logo
Нойтон цас орсоноос тариа хураалт зогслоо

Нойтон цас орсоноос тариа хураалт зогслоо

2012/10/02
Сэлэнгэ, Төв, Булган аймгийн газар тариалангийн бүс нутгаар уржигдар шөнө нойтон цас орлоо. Мөн өнгөрсөн шөнө зарим газраар нойтон цас орж, хүйтэрсэн байна. Ус, цаг уурын хүрээлэнгээс газар тариалангийн бүс нутгуудаар цочир хүйтэрч, цас орохыг мэдэгдэж байсан. Өчигдрийн байдлаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан мэдээллээр нийт нутгаар үр тариа хураалт 40 гаруй хувьтай байгаа аж.

Өнгөрсөн шөнийн цас хэр зэрэг унаснаас байдал шалтгаална гэлээ. Хэрэв үр тариаг дарах хэмжээний цас ороогүй бол айх зүйлгүй гэж албаныхан мэдээлж байна. Газар тариалангийн нутгуудаар орсон цас үр тариа хураалтын ажлыг түр зогсоочихоод байгаа тухай аймгуудын удирдлагууд мэдээллээ. Нэгээс хоёр хоног ажил түр зогсох нь тодорхой болсон бөгөөд орсон цасны хэмжээг тодорхойлох аргагүй байгаа гэнэ.

С.Бүрэнбат: Тарианы чанарт нөлөөлөх хэмжээний цас ороогүй


Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай холбогдлоо.

-Өнгөрсөн/уржигдар/ шөнийн цас танай аймагт хэр оров. Тариа хураалтад нөлөөлсөн үү?

-Үр тарианы чанарт нөлөөлөх хэмжээний цас ороогүй. Өнөөдөр /өчигдөр/ тийм их цас орохгүй гэдэгт найдаж байна. Харин үр тариа хураалтын ажил түр зогссон. Орхон, Орхонтуул орчмоор нойтон цас орсон.

-Танай аймгийн тариа хураалт хэдэн хувьтай байна?
-Одоогоор 60 гаруй хувьтай явж байна.

-Хэзээ дуусах вэ?

-Цаг агаарын хүндрэл гарахгүй бол энэ сарын 15 гэхэд дуусчихна. Харин дундуур нь бороо, цас орвол 20-д хүргэж магадгүй. Цаснаас болоод ажил зогсчихоод байна.

-Болц гүйцээгүй тариатай талбай бий юу?
-Ганц, нэг бий. Гэхдээ өнгөрсөн хэд хоногийн наранд үр тарианы болц харьцангуй сайн болсон.

Б.Батсуурь: Төв аймгийн үр тариа хураалт 19.8 хувьтай байна

Төв аймгийн байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батсуурьтай холбогдлоо.

-Танай аймгийн хэмжээнд үр тариа хураалт хэдэн хувьтай байна?
-Бид дөнгөж сая сумдаас тоогоо аваад нэгтгэж байна. Аймгийн хэмжээнд 11800 га талбай дахь 19565 тонн тариа хураасан. Нийтдээ тариа хураалт 19,8 хувьтай байна.

-Өнгөрсөн /уржигдар/ шөнө бороо орсон уу. Үр тарианы хураалтад нөлөөлөв үү?
-Цээл, Угтаал суманд бороо орсон. Уулархаг нутгаараа нойтон цас орлоо. Борооноос болоод хураалтын ажил зогсчихсон байгаа. Ямартаа ч нэг, хоёр хоног ажил зогсох бололтой.

-Хураалтын ажлыг хэзээ дуусгахаар төлөвлөсөн бэ?
-Энэ сарын 10-нд дуусгах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ цаг агаарын байдлаас болоод ажил зогсч магадгүй болчихлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш