logo
Хэн хэн нь “төрхөмдөө” буцах нь дээ

Хэн хэн нь “төрхөмдөө” буцах нь дээ

2012/10/03
Тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу дүрсэн “үлгэр жишээ”  нэгэн “гэр бүл” салах нь ээ. Эргэж нийлэх хөг нь өнгөрч байгаа бололтой. “Эр нөхрөө” цоожтой хаалганы цаа­на байхад нь “эхнэр” нь сална гэд­гээ мэдэгдэж, нэгэнт сэтгэл ал­дарсан, сэтгэл татагдахаа боль­сон гэдгээ ширүүхэн мэ­дэгд­сэн байна. Энэ “өрх гэр”-ийн хувь заяа цаашид хэрхэх бол. Албан тушаалд дурласан, ам­бицтай “үр хүүхдүүд”  нь са­лал­тыг нь хэрхэн хүлээж авах бол гэдэг сонин байна. Магад­гүй “ээж, аав”-ыгаа дагаж хоёр ху­ваагдаж болох л юм. Нэг гэр бүлийн салах, нийлэх нь ун­шигч таньд хамааралгүй мэт санагдаж байгаа ч улс төр, ал­бан тушаалын төлөөх эрх ашигт нэгдэж, хошуу холбосон  Н.Энх­баяр, М.Энхсайхан хоё­рын “салалт” сонирхол та­тах нь дамжиггүй. Шударга ёс­ны тө­лөө хэмээн гоёж, ээнэг­шин дас­сан, гудамжны улс төр хийж, амби­цалж бай­сан нөхдүүдийн  “ээж, аав” болсон энэ хоёр эрхэм өрх тусгаарлах нь тодорхой бол­жээ. Нэгэн цагт зүү орох зай­гүй нөхөрлөж, багцалсан су­маар эв нэгдлээ илэрхийлж бай­сан М.Энхсайхан хатуухан хэл­бэл Н.Энхбаярыг шоронд нь явуулбал таарна гэжээ. Ин­гэ­хээр нөгөө “Шударга ёс” гэх гоё нэртэй эвсэл яах болж байна. Эвсэл задарвал М.Энх­сай­хан хэн ч биш болно гэж МАХН-ынхан бардам хэлж бай­гаа гэнэ. “Н.Энхбаярын нэ­рийг ашиглаж улс төрд гарч ир­чихээд иймэрхүү байдлаар хан­даж болохгүй шүү дээ” хэмээн ша­ралхах хүн ч цөөнгүй байгаа сурагтай. Гэвч парламентад авсан таван суудлаа салгаж, АН-тай нэгдэж олонхи бүрдүүлэх, эсвэл эвслийн Засгийн газрыг түлхэж унагах нь улс төрд олон жил сайн мууг хийж явсан М.Энхсайханд юу ч биш. Эвсэл байгуулдаг ч эргээд за­далдаг туршлага хангалттай гэд­гийг хэн хүнгүй мэднэ. “Эх орон-ардчилал” эвсэл бай­гуул­сан ч эргээд унагаж бай­сан. Сонгуулиас хойш нэг ч үг дуу­гараагүй явж байсан тэрбээр, давж заалдах шатны шүүх ху­рал болж, Н.Энхбаяр нэгэнт ял авах нь тодорхой болсон үед гэ­нэтхэн гарч ирээд Н.Энхбаяр хэлмэгдсэн гэж бодохгүй бай­гаа, Сангийн сай­даар томи­лог­дох хүлээлттэй бай­сан, бүр юу хийх, ажлаа хаа­наас эхлэх вэ гэдгээ бодчихсон бай­сан, эвс­лийн намуудын эрх ашиг Зас­гийн газарт адил тэгш хан­гагдаагүй тухай, МАХН хэт их амбицалсан учир сэтгэл бу­руул­­сан гэх, одоо нэгэнт сэтгэл та­тагдахаа болж, “хайр” нь хөрсөн талаараа ярилаа. Ядахад яр гэгчээр хөдөлгөөн бүхнийг нь хянаж байгаа Н.Энхбаярын “бие төлөөлөгч” О.Цолмон нөх­­рийн­хөө эзгүйд “Шударга ёс” эвслийг удирдаж байхдаа М.Энх­сайханы зэвүү, дургүйг зэ­­рэг хүргэж, амаа хамхин байж хү­лээж байсан Сангийн сай­дын сууд­лыг нь өөрийнхөө на­мын “үнэнч туслах”-д өгсөн нь даарин дээр давс нэмсэн хэрэг болсон гэх. Мөнхийн эрх аш­гийн төлөө нэ­гэн дээвэр дор ижил­дэж байсан Н.Энх­баяр хэ­мээх “number one” одоо М.Энх­сай­ханы сонирхдог “га­ннам стайл” биш болсон уч­раас эв­сэл задрах нь тодорхой бо­­лол­­той. Эвсэл задарлаа гээд М.Энх­­сайхан хохирч үлдэхгүй. Ал­бан тушаалын төлөө нэгдсэн ч хүссэн зүйлийг нь өгөөгүй учраас тэр дараагийн нүүдлээ хийхээр зэхэж байна. Дараагийн нүүдлээ тэр аль хэдийнэ бодсон байгаа. Бүх юм Н.Энхбаяртай нэгдсэнээр  дуусаагүй, албан ту­шаалын төлөө л мөнхийн дай­сантайгаа “шүд зуун” хамт амьдарч байсан гэдгээ зар­лаж, энэ цагт эрх мэдэл өгч ча­дах эцсийн найдвар болсон АН-ын­ханд “хайр” зарлалаа. Өөрөөр хэлбэл, цагдаа шүүхэд шал­гагдаж байгаа МАН-ын за­рим нөхдийн хэрэг тодорхой болж гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн тохиолдолд АН-ын суудлын тоо нэмэгдэнэ. “Шу­дарга ёс” эвсэл хоёр задарч М.Энх­сайханыг Г.Уян­­га, Л.Цог, Н.Бат­цэрэг, Д.Бат­­цогт нарын гишүүн нь дагалд­вал АН-тай эргэн нэгдэж олон­хи бүрдүүлж, засгийн эр­хийг бүрдүүлэх бүрэн боломж бай­гааг М.Энхсайхан олж харсан бай­хыг үгүйс­гэх ар­гагүй. Харин Ц.Цол­мон өчигдөр МАХН руу орсон нь тэд нэг то­гоонд багтахаа болсныг илт­­гэ­сэн хэрэг болов уу.
Харин одоо Н.Энхбаярын буянаар албан тушаалтай бол­сон нөхдүүд Н.Энхбаяр, М.Энх­сай­­хан хоёрыг дагаж хуваагдах болов уу. Аль алины нөхдүүд даргынхаа үгийг дагах учиртай. Нөх­цөл байдал хүндэрвэл МАХН-ын гэх хэдэн албан ту­шаал горилогчид эзнээ дагах уу, суудалдаа үлдэх үү гэсэн том ацан шалаанд орж дээ.
Энэ л өнөөдрийн сэдэв, хүн бү­рийн амны зугаа болж байна. Хэр­вээ АН олонхи бүрдүүлэх нөх­цөл нь М.Энхсайханы тус­ламж­тай бүтчихвэл  М.Энх­сай­хан мөрөөдөл болсон Сан­гийн сай­дын суудлаасаа ч томыг авах тал­тай. Эвсэл за­дар­сан тохиол­долд МАХН-ын нөх­дүүд хоосон хо­цорч, харин МҮАН-ынхан суу­­дал­даа үлдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, АН хамтарсан Зас­­гийн газар байгуулах гэрээ бай­­гуулахдаа Н.Энхбаяр, М.Энх­сай­хан гэж хувь хүмүүс түү­ний ша­дар гишүүдтэй бус “Шу­дарга ёс” эвсэл гэсэн субьект­тэй бай­гуулсан учраас эв­сэл задрахад хэн нь үлдэж, хэн нь гарах нь АН-д огтхон ч хамааралгүй нь мэдээж. Эц­сийн дүндээ АН угшил нэгт МҮАН-тайгаа нэгдэж олон­хийг бүрдүүлж, засгийн эр­хийг атгачихвал хог дээр га­рах шахаад байгаа МАХН юу ч биш болж үлдэхгүйн тулд МАН-тай нэгдэхээс өөрцгүй гэ­сэн мессеж нийгэмд тараад бай­на. Угаасаа МАХН-тайгаа ойр­тох гэж МАН зарим нөхдөө ил­гээж байгаа гэдэг ортой байж ч магад. МАХН-ынхан эвс­лийн Засгийн газарт анх орж ажиллахдаа тийм ч удаан нас­лахгүй Засгийн газар болов уу гэж ярьж байсан гэдэг. Тэд МАН-тай нэгдэж, МҮАН-ыг “жийж” засгийн эрхийг авах далдхан хүслээр төрд шур­гал­сан ч намын дарга нь авраг­да­хаас өнгөрсөн энэ үед эргээд М.Энх­сайханд далаараа цэвэр та­виулж байгаа бололтой. Одоо улс төрийн “жүжиг” тун со­нир­холтой өрнөж байна. Ха­туу­хан хэлэхэд наранд байгаа М.Энхсайхан хожиж, нарсанд суугаа Н.Энхбаярын хохь болох нөхцөл байдал үүсчээ. Эвслийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа задарч, АН-МҮАН-ын Засгийн газар бүрдэж, МАХН-МАН-ын сөрөг хүчин бүр­дэх нигууртай гэж үзэж байгаа ч нөх­цөл байдал тэр хүртэл удаан тэ­сэх үү, нөхөн сонгууль болон ээд­рээтэй байгаа суудлуудын мар­гаан шийдэгдэхэд нэг мөсөн цэг тавигдаж өндөрлөх үү гэдгийг хү­лээх л үлдлээ. Улс төрд юм юм өрнөх нь тодорхой болжээ. Цааш­даа бүүр ч сонирхолтой болно. Ер нь АН Засгийн газраа эвс­­лийн гэж тодотгоогүй, шинэч­лэлийн гэсэн нь холыг харсан байж мэдэх. Эвслийн гэсэн байсан бол унахгүй юу. Шинэчлэлийн гэсэн болохоор хэдэн хүн шинэчлээд л амь бүтэн үлдэх гэсэн утгатай байв уу. Санаа гэж…

Б.Өнөртогтох Эх сурвалж: www.mminfo.mn/content/35324.shtml
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш