мэдээллийг худалдаж авсан байж магадгүй гэнэ

Хойд Солонгос Пакистаны цөмийн технологийн мэдээллийг худалдаж авсан байж магадгүй гэнэ

2011/07/09
Пакистаны цөмийн бөмбөгийн "эцэг" гэж нэрлэгддэг энэ хүн Хойд Солонгосын талд цөмийн технологийнхоо талаарх мэдээллийг худалдах гэрээг зуучилсан байж магадгүй гэсэн мэдээлэл гарчээ. Хойд Солонгосын тал Пакистаны өндөр албан тушаалтнуудад их хэмжээний хахууль өгсөн байж магадгүй байна. Абдул Кадыр Каны өгсөн гэж байгаа захидалд энэ талаар дурджээ. Кан дэлхийн хамгийн харгис дэглэмтэй улсуудад цөмийн нууцаа худалдсан нь түүний зорилго, шалтгаан юу байв аа гэсэн асуултыг гаргаж ирж байна.
 
Вашингтоны Ойрхи Дорнодын талаар баримтлах бодлого хариуцсан Институтын ажилтан Саймон Хендерсон хэлэхдээ би үнэхээр балмагдсан, энэ бол Англи хэл дээр бичигдсэн Хойд Солонгосын нууц захидал гэсэн байна.   Хойд Солонгосын тал цөмийн зэвсгийн талаарх нууц мэдээлэл авахын тулд Пакистаны цэрэг армийн өндөр албан тушаалтнуудыг  хахуульдахаар оролдсоныг энэ захидлаас уншиж болох юм. 
 
Захидал 1998 оны долдугаар сард бичигдсэн бөгөөд  үүнээс хэдэн долоо хоногийн өмнө Пакистан улс анх удаа цөмийн туршилтаа амжилттай явуулаад байсан юм. Энэ  хөтөлбөрийн эцэг Эй Кү Каныг Пакистан улсын цөмийн технологитой холбоотой нууц мэдээллийг Ливи, Иран, Хойд Солонгосын талд өгсөн гэж үзэж байгаа юм байна. Энэ захидал ч үүнийг баталж болох юм.     Захидлыг Хойд Солонгосын цэрэг армийн худалдааны асуудал хариуцсан албан тушаалтан Абдул Кадыр Канд илгээжээ. Захидалд гурван сая долларыг Пакистаны генералд төлсөн, хагас сая доллар болон гурван алмааз, бадмаараг эрдэнийн иж бүрдлийг өөр нэг албан тушаалтанд өгсөн тухай дурдсан байна. Түүнчлэн хэлэлцэж тохирсны дагуу бичиг баримтуудыг болон бусад зүйлүүдийг пуужингийн хэсгүүдийг хүргэснийхээ дараа манай онгоц эргэж ирэх үед ноён Ёонд өгнө үү гэжээ.    
Энэ захидал жинхэнэ болов уу. Эй Кү Кантай удаан хугацаанд харилцаатай байсан шинжээч Хендерсон хэлэхдээ би энэ захидлыг Эй Кү Канаас дөрвөн жилийн өмнө авсан гэсэн байна. Тэрээр захидлыг шалгуулахаар Вашингтон Постод өгчээ. Вашингтон Пост болон зарим мэргэжилтнүүд энэ захидлыг жинхэнэ гэдгийг нь шууд батлах боломжгүй гэж хэлсэн байна. Харин захидал жинхэнэ гэдгийг зарим шинжээчид хэлж байгаа юм.   Абдул Кадыр Каны цөмийн зэвсгийн талаарх нууц мэдээллийг дамжуулсан хэрэгт Пакистаны цэрэг армийн оролцоо байсан гэж Америкийн тал үзэж байжээ. НҮБ-ын шинжээч асан Дэвид Олбрайт Хойд Солонгосын захидлыг жинхэнэ гэж үзэж байна. Гэхдээ жинхэнэ биш үзэх үндэслэлүүд ч байгаа гэдгийг тэрээр хэлжээ.  Абдул Кадыр Кан энэ захидлыг хуурамчаар үйлдсэн байж болох уу гэсэн асуултанд тэрээр хариулахдаа тэгсэн байж болно, захидал түүнээс л ирсэн шүү дээ, тэрээр бусдад буруу тохох үүднээс хуурамчаар үйлдсэн байж болно гэсэн байна.  Кан Пакистаны засгийн газар болон цэрэг армийн албан тушаалтнуудын өмнөөс ажиллаж байснаа олонтоо баталсан гэдгийг Олбрайт онцолжээ. Харин захидалд нэр нь дурдагдсан Пакистаны хоёр генерал захидлыг худал хуурмаг зүйл гэж мэдэгдсэн байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш