Google компани "Google Plus" нэртэй олон нийтийн харилцааны веб сайт ажиллуулж эхэлснээ зарлаад удаагүй байгаа юм. Харин Facebook-н 750 сая хэрэглэгч видео чат хийх буюу дүрсээ харан харилцах боломжтой болсон талаар тус сайтын удирдлагууд саяхан мэдэгджээ. Интернет ашиглан дуудлага хийх боломж олгодог Скайптай хамтран энэхүү нэмэлт үйлчилгээг үзүүлэх юм байна. Хүмүүс Facebook сайт руу орон найз нөхөдтэйгөө чатлах үедээ зарим нэг өөрчлөлт хийгдсэнийг ч мэдэрч болох нь ээ.
Веб камер суурилуулсан компьютер бүхий Facebook –н хэрэглэгчид видео дуудлага хийхийн тулд эхлээд харилцахыг хүссэн найзуудыгаа сонгох хэрэгтэй. Ингээд харилцах цонх гарч ирэх үед хөх өнгөтэй видео тэмдэг дээр дарснаар найзтайгаа дүрсээ харан ярилцах боломжтой болох юм байна.
"Энэ систем өөрөө хоёр хэрэглэгч холбогдсон гэдгийг мэднэ, хоёр хэрэглэгчийн хооронд мэдээлэл дамжуулах шугам нээгдлээ гэсэн үг, тиймээс үүнийг ашиглан видео дуудлага хийх боломжтой болж байгаа юм, өмнө нь видео дуудлага хийхийн тулд хоёр хэрэглэгч хоёулаа Скайпыг татаж суулгасан байх шаардлагатай байдаг байсан, тиймээс миний бодлоор энэ үнэхээр гайхалтай, учир нь бид шилдэг технологийг ашиглаж байна" гэж Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зүкерберг хэлсэн байна.
Одоогоор нэгээс олон хүнтэй видео дуудлага хийх боломжгүй байгаа юм байна. Харин энэ нь Google Plus –ын хэрэглэгчдийн хувьд боломжтой зүйл юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт Google компани олон хүнтэй нэгэн зэрэг видео дуудлага хийх үйлчилгээгээ туршиж эхэлсэн. Facebook ч мөн адил груп чат хийх боломжийг хэрэглэгчиддээ олгох юм байна. Энэ нь Google Plus –ын груп чаттай нилээд төстэй. Нэг найзтайгаа харилцах зуураа видео дуудлага хийх тэмдгэн дээр даран бусад хүмүүстэй ч ярилцаж болох юм байна.
Хамгийн олон хэрэглэгчтэй олон нийтийн харилцааны сайт болох Facebook нэг хэсэг харьцангуй нам жим байсны эцэст ийнхүү шинэ үйлчилгээгээ нэвтрүүллээ.
Facebook ойрын хугацаанд хэрэглэгчиддээ олон шинэ зүйлийг танилцуулна гэж Марк Зүкерберг Калифорнид орших компаний удирдах төв дээр болсон арга хэмжээний үеэр хэлжээ.
Өнгөрсөн зун хагас тэрбум хэрэглэгчтэй байсан Facebook сайт одоо дэлхий даяар 750 сая гаруй хэрэглэгчтэй болжээ.
Э.АМАР