logo
Испанийн иргэд засгийн газраа эсэргүүцэн дахин жагслаа

Испанийн иргэд засгийн газраа эсэргүүцэн дахин жагслаа

2012/10/04
Испанийн иргэд засгийн газрынхаа бүсээ чангалах бодлогыг эсэргүүцэн жагссан нь сүүлдээ эмх замбраагүй байдал болон хувирч жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон. Тэгвэл эсэргүүцлийн жагсаал, суулт үргэлжилсээр байна. Европын Холбооны шахалтаар Испанийн эрх баригчид эдийн засгийн хатуу бодлого баримталж эхэлсэн нь ийнхүү олны эсэргүүцэлтэй тулгараад байна. Цагдаа нар өнгөрсөн мягмар гаригт эсэргүүцлийн жагсаалд оролцон эмх замбраагүй байдал үүсгэсэн 30 орчим жагсагчийг  баривчилжээ. Жагсагчид болон цагдаа нар өдрийн цагаар тайван бие биенээ ажигласан шинжтэй байсан бол орой болонгуут дахин мөргөлдсөн байна. Испанийн хувьд Европын Холбооны гишүүн улс. Тиймээс Европын Холбооны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Европын төв банкнаас зээлсэн олон тэрбум долларын өрөө барагдуулах шаардлагатай болоод байгаа юм. Гэсэн ч угаасаа эдийн засгийн өсөлт байхгүй, олон хүн ажилгүй болоод байгаа дээр нь халамж болон цалин тэтгэвэр хассан нь дундаж давхрагынхныг сөхрөхөд хүргээд байгаа юм. Засгийн газрын гаргасан судалгаагаар энэ жил л гэхэд нийслэл Мадрид хотод 1900 орчим эсэргүүцлийн цуглаан болжээ. Дахиад ч засгийн газрын бодлого шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал цуглаан болох шинжтэй байна. Испани нь газар нутгийн хэмжээгээр Европдоо 4-т тооцогдох том газар нутагтай. Эдийн засгийн хэмжээгэээрээ дэлхийд 12-рт ордог.  Европдоо 5-рт орох том эдийн засагтай. Тиймээс Испанийн эдийн засаг ганхвал Европын Холбоог тэр чигт нь хөмөрчих аюул нүүрлээд байгаа. Тийм учраас Европын Холбоо Испанийн эдийн засгийг аль болох хөмрүүлчихгүйг хичээж их хэмжээний зээл олгосон. Эдийн засгийн хэмнэлттэй хатуу бодлого баримталж өрөө бууруулахаар чармайж эхэлсэн нь иргэдийн нуруун дээр хүнд ачаа үүрүүлсэн хэрэг болж байна.           
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш