logo
Камер (шог өгүүллэг)

Камер (шог өгүүллэг)

2012/09/29
Манжингийн үнэ махныхад дөхөж, ганц үмх мах хонины өртөгт ойртохоор нь захын хороололд амьдардаг давуу эрхээ эдэлж хэдэн ямаа авчирлаа. Есөн сар гарчихлаа. Тэгэхнээ чинь хэдэн борлон нь эхийгээ ухнадаж давхиад болдоггүй. Бүгдээрээ охин юм байж тэр шүү дээ. Ээ мангар, мангар. Би чинь ямаа үржүүлэх санаатай байж ухна гээчийг нь мартчихжээ. Хотоос ямар ухна олдох билээ. Толгой гашлах дөхөөд гайхширч суутал хөгшин:

-Хөөе! Должин эмээ шилмэл омгийн ухна авчирсан гэж сонсоогүй юу гэлээ шүү. Бүсгүй хүний ухаан нарийн гэдэг үнэн юм гээч!
Гэхдээ би үнэндээ жаахан хулчийж байлаа. Учир гэвэл ноднин жил Должин эмээ Тэхийн зогсоолоос хэдэн шуудай элс аваад,
-Миний хүү, эмээдээ тал өртгөөр нь хүргээд өгчихнө үү гэхээр нь,
-Сэлбэг шатахууны үнэ нэмэгдээд байна шүү дээ гээд хөдлөөгүй юм. Юм ээлжтэй гэдэг үнэн ажээ. Яадаг юм билээ. Ухныг нь гуйхаар,
-Ус, тэжээлийн үнэ нэмэгдээд байна шүү дээ гэвэл яах вэ? ингэж элдвээр бодсоор яваад хүрлээ шүү. Хэрэг зорилгоо хэллээ. Должин эмээ инээмсэглээд,
-Ухна ав л даа, алдаж үрэгдүүлчхэв. Харин нэг харайлт нь таван зуу шүү гэж байна. Би авахаар боллоо. Должин гуай:
-Харин чи хүзүүн дэх хонхыг нь оролдож болохгүй шүү гэв. Хүүхэд биш дээ, би түүгээр оролдож байхдаа яах вэ дээ? Зөнөж л яваа нь тэр! гэсэн шүү юм бодлоо.
Ухныг нь их гүймхий гээд байсан үнэн юм. Ямар муудаа л хөрш хашааны хэдэн ямаа руу шөнө харайж очиж хоночихоод үүрээр ирж байх билээ. Манай хэдэн ямааг дор нь гүйцээчихлээ. Би Должин эмээд ухныг нь аваачиж өгөхдөө,
-Танай ухна гуравхан ямаан дээр л харайлаа, сулралтай байх аа гэчихлээ шүү. Эмээ:
-За яахав, үзье л дээ гээд ухныхаа хүзүүнээс хонхоо авч компьютерт залгалаа. Тэгтэл нөгөө сулралтай ухна чинь манай хорин гурван эм ямааг дуусгаад, дээр нь есөн борлонгий нь бас туучихсан дүрс бичлэг зүсээрээ байдаг байгаа! Ухнын хүзүүнд камер байгаа гэж хэн мэдэх билээ дээ. Би ичихдээ арван зургаан мянган төгрөгөө сарвайлаа.

О.Цэрэндаш
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш